images

Хошуу нутагт тохиосон гайг дарав


     Нэг жил хошуу нутагт ган зуд нүүрлэж гай барцад ихсэв. Мэргэд дээдсээс асуувал “Зүүн өмнө зүгээс хараал хорслын хор нэвтэрч иржээ. Түүнийг арилган дарж чадах хүн Гэсэр лам гэж төлгө буув” гэсэн байна. Ингээд Гэсэр лам шавь нарын хамт зүүн өмнө зүгт орших нэгэн сүрлэг хайрхны зүг хөдөлжээ. Аяны хөсөг болох арваад үхэр тэргэнд майхан халх, заримд нь хуурай өвс ачиж явахад зарим шавь нар гайхсан боловч багшийн үгийг зөрөх аргагүй тул чимээгүйхэн л даган явж. Гэсэр лам хайрхны зүүн суганд буугаад нэг майхныг эзгүй барьж нөгөөд нь шавь нарын хамт суун гурав хоног ном уншив гэнэ. Гуравдах өдрийн өглөө эрт хайрхны оройд гарч алсын барааг харуулдан суутал гэнэт нялх хүүхэд уйлах сонсогджээ. Шавь нар нь гайхан эргэн тойрны хадыг нэгжин эрсээр хадны нөмрөөс нэхий өлгийд боодолтой хөөрхөн хүүхэд олж ирсэнд Гэсэр лам “За наад хүүхдээ нөгөө эзгүй майханд оруулаад тулганд гал түлж дулаацуулаад орхи” гэжээ. Шавь нар хэлсэн ёсоор болговол “Та нар намайг дуудахаас нааш ойртож болохгүй. Тус тусдаа өөр өөрийн унших номыг уншиж майхандаа гал түлж хоноорой. Харин нэг нь ч, дуг хийж зүүрмэглэж болохгүй. Би хонх дуугаргаж дохио өгнө. Тэгэхээр орж очоорой” гэж захижээ. Удалгүй хав харанхуй шөнө болж, шавь нар нь багшийнхаа үгийг даган номоо уншин суухад улин исгэрэх хүйтэн салхины хажуугаар нялх хүүхдийн уйлах дуу шөнөжин сонсогдсоор байж. Үүр цайж өглөө болохын хэрд майхнаас хонх дуугарах чимээ сонсогдов. Шавь нар нь майханд орж очвол хөсрий даавуунд боосон хатсан шарилжаас өөр юу ч байгаагүй гэдэг. Ингээд Гэсэр ламын ачиж авчирсан хуурай өвсөөр овоохой бариулж, хүчээр дуудан авчирсан хараалын хорыг шатаан устгаж хошуу нутагт нүүрлэсэн их гайг зайлуулсан юм санж.

Гэрэл зургийг: Б.Буянжаргал