images

Лувсанбалдан лам


     Гандантэгчинлин хийдэд сууж байсан энэ лам бол орон шоронд хилсээр орсон лам нарын нэг юм. Түүний хоригдож байх үед буюу улс хувьсгалын 25 жилийн ой болж байсан 1946 онд бололтой. Тэр үед Улаанбаатар хотын урд орших Богдхан уулын ар талын Зэндмэнэ хэмээх толгойн ар энгэрт "Соёмбо" тэмдгийн доор ойн тоог чулуугаар өрж тэмдэглэсэн бөгөөд төв талбайд Д.Сухбаатарын хөшөөг босгож, хоригдлуудын нормд өгдөг улаан тамхийг ахиухан өгсөн юм байна. Жир үед нэг боодол дүнсэн тамхийг дөрвөн хүнд хувааж өгдөг байсан бол наадмаар хоёр хүний дунд нэг дүнсэн тамхи өгчээ. Тэр үеэр наадмын уриа лоозон мэдээнд "Ардын хувьсгалын 25 жилийн ойн яруу алдар мандан бадартугай" гэх зэргийн уг байсан бололтой. Шоронгийн хоригдлууд Лувсанбалдан гуайгаас "Хувьсгалын мандсан туяа танд яаж мэдэгдэв?" гэсэнд "Ай, хүү минь, тэр хувьсгалын улаан туяа чинь улсын төв талбайд нэг тусаад, урд уулын ар дээр нэг тусаад, улаан тамхины буланд нэг тусах шив дээ" гэж хэлсэн гэдэг.