images

Гачин лам


Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат 92 настай Г.Сүхбат 2003 онд ийн ярьжээ.

     Манай аавыг Мугуйд Гэндэн гэдэг байв. Гачин багшийн хонийг хариулдаг байжээ. Нэгэн удаа Гачин багш хэдэн эр хонь аваад ир гэсэн тул Баянтээгийн өндөр толгойгоос цөөн хэдэн хонь энэ Түйн гол хүртэл туугаад иржээ. Намар оройхон болж байсан цаг, Түйн гол арай хөлдөөгүй үе байжээ. Гэтэл Түйн голоор нөгөө хэдэн хонь чинь гарна гэж байдаггүй гэнэ ээ. Гол үзээгүй шахуу хоньд чинь ус руу ордоггүй юм байна. Тэр үед Түйн гол мөхөөлдөөд зайрмагтчихсан байсан юм байх. Ингээд хонь нь голоор гарахгүй болохоор уур нь хүрч, "Хөөе, Хавчиг Тангад чи энэ хонио ав!" гэж багшийгаа дуудсан юм гэнэ. Тэгсэн нэг хар нүдэн хонь ухас гээд ганцаараа гол руу ороод бусад хоньд нь хойноос нь дагаад орлоо гэнэ. Тэгээд хонио туусаар Гачин багшийн хийдэд хүрч дээ. Тэр үед Гачин багш гурван дуганыхаа аль дуганд заларч байсан юм мэдэхгүй юм. Багшийнхаа өргөөнд орсон чинь багш нь инээгээд байна гэнэ. Тэгж тэгж "Чи ч их л зүдэрч ирэх шив дээ" гэж байсан гэнэ билээ. Өнөө өөрийг нь Хавчиг Тангад энэ тэр гэж дуудсаныг нь мэдээд инээд нь хүрээд байсан юм байх л даа.

     Тэр Гачин лам чинь Монголд залагдаж ирсэн хувилгаан лам байсан юм. Далдыг мэддэг сүрхий лам. Тэгээд манай аавын хэлсэнийг далдыг мэддэг увдисаараа мэдсэн хэрэг байж л дээ. Ер нь манай аавд их сайн ханддаг байсан юм гэдэг. Ганц луустай цөөхөн тооны адууг манай ааваар маллуулдаг байжээ. Одоо энэ шинээр тодроод байгаа Гачин лам Ринчинсамбуу бол миний том ахын зээ хүү байгаа юм. Магадгүй тэр урьдах дүрийн Гачин лам аавд минь сайн ханддаг байсан учраас манайхны удамд төрсөн байж мэдэх юм даа гэж би бодож суудаг юм.

“Монголын Бурханы шашны аман түүх 3” номоос

Зураг дээр: Гачин ламын хийд