images

Хулгайд сэрдсэн нь


     Их Хүрээний Хувилгааны аймгийн Дашдорж гуай Хүрээний нэгэн унзад ламыг хулгайч гэж олонд зарлажээ. Хулгайд сэрдэгдсэн лам ихэд гайхан "Би Дашдорж гавж гуайн юуг ч аваагүй" гэж хэчнээн хэлээд нэмэр болсонгүй. Ингээд дараа жилийн Цагаан сараар Дашдорж гавж олон лам нарын дотор хадаг гарган нөгөө ламд бариад "Таныг хулгайд сэрдсэнийг минь өршөөгөөрэй. Та огт гэмгүй хүн” хэмээн хэлжээ. Хожим Дашдорж гуайгаас юуны учир тэр унзадыг хулгайд гүтгэсэн болохыг асуусанд "Дэндүү нэр цэвэр хүн учир дагинас авч явах гээд байсан тул нэрийг нь сэвтүүлэн авч үлдсэн юм” хэмээж гэнэ. Дагинас авч явна гэдэг нь нас, биед нь цөв орох буюу зуурдаар өнгөрөх гээд байсан тул ийн аргалсан ажээ.

Эх сурвалж: www.buddha.mn