images

Үг олдож үхэр холдлоо


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Ж.Гомбожав гуайн хууч

     Дээр үед газар товчлох ид шид олсон нэгэн бадарчин явж байжээ. Нэгэн өвгөн өглөө үхрээ бэлчээрт гаргаж яваад тэр бадарчинтай тааралдаж мэнд усаа мэдэлцээд, улмаар бадарчны ярианд автаад хэсэгхэн газар хамтдаа алхаж гэнэ. Тэгсэн бадарчин “Өвгөн гуай, үхэр чинь холдож байгаа юм биш биз” гэж асуужээ. Өвгөнд ер хэдхэн алхам газар явсан санагдаж байжээ. Тэгээд “Зүгээр зүгээр. Таны яриа сонирхолтой байна. Дахиад жаахан хамт алхъя. Үхэр хаа холдоо аж” гээд дагаад алхаад байж. Ингэж нэлээд хэсэг яваад өвгөн үхэр лүүгээ эргэжээ. Тэгсэн чинь бараг нэг өдрийн газар явчихсан байсан гэдэг. Газар товчилдог хүнтэй алхаа нийлүүлээд алхахаар цуг газар товчлоод байдаг, алхаа нийлүүлэхгүй бол хоцордог гэнэ. Газар товчилж байгаа хүний газар товчилж буйг нь яаж мэдэг вэ гэвэл дээлийнх нь хормой дэрвээд л дээшээ хөөрөөд байдаг юм гэсэн. Тэр үед л нэг алхахдаа нэлээд их газрыг товчилдог юм гэнэ. Бас зарим хүн газар товчлохыг таашаадаггүй, албингийн явдал гэж хэлдэг тал бий. За мар ч болов “Үг олдож үхэр холдлоо” гэдэг үг нэгэн явуулын бадарчин, үхэрчин өвгөн хоёрын явдлаас үүдэлтэй гэдэг юм.