images

Б.Ренчин, Ч.Лодойдамба хоёр ном хаялцав


     1949 онд А.С.Пушкиний мэндэлсний 150 жилийн ой тохиолоо. Пушкиний зохиолыг орчуулах хэсгийг Б.Ринчен, Ч.Лодойдамба, Ц.Цэдэнжав, Э.Оюун нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа. Хэсэг хугацааны дараа Б.Ринчен, Ч.Лодойдамба хоёр бие биеийнхээ орчуулан редакторласныг харилцан үзэв. Эхлээд Ч.Лодойдамбын орчуулсныг Ринчен хэрхэн засаж найруулснаа үзүүлж ярилцсан юм. Голдуу богино өгүүлбэрийг нийлүүлж хавсарсан нийлмэл өгүүлбэр болгожээ. Орчуулахдаа баатар бүрийн үг хэллэгийн онцлогийг алдагдуулж болохгүй гэдгийг тайлбарлалаа. Лодойдамба түүнийг анхааралтай сонсож зарим үг найруулгыг дахин дахин лавлаж байв. Дараа нь Лодойдамба Ринчений орчуулсныг хэрхэн засаж найруулснаа тайлбарлалаа. Ренчин түүнийг үзэж байснаа,

Таны энэ засварыг зөвшөөрөх юм бол би эргэж бага сургуульд орсонтой адил болох нь ээ гээд араас нь хэдэн хатуу үг чулуудлаа. Лодойдамба,

Та ингэж бусдыг үгүйсгэн дайрч байдгаа болих хэрэгтэй. Мэддэг нь ганц та биш шүү дээ гэлээ.

Тэр хоёр маргалдав, цэц булаалдав. Хэн хэн нь утга зохиол, урдаг, гоо зүйн эш онолоос иш татна. Ихийг уншдаг, мэддэг хоёр хүний маргалдахыг сонсоход аймаар ч юм шиг. Ш.Нацагдорж тэр хоёрыг намжааж эвлэрүүлэх, үгийг нь зөөлрүүлэхийг хичээнэ. Үгс нь зөөлөрч овоо учраа ололцмоор шинжтэй болж ирэхээр нь Ц.Цэдэнжав дунд нь ганц нэг үг хаяад улам дүрэлзүүлж орхино. Би ч түүнийг чинь хийхгүй, бич бас хийхгүй гээд гарцгаалаа. Цонхоор хойноос нь харвал мөн л маргалдсаар яваад хашааны хаалгаар гарч одлоо. Хэсэг хормын дараа миний өрөөний утас дуугарлаа. Утсаа авбал Чойжамц намайг дуудаж байна. даруйхан явж очвол мань хоёр хүн үүднийх нь өрөөнд сууцгааж байдаг байгаа. Чойжамц надаас тэр хоёрын маргалдсан учрыг асууж би ч болсон явдлыг хэллээ. Чойжамц тэр хоёрыг ёжтойгоор ээлжлэн харснаа “Та хоёрын хэн хэн нь жаахан хүүхэд биш, манай урдаа барьдаг зохиолчид шүү дээ. Маршалын зөвлөсөн ёсоор ажиллах нь хэн хэнд тань, бас улс нийгэмд тустай шүү дээ” гэж билээ.

     Сүүлд сонсвол мань хоёр маргалдсаар яваад Чойбалсангийн өрөөнд орчихож. Чойбалсан хэн хэнийх нь яриаг сонсоод “Наадах чинь над шиг хүний шийддэг ажил биш байна. Та хоёр бие биедээ мэдэмхийрээд ингэж явж болохгүй. Өөр өөрийнхөөрөө орчуул. Редакторла. Хэнийх нь зөв бурууг уншигчид шүүж өгөх байх” гэсэн ажээ. Түүнээс хойш тэр хоёрын хэн хэн нь улам шаргуу, толгой өндийлгүй суун орчуулж, редакторлаж билээ. Тэр хоёр ийнхүү маргалдсанаас хойш бие биедээ шавь орсон мэт улам дотно хандаж, хэн хэнийхээ эрдэм мэдлэгийг урдынхаасаа илүү хүндэтгэдэг болсон юм даг.

Г.Жамсранжав. "Миний хувь тавилан" номоос