images

Тэгэхэд би амьдралдаа анх удаа уйлж билээ


Төрийн зүтгэлтэн Ц.Лоохууз гуайн дурсамж

     1964 оны МАХН-ын 6 дугаар бүгд хурлаар миний бие нам төрийн удирдлагыг шүүмжилсэн, намын эсрэг бүлэг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан нутаг заагдав. Ингээд Өвөрхангай аймгийн Сант, Хархорин суманд, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд мал хариулж, гахай шувуу маллаж хүртэл үзлээ. Монгол гэрт эхнэр бид хоёр дөрвөн хүүхэд, хөгшин эх, эгчийн хамт суудаг байв. Яваандаа өөрийн малтай болсон боловч хөдөө мах сүүгээ бараг борлуулах аргагүй байлаа. Гэтэл ар гэрээ тэжээх хэрэгтэй байдаг. Би арьс элдэж, хээтэй гөлөм хийж, хусны үндсээр хөөрөг сийлж, мөнгөөр үндэсний хээ угалзтай ээмэг бөгж дархалж эхэлсэн. Энд тэндээс захиалга ч ирэх боллоо. Тэгтэл намайг хувийн арилжаа наймаа эрхэлсэн гээд буруутгаж орхилоо. Цааш цөлөх газаргүй учраас намайг Улаанбаатараас 200 километрт орших Бэрлэгийн засан хүмүүжүүлэх колонид хуяглан хүргэв. Шоронд би найман жил болсон. Тэгээд шоронд талх авчирж өгөхөд нь болсон хэсгийг нь идээд, болоогүй түүхий хэсгийг нь ухаж аваа түүгээр шатар хийгээд, ширээн дээрээ шатрын хөлөг зурж байгаад шатар тоглоно. Бүр өлсөөд болохгүй бол нөгөө шатраа идчихнэ.

     Хоригдох хугацаа, нутаг заагдах хугацаа дуусахад овоо горьдлого найдвар төрж гэр бүлээрээ урам зоригтой Улаанбаатарт ирлээ. Гэтэл хотод биднийг хэрэгсэх хүн байсангүй. Бид хотын паспортгүй, нийслэлд удаан байхыг бидэнд зөвшөөрсөнгүй. Намын дарга нарын ой ухаанд би нөгөө л “намын эсрэг бүлгийн удирдагч” хэвээрээ байсан юмсанжээ. Би арга мухардахдаа хүндхэн шийдвэр гаргаж ар гэрээ хаа нэгтээ төвхнүүлж үлдээгээд өөрөө Говь-Алтай аймгийн Чандмань сумандаа очъё гэж санаа шулуудав. Эцсийн эцэст энэ засагт миний толгой хэрэггүй юм бол амьтан хүнд одоохондоо миний гар хэрэгтэй байна шүү дээ л гэж бодсон. Аз болоход энэ хоёр гар минь жаахан юм хийж чаддаг байлаа. Салж явахаасаа өмнө бид хамгийн гоё хувцсаа гаргаж өмсөөд гэр бүлээрээ дурсгалын зураг татуулсан. Хүн бүр нэг нэг зураг авсан. Зураг болгон дээр нь би хэдэн үг бичсэн. Тэгэхэд би амьдралдаа анх удаа уйлж билээ. Дөрвөн жилийн дараа улс оронд өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзсэн тэр үед бид Улаанбаатарт эргэж нийлсэн дээ. Би Улсын их хурлын депутатаар сонгогдож Монгол дахь Хүний эрхийн комиссыг даргалах болсон. Одоо би ирээдүйг өөдрөг сэтгэлээр харж байна.

Леонид Шинкарев. “Цэдэнбал, түүний цаг үе” номоос