images

Найруулагч Б.Баатар


 Монголын театрын нэрт найруулагч Б.Баатарын талаар кино судлаач Д.Мягмарсүрэн саяхан ийнхүү дурссан байна. 

   “1975 онд миний бие Ленинградын театр, хөгжим, киноны дээд сургууль дүүргэж ирээд Үндэсний радиогийн “Хөгжмийн эгшигт хайрцаг” нэвтрүүлгийг хариуцан хийхээр болсон юм. Хүүхдэд зориулсан уг нэвтрүүлгийг хөтлөх хүүхдийн эрэлд гарч нийслэлийн олон сургуулиас эрэгтэй эмэгтэй сурагчдыг сонгон шалгаруулахад Нийслэлийн арван жилийн III сургуулиас нүд нь гялалзсан, сэргэлэн байрын туйлын золбоолог хүү тэнцэж байсан нь Баярцагааны Баатар байж билээ. Тэгэхэд Б.Баатар маань 8 дугаар ангийн 16 настай сурагч байж дээ. Энэ үеэс эхлэн бидэн хоёрын хувь заяа соёлын нэгэн цэг дээр огтолцсон нь учиртай. Тухайн цагт “Хөгжмийн эгшигт хайрцаг” хот хөдөөгийн мянган мянган хүүхдүүдийн сонсох дуртай нэвтрүүлэг нь болж байлаа. Энэ нэвтрүүлгийн эхлэл хөгжмийг УГЗ, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимиддорж гуай бичсэн нь хүүхэд багачуудын насны онцлог, оюун сэтгэхүйд онцгой нийцсэн бүтээл болсон юм. Тэгээд ч хүүхдүүдийн сэтгэлийг өөрийн эрхгүй эзэмдэх увидастай уянгалаг уг хөгжмийн дэвсгэр “Хүүхдүүд ээ! “Хөгжмийн эгшигт хайрцаг”-аа сонсоорой!” гээд л Б.Баатарын маань дуу цангинадагсан... Ер нь түүний хоолойн тембр, өнгө угаасаа цоглог. ”Чи үнэхээр сайхан хөтлөх юм аа” гэхэд “Ах аа, би чинь том хурал, ёслолын үеэр пионеруудын өмнөөс рапорт, тангараг уншдаг хүүхэд шүү дээ” гэдэгсэн...

   Ингээд хоёр жилийн дараа 1977 онд Б.Баатар маань 10 дугаар ангиа төгссөний дараахан нэг өдөр над дээр санд мэнд орж ирлээ. Би тэгэхэд Монголын радиогийн Уран зохиол, соёлын редакцийн хариуцлагатай редактор, нэг үгээр даргын албан тушаалд дэвшээд байв. Манай хүн “Мягаа ах аа, би тантай нэг юм зөвлөхөөр ирлээ” гэхээр нь “За яав, юу болоов?” хэмээхэд “Сургуулиа амжилттай төгсчихлөө. Хуваарь маань Чех улсад инженер мэргэжлээр суралцахаар гарчээ. Гэхдээ би тийшээ явмааргүй байна” гэв. Миний хувьд гайхлаа. “Юу гэсэн үг вэ? Баатар минь. Европын өндөр соёлтой тэр газар суралцана гэдэг чинь хэн бүхэнд олдоод байдаг завшаан биш. Ингэж болохгүй. Чи тийшээгээ явах ёстой. Ийм сайхан боломжийг алдах хэрэггүй шүү” гэсэн чинь мань хүн “Би өөрөө хүсэхгүй байна л даа. Миний мөрөөдөл урлагийн л хүн болмоор байна. Намайг та л ойлгож тусална гэж тань руу зорьж ирлээ” гэх нь тэр... Яаж ч ятгаад, сэнхрүүлэх гэж оролдоод Баатрыгаа дийлсэнгүй. Ингээд Монголын радиогийн дарга Н.Мятав гуайдаа орж хэллээ. Н.Мятав гуай ч гайхснаа ухаантай хүн болохоороо “Их сонин хүүхэд байна шүү. Түүний хүслийг хүндэтгэх хэрэгтэй. За байз, одоохондоо байгууллагадаа ажилд оруулаад дараа жил нь найруулагчийн мэрэгжлээр гадаадад явуулья л даа. Чи энэ асуудлыг өөрөө хариуцаж сургууль соёлыг нь хөөцөлд!” гэдэг юм байна. Тэр үед би Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны Уран сайхны зөвлөлийн гишүүн нь санаатай. Өөрийнхөө байгууллагын нэр дээр гадаадад соёл урлагийн сургуульд явуулах хүмүүсээс шалгалт авах комиссын нэг гишүүн байв. Ингээд Н.Мятав дарга маань манай байгууллагын нэг салбар болох “Телекино” үйлдвэрт туслах ажилтнаар оруулсан юм. Хоёр жилийн дараа миний бие өөрөө мэргэжлийнх нь шалгалтыг авч Б.Баатарыгаа 1979 онд Украины Киев хотын Театрын урлагийн дээд сургуульд мордуулж билээ.

   Б.Баатар маань үнэхээр зорьсондоо тууштай зогсдог, өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй, бүхнийг өөрийнхөөрөө шийддэг, дэндүү шударга шулуухан зантай, ер бусын авъяаслаг найруулагч хүн байлаа”.

Эх сурвалж: https://www.facebook.com/myagmarsuren.demchigdorj