images

Ц.Дамдинсүрэн гуай Европын түүхчдийг зад шүүмжилсэн нь


     1962 оны 5 дугаар сард Монголын зохиолчдын эвлэлийн 3 дугаар хурал болов. Энэ хуралд дөчөөд хүн үг хэлж, нэг хүнийг тахин шүтэж байсан үеийн утга зохиол, урлагт учирсан гай гамшгийн талаар голлон ярьцгааж байв. Ц.Дамдинсүрэн гуайн үг хэлэх ээлж боллоо. Тэрбээр үгээ намуухан эхэлснээ ярих тусам ам халлаа. “Монголын дунд сургуульд Македоны Александр, Францын Наполеон, Оросын Суворовыг сурагчдын чихийг дөжиртөл заадаг хэрнээ Монголын их жанжин, нэгдсэн Монгол улсыг байгуулсан Чингис хаан, баатар эмэгтэй Мандухай нарын тухай шивнэж ч хэлдэггүй нь харамсалтай. Европын дээрэнгүй түүхчид Александр, Наполеон нарыг магтахдаа амнаас нь хөөс бурж байдаг. Азийн хүн Чингис хааны тухай ярихаараа уруул нь жимийж, шүд нь зууралдаж байдаг. Тийм түүхчдийн үгийг тоть шиг давтаж болохгүй” гэв. Хурлын завсарлагаанаар зохиолчид “Дамдинсүрэн гуай ч ёстой зоригтой авлаа даа”, “Гэхдээ арай дэндүүллээ”, “Үгүй үнэн шүү дээ”, “Мань хүн Европын түүхчид гэж Зөвлөлтийнхийг хэлЛээ” гэх мэтээр ярьцгааж байж билээ. 

Г.Жамсранжав. “Миний хувь тавилан” номоос