images

Газар товчилдог өвгөн


     Нэгэн тээврийн жолооч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт чиглэлийн замд явж байтал нэг өвгөн гар өргөсөн байна. Зогсолгүй давхисаар Түйн гол орж иржээ. Гэтэл нөгөө өвгөн голын нөгөө эрэгт суучихсан “Сайн явж ирэв үү?” гээд гар даллаж байсан гэдэг. Тэр хүн Эрдэнэцогт сумынх. Ой хамгаалагч, манаач зэрэг ажил хийж байжээ. Хулгайгаар мод хийдэг хүмүүс мод ачаад хөдлөх гэтэл машин унаа нь хөдлөхгүй болчихдог, тийм шидтэй хүн байжээ. Нэг удаа тэр өвгөн мод бэлтгэж байгаа хүмүүсийн тогоочоор ажиллаж байжээ. Гэтэл нэг өдөр хүмүүсийн цайны боорцог нь алга болж гэнэ. Хүмүүс "Энэ муу өвгөн л нуугаад идчих шиг боллоо. Эсвэл цаашаа хүн амьтанд өгчихөв үү яав?" гээд хардаад байсанд тэр өвгөн “Та нар намайг авлаа гэж бодож байна уу? За яахав, эзэн нь удахгүй олдох байх аа” гэжээ. Тэгсэн чинь тэдний дотор ажиллаж байсан нэг хүний гарт нөгөөх боов боорцогноос наалдчихсан, огт салахгүй байсан гэдэг. Тэр хүн ч боорцог хулгайлснаа хүлээжээ.