images

Хоёр тэнэмэлд морио өгсөн өвгөн


     Нэг ядуу барлаг өвгөн байжээ. Амь зуухын эрхэнд ганц морио эмээллэж мордоод ойрын нэгэн хийдэд очиж жасын адуу маллая гэж гуйхаар явжээ. Ядаж айраг цагааг нь хүртээд байж болох юм гэж боджээ. Ийм горьдлого тээсэн өвгөн даваан дээр гарчээ. Тэгээд хартал замаар хоёр явган хүн явна гэнэ. Тэр хоёр дээр ажиг сэжиггүй дөхөөд очтол нөгөө хоёр өвгөн рүү ухасхийж эмээл дээрээс нь татаж буулгаад морийг нь булаах санаатай ноцжээ. Гэвч өвгөн угийн бяр тэнхээтэй тул нөгөө хоёр тэнэмлийг савж унагаад сураар хүлээд авч. Гэтэл нөгөө хоёр нь шоронгоос оргосон хулгайч байсан юмсанжээ. Хүрэх газар нь хол тул ядарч зүдрэхийн эрхэнд өвгөний унаанд шунасан нь тэр байсан хэрэг. Өвгөн тэр хоёрын үгийг сонсоод “Та хоёр үнэхээр надаас илүү зовж яваа юм байна. Морь минь та хоёрт илүү хэрэгтэй юм байна” гээд нөгөө хоёрын хүлгийг тайлаад, бас мориныхоо эмээлийг авч жолоог нь нөгөө хоёрт атгуулаад өөрөө эмээлээ үүрэн хийд рүүгээ яваад өгч гэнэ. Хоёр тэнэмэл өвгөнд талархаад морийг нь унан замаа хөөн одсон байна.

   Хэдэн жил өнгөрсөн хойно өвгөнийд хоёр танихгүй эр гучин шилмэл адуу туун иржээ. Өвгөн тэр хоёроос хэрэг зоригийг нь асуухад “Бид хоёр таныг удаан хайлаа. Та даваан дээр хоёр тэнэмлийг өрөвдөөд ганц морио өгч явуулснаа санаж байна уу? Энэ гучин шилмэл адуу одоо таных” гэсэн гэдэг. Энэ хууч яриа бол монгол хүний сэтгэлийг тусгаж байгаа юм. Монгол хүн бол үнэхээр ганц морио харамлахгүй өгч чадна.  

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хууч