images

Өөдлөх зам хайж, өвөр газраас ирсэн сэн ...


     1948 оны 7 дугаар сард маршал Чойбалсангийн санаачилгаар ерөөлч магтаалч нарын улсын уралдаан зарлав. Зарласан уралдаан маань цөөн хоногийн дотор эрч хүчтэй өрнөж хөдөө аймгуудаас жараад хүн бүртгүүлэн авьяас билгээ сорив. Тэдний дотроос шигшиж 14 хүн үлдээлээ. Тэднийг Зохиолчдын хороо хүлээн авч авьяас билэгтэй нь танилцаж байлаа. Намрын нэгэн өдөр хариуцлагатай нарийн бичгийн даргын өрөөнөө Ш.Нацагдорж, Г.Жамсранжав, Ч.Лодойдамба зэрэг хүмүүс цуглав. Дорнод аймгаас шалгарч ирсэн ерөөлч Чимэдийн Жигмэдтэй анх танилцаж байгаа нь тэр. Нар салхинд онгож өгөршсөн хөх даалимбан дээлтэй, нүдэндээ шилтэй үзэмчин өвгөн Жигмэд гуай сандалд тухлан суугаад “Надад цээжилж хэлдэг шүлэг магтаал байхгүй. Үзсэн сонссоныгоо энэ хөгжмийн эгшигт хэлдэг юм" гээд шар өнгийн мяндсан утсаар гоёсон хуучраа заагаад, "Би одоо юу хэлэх болж байна” гэв. Бид “Энэ өрөөний тавилга төхөөрөмжийг магтаж ерөөж чадах уу” гэхэд өвгөн өрөөн доторхыг тойруулан харснаа хуучраа тоглон магтаж гарлаа. Тавилга төхөөрөмжөөс гадна өрөөн дотор суусан хүмүүсийг дүрслэн дуулж суусан ерөөлчийн маань ая хөгжмийн өнгө гэнэт өөрчлөгдөө. Нэг сонсвол:

“Өөдлөх зам хайж

Өвөр газраас ирсэн сэн

Ял янга минь барагддаггүй

Яасан үйлтэй толгой вэ, би” гээд нулимс цийлгэнүүлэн хоолой нь чичирч байлаа. Бид сандралдан “Зүгээр зүгээр” гээд тайвшруулав. Цагаа харвал бүтэн гурван цаг дуулжээ. Хожим Жигмэд гуай дурсахдаа “Тэгэхэд би ихэд айж, ингээд өнгөрлөө л гэж бодож байсан" гэж билээ.

 Г.Жамсранжав “Миний хувь тавилан” номоос