images

Орлойн цагаан амбан


Орлойн цагаан амбан хэмээх түүхэн хүний талаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 90 настай иргэн Г.Аюуш ингэж хуучилжээ.  

    Орлойн цагаан адуу нь Орлойн цагаан амбан гэх хүний нэрээс улбаалж үүсжээ. Баяндэлгэр сумынхныг илүүтэй Орлойнхон гэдгээр нь таньж мэддэг бөгөөд Өвөр Монголын хошууд, Төвөд хүртэл энэ нэр түгсэн байна. Орлойн цагаан амбан нь тухайн үеийн ард олныг захиран суугч Донров хэмээгч байсан бөгөөд түүний талаар ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн судлаач Ц.Гочоо 1962 онд  Дарьгангад хээрийн судалгаагаар явж байхдаа цөөнгүй баримт цуглуулжээ. Түүний судалгаанаас үзвэл Орлойн цагаан амбан гэгч нь бичээч хүн байж. Хоёр хүний хоорондын маргааныг ч жижиг гэлтгүй шийдэж явсаар Мэргэн цагаан амбан гэгдэх болсон бөгөөд хулгайч нарыг үздэггүй хүн байсан гэдэг. Шанзавын яаманд очиход хүртэл Цагаан амбан гэж их хүндэлдэг байжээ. Тэрбээр Дарьгангын бүгдийн тэргүүнээр 35 жил ажиллаад хүүгээ угсаа залгамжлуулах гэсэн боловч чадаагүй гэнэ. Түүний нас барсантай холбоотой маш олон мэдээлэл байдгаас тухайлбал, Орлойн цагаан амбанг Бээжинд есен зоосоор сүвлэж хороосон ч гэж байдаг ажээ. Өөр нэгэн мэдээгээр амбаныг өөд болоход нутгийнхан нь түүний эрдмийг уул усандаа шингээж авна гээд жижигхэн цагаан овооны ойролцоо цогцосыг чандарлан оршуулсан гэдэг.

     Нэг удаа Орлойн цагаан амбан Бурханы орныг зорихоор Өвөр хошууны хилд саатаж өглөө эртлэн өндөр газраар бараадаж явахад зүүн дэнж дээр ганц хар овоохойноос нэг эмэгтэй хүн орж гараад байсныг ажиглажээ. Тэгээд түүнийг "Зовлонд учирсан хүн байна" гэж ухаарч “Би удахгүй хойноос чинь очно" гээд хөсгөө явуулчхаад тэр айлд очтол ядуу айл байв. Орлойн амбан түүнд хандан "Би явуулын хүн. Эмэгтэй жаахан зовлонд орооцолдоо юу. Өвгөн ахаасаа нуух юм байхгүй. Танай гэрийн хүн хаачсан бэ?" гэхэд "Бид ядуу хүн. Хошууны ноёны мал хариулж байсан. Нэг хонь нуугаад идсэн чинь өнөөдөр ирж байцаана гэнэ. Тэгээд гэрийн хүн оргоод явсан" гэхэд, Орлой "Толгой, шийр нь байгаа юу. Сандарсны хэрэггүй махыг нь жаахан чаначих. Арьсыг нь аваад зуухан доор хийчих" гэж бэлдүүлжээ.

    Удалгүй нөгөө ноён, арваад дагуултайгаа ирж нэгжих гэхэд нь амбан "Эзнийхээ малыг идсэн тоогүй хэрэг байна. Сайн шүүх хэрэгтэй. Би гэрч болъё. Хэрэв энэ айлаас нэгжээд гарахгүй бол та морио хэрэглэлтэй нь орхиод яв. Тиймээс морио баруун талын гэрийн бүслүүрээс уячих” гэж тохирчээ. Мах чанаж ноёнд барихад тэр дагуулуудтайгаа идээд, нэгжих ажилдаа орох болжээ. Тэндээс "Идээ эзнээ таньдаггүй" гэж үг гарсан гэдэг. Тэгээд амбан "Нэгжиж олоогүй тул за ноён хүн байж албатаа хардах буруу. Иймээс энэ морийг эмэгтэйд өгч болох уу?" гэж асууж ёсоор болгожээ. Явахдаа "Танай ноён нэлээн буцуул залуу хүн байна. Эргээд ирвэл Орлойн цагаан амбанд хэлээд аваарай гэж хэлээрэй" гэсэн гэдэг. Түүнээс хойш тэр ядуу зүдүү айл их дэвжиж баяжсан байдаг. Орлойн амбан ядуу  хүмүүсийг хамгаалсан энэ мэт жишээ олон байдаг ажээ.

Т.Билэгсайхан. "Монголчуудын аман түүхийн судалгаа" номоос.