images

Ховдоос Улаанбаатарт хөл нүцгэн хорин хэд хоног явж ирсэн


 Ховд аймгийн харьяат, өндөр настан Ж.Ааяахүү гуайн хууч

     Бидний үеийн хүүхдүүд гутал бараг өмсдөггүй байлаа. Манай аймагт эрдэмтэй гоё ганган хүүхнүүд их байлаа. Ийм сайхан эрдэм номтой хүүхэн болох юм сан гэж дотроо мөрөөддөг байж. Би долоо, найман настайдаа монгол бичиг сурчихсан байсан юм. Улаанбаатар хотод соёлын довтолгооны сургууль байгуулагдаад аймгуудаас хүүхэд элсүүлж байна гэж сонслоо. Тэгээд сүүлд Ховдын сонины эрхлэгч болсон Дашнямын ах Дэндэв гэж хүүхэдтэй хоёулаа хөл нүцгэн, цуу ямбуу цамцтай, гэрээсээ нэг мөнгөн аяга аваад хоёулаа гарлаа. Дэндэв нэг модон хайрцагтай, дотор нь жаахан идэх уух юмтай. Ийм хоёр хүүхэд хэнд ч хэлэлгүй шуудангийн машинд нуугдаж суугаад оргож байгаа юм. Ойрхон яваад Харганы хөндийд буучихсан. Тэндээсээ янз бүрийн унаа тэргэнд дайгдаж явсаар хориод хоног явж Улаанбаатарт ирсэн. Ингээд Тээврийн товчооны гадаа нэг хоноод маргааш нь нөгөө Эвлэлийн төв хороо гэж газрыг эрсэн. Олоод очсон чинь соёлын довтолгооны сургууль хийгээд тарчихаж. Бид хоёрыг Эвлэлийн төв хорооныхон шалгаж үзээд Дэндэвийг гадаадад РАБФАК гэж сургуульд явуулахаар болж намайг усанд оруулж шалба угаагаад нутаг буцаах боллоо. Ингээд хотоор дэмий тэнэх ажилтай боллоо. Нэг өдөр талбайд том жагсаал болж байна. Дан залуучууд, бас миний ижил уранхай цоорхой хувцастай хүүхдүүд дагачихаж. Дунд нь нийлээд явж байтал гэнэт нэг хүн “Ааяа” гээд нэрээр минь дуудав. Тэгсэн чинь манай нутгийн Цагаангичиг ах зогсож байлаа. Багшийн сургуулийнхны жагсаал юмсанж. Аав ээжтэйгээ улзсан юм шиг болж билээ. Тэгээд нутгийн ахад бүх үнэнээ хэлтэл намайг “Энд ингэж яваад юу хийх вэ. Нутаг буц. Би ингээд нутаг явна. Чамайг аваад аав ээжид чинь хүргэж өгнө” гээд дагуулаад явсан. Нутагтаа очоод Ховдын орос клубт морзын бичээч хийж, бас уран сайханд явж байгаад дараа жинхэнэ хот руу сургуульд явсан. Энэ удаад бол Холбооны түр сургуульд суралцах бичигтэй, хувцас хунар, хэдэн төгрөгтэй явсан даа. Хотод ирээд холбооны сургуульд орж ээжийнхээ ихрийн өрөөсөн эгчийнд суух болсон. Удалгүй аав ээж хоёр минь араас хотод нүүгээд ирсэн. Ингээд Холбооны газар ажилд ороод төдхөн Холбооны газрын дэргэдэх Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга болсон. Нэгэн удаа Хэнтий рүү яаралтай мэдээ дамжуулах гэтэл морз ажилладаггүй. Дарга нар сандаад л. Хэд хоногийн дараа Дотоод яаманд аваачиж “Ямар санаатай холбоо саатуулав” гэж байцаасан. Ингээд жаахан загнаад ажлаас халчихсан. Ингээд байж байтал Мангаа-лам гэж хүн намайг Нянтайширын Лхамсүрэн гуайд орж танилцуулаад бичиг үсэг сайтай гэж ятгаж байгаад Морин тойруулгын мөнгөний нярав гэгч ажилд оруулав. Морин тойруулгад хагас бүтэн сайн ажиллаад бусад цагт нь Лхамсүрэн гуайн дэргэд туслах маягаар ажиллав. Тэндээ зургаа, долоон сар ажилласан. Нэг өдөр Лхамсүрэн гуай дуудаад “Чамайг Цэдэнбал даргатай ярьж банкинд ажилд оруулахаар боллоо. Одоо хүрээд оч” гэлээ. Дарга намайг энгийн сайхнаар хүлээж аваад Чулуунжавтай уулзуулсан. Чулуунжав дарга намайг бичиг хэргийн эрхлэгч болгосон. Энд нэлээд удаан ажиллаад дараа нь Шүүх яаманд ажиллах болсон. Энэ урт замд амьдралд тохиож болох жаргал зовлон бүгдийг үзэж өнөөдөр хүүхэд, хүргэн бэрүүд, ач зээ нарынхаа ивээлд сайхан амьдарч байна. Нас ер хүрч явна. Тэтгэвэрт гарснаасаа хойш зүгээр суугаагүй. Хорин боть судар номыг хуучин монгол, кирил үсгээр хадаж баринтаглаад Үндэсний номын сангийн захирал Г.Акимд аваачиж хадгалуулсан. Тэр захирал надад өргөмжлөл, талархлын хуудас гардуулсан. Хүн дандаа сайн үйл бүтээж, амьдралын нарийн дэг жаягтай амьдрах хэрэгтэй гэж үр хойчдоо захимаар санагддаг.

Г.Жамьян "Содон хүмүүс" номоос