images

Гэсэр ламын гэрээслэл   


     Гэсэр лам жанч халахынхаа өмнөхөн “Манай нутаг усныхан намайг үеийн үед мартахгүй дурсан санаж явбал Шамбалын дайнд мордохдоо намайг сураглаж уулзана биз ээ. Би тэр дайнд Базаррагчаа баатар нэртэй цэргийн жанжин байх юм. Энэ Жавчиг миний морь байх юм” хэмээн айлдаад “Миний  шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай. Би тэнд улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин, зовлон гачаал тохиохгүй, идэж уухаар элбэг, амар амгалан аж төрнө” гэж гэрээслэл захиасаа хайрласан гэдэг. Гэсэр ламтныг таалал төгссөний дараа тав хоноод Жавчиг нь насан өөд болсон ажээ. Жавчиг гэдэг нь Сэрээтэрийн Дисдаабазарын хуланц өвөө нь байсан бөгөөд ан гөрөө хийдэг Монгол, Оросын хилийн харуулд тохоон томилогдож явсан төрийн хар хүн байжээ. Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсны дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой аграмба Санжжав ламтныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи, бороо цасанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байна. Тэр ч бүү хэл 1960, 2000 оны намар гарсан хээрийн түймрийн их гал хоёр ламтны шарилыг тохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан дуулсан бүхэн гайхан биширч, их ламтны шарилыг онголсон цэнхэр уулсын зүг Гэсэр ламтныг үе дамжин шүтсээр ирсэн уугуул нутаг хошууныхан тасралтгүй цувсаар байсан ажээ.