images

Герман хүмүүжил


Ардын уран зохиолч Бөхийн Бааст

     1952 он шиг санаж байна. Бид хоёр гудамжинд тааралдав. “Цог” сэтгүүлд түүний “Алтан шүдэт” өгүүллэг хэвлэгдсэн юм байж. Д.Намдаг гуай Зохиолчдын хороо орж өгүүллэгийнхээ шагналыг авах гэж явсан нь тэр байжээ. Намдаг гуай “Үгүй одоо би яана аа. Чамайг дайлмаар байдаг. Гэтэл чи миний хэтэвчийг хар. Ердөө тавин төгрөг” гээд булан нь урагдсан хэтэвчээ харуулав. “За тэр яахав, би таныг дайлъя” гэтэл, “Болохгүй. Аливаа юм ээлж дугаартай. Хоёулаа Зохиолчдын хороо оръё” гэнэ. Ингээд хоёулаа Зохиолчдын хороо ороод нягтлангаас 172 төгрөг хүлээж авлаа. Тэднийд очихоор болов. Гэр нь тэр үед Төмөрийн заводын ажилчдын байранд байлаа. Замдаа дэлгүүрээс зуу зуун грамм мах, төмс авлаа. Аманд ч үгүй, хамарт ч үгүй иймхэн юмаар яаж хоол хийдэг байна аа гэж бодож явлаа. Мань хүн гал тогоо руу орон гаран ам хуурайгүй юм асууж лавлан, улаан тамхиа ороож уугиулсаар байв. Удалгүй цалгай том шаазангаар шөлтэй хоол, мантуутай бариад ирлээ. Бас болоогүй нэг шил хар пивотой. Иймхэн юмаар яаж хоол хийнэ гэж чамлаж байсан би арайхийж хоолоо барлаа. Пиво ч сайхан даруулга болов. Ингээд би “Та яльгүй л юмаар барахгүй их хоол хийх юм аа. Тэгээд таны хоолны амт шимттэйг яана. Та хаана ингэж сайхан хоол хийж сурав” гэсэн чинь, “Өнөө гайхал герман хүмүүжил. Өөр юу байхав” гэж билээ.