images

Шашны дээд сургууль байгуулсан нь


     1970 онд Засгийн газрын дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлийн дарга Дамбийням гэж хүн чөлөөлөгдөж, оронд нь ирсэн Д.Балжиннямын үед шашны сургууль байгуулахаар болсон юмСургууль байгуулах болсон гол шалтгаан нь Оросын талаас голлон санаачилж манай төр засаг ч оросуудын үгээр байсан тул зөвшөөрөхөөс өөр аргагүй болсны дээр Барууны орнуудад оросуудыг Монголын шашныг баллаж, лам нарыг нь алж хядсан, сүм шүтээнийг нь эвдэж бусниулсан гэсэн муу үг яриа их гардаг байснаас ийм шийдвэр гаргахад хүрсэн байх. Үүнээс гадна Монгол, Буриадын ихэнх лам нар өндөр настай болсон тул шашны залгамж халааг цөөн тоогоор ч болов бэлтгэх хэрэг байсан нь тодорхой. Анхны хичээлийн эрхлэгч нь орос Нямсүрэн гэж хүн байв. Монголоос 20 хүүхэд, Буриадаас 6 хүүхэд нийт 26 хүүхэдтэй 1970 оны 9 сарын 1-ний өдөр хичээлээ эхэлж байв. Бүгдэд нь сахил хүртээхэд П.Жамьянчойнбол гуай цорж байсан тул бүгдээрээ Жамьян орсон сахилын нэртэй болсон юм. Үүнийг хууччуул бүгдийн нэрэнд Жамьян бурханы алдар орсонд их бэлгэшээж байлаа. Багшаар Т.Данзан-Одсэр, Х.Балдорж, Ц.Жамц нар, лам хүний явдал байдал, хувцас орхимжоо хэрхэн өмсөх, хуралд номд яаж суух зэргийг зааж сургадаг “Жигдэн гэрган” гэж нэрлэдэг багшаар Л.Дамбадаржаа нар байлаа.

   Хичээлийн эрхлэгч Нямсүрэн “Ном цээжлэх гээд яах вэ? Номынхоо утгыг мэдэж л байвал боллоо” гэснээр уншлага олигтой цээжлүүлээгүй юм. Сүүлд сургуулиа төгсөцгөөгөөд хуралд хурахдаа судар харж уншдаг байлаа. Нэг орой хурал хурж байтал гэрэл тасарсанд залуу лам нараас унших хүнгүй болсон. Харин өвгөн лам нар бүгд цээжээр уншдаг, судар тавьж уншина гэдгийг мэддэггүй байлаа. Үүнээс хойш л хурлын уншлага цээжлэх хэрэгтэйг ойлгосон. Шашны сургуулийг 20 хүн төгсч бүгдээрээ Гандан хийдэд орсон. Жаргалын Тэрбишийг захиргааны нарийн бичгийн даргаар томилж, өөр хүнийг том албанд томилоогүй юмдаг. Д.Чойжамц, Ч.Дамбажав хоёрыг гайгүй төгссөн болохоор эхлээд дуганч, дараа нь човомбо, голч болгосон юм. Дээд боловсролтой хүнээр дуганч хийлгэлээ гэж хэл яриа хүртэл гарч л байсан. Д.Чойжамц хамба болсон хойноо “Дуганч човомбоос нь эхлэн хийж, хуралд хурж байсан болохоор хурал номыг тэргүүлэхэд их хэрэг болсон” гэж ярьж байсан.

Цорж Г.Диваасамбуу. “Гандан хийд дахин сэргэсэн түүх” (2009) номоос.