images

Хөгжмийн их зохиолч Билэгийн Дамдинсүрэн юуны учир шоронд суув?


   Монгол улсын төрийн сүлд дууллын аяыг зохиосон алдарт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн 1954-1955 онд ЗХУ-ын Ленинград хотын хөгжмийн их сургуульд суралцсан боловч хүндэтгэх шалтгаанаар сургуулиа төгсч чадаагүй ажээ. Харин 1958-1962 онд БНХАУ-ын Бээжин хотын хөгжмийн их сургуульд суралцаж хөгжмийн зохиолчийн диплом өвөртөлжээ. Тэрбээр ЗХУ-д суралцаж байхдаа эрсдэл гаргаж их сургуулиа орхисон талаар талаар үлгэр домог мэт ярианууд бий. Энэ талаар ойр дотнын хүмүүс нь юу гэж ярьсныг хүргэж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа:

   “Би сонсохдоо Дамдиаг Оросын цагдаатай маргалдаад учраа олохгүй болохоор нь “Би БНМАУ-ын иргэн байна” гээд паспортаараа цагдаагийн хацрыг алгадсан юм гэнэ лээ”.

Ардын жүжигчин, удирдаач Ж.Бүрэнбэх:

   “Дамдиа багш бол Ленинград хотын консерваторид очиж суралцсан анхны хөгжмийн зохиолч шүү дээ. Багш тэр сургуулийн оюутны байранд амьдарч байжээ. Нэг өглөө гэр лүүгээ ярихаар телефон утасны бүхээг рүү очиход дотор нь хүн байсан болохоор тамхи татан хүлээж гэнэ. Нэлээд удаан хүлээсэн болохоор очоод хаалгыг нь тогштол “Одоохон, хүлээж бай” гэжээ. Дахиад байхан хүлээж тэвчиж ядаад хаалгыг нь цохисон чинь урдаас нь салаавч үзүүлжээ. Тэгэхээр нь нөгөө хүнийг бүхээгтэй нь хамт ховх цохиод унагачихаж гэнэ. Үүнээс болоод Дамдиа багш маань Зөвлөлтийн цагдаад гар хүрсэн, Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан хэргээр шоронд орсон гэдэг юм. Хожим багш маань Дуурийн театр, Кино үйлдвэр хоёрт хавсарч ажиллаж байлаа. Яагаад ч юм Ч.Жамсранжав бид хоёрт их дотно байсан. Хааяа бид хоёртой тааралдахаараа “За гуйлгачин удирдаачид минь юу хийж байна даа? Хуулсаар л байна уу?” гээд инээдэгсэн. Жаамаа бид хоёр нэг амралтын өдрөөр Дамдиа багшийнд нэг гожинтой очив. Учир нь бид хоёр Кино үйлдвэрийн санд хэд хэдэн чимэг хөгжим бичиж өгөөд түүнийхээ шагналын дээжээс амсуулах гэж яваа нь тэр. Багш “За гуйлгачин удирдаачид минь дэлгүүр очоод дөрвөн шил сайн архи аваад ир. Бүрэнбэх чи ногоо арилга, би хоол хийнэ” гэв. Тэгснээ “За та хоёр гэр лүүгээ ярь. Өглөө болтол манайхаас гарахгүй гэж мэд” гэж билээ. Багш бол нартын амьдралд ч, нарсанд байхдаа ч найз нөхөд, шавь нартаа ч, Дуурийн теартын алтан тайзнаа ч Халхын сайхан Юндэн гөөгөө дүрээр мөнхөрсөн эр хүн байсан даа”.

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваа:

   “Дамдиа 1954 онд Ленинградын хөгжмийн консерваторид явсан боловч төгсөж чадаагүй юм. Тэнд байхдаа хүний халаас суйлж байсан хулгайчийг хараад тэсэлгүй алгадсан гэдэг. Оросын цагдаа хулгайчаа өмөөрөөд олон юм яриад байхаар нь нульчихсан гэдэг. Үүнээс болж сургуулиасаа хөөгдөөд шоронд орсон юм. 1955 онд намайг шоронгоос суллагдаж байхад Дамдиа зөрөөд шоронгийн хаалгаар хурган дотортой дээлтэй орж ирж байлаа. Би тааралдаад “Суллагдлаа” гэхэд “Молодец” гэж намайг тайвшруулж билээ”.

Б.Дамдинсүрэнгийн төрсөн охин Дамдиндулам:

  “Намайг долоодугаар ангид сурч байсан үе санагдана. Нэг өдөр танихгүй хүн ирээд хамаг юмыг битүүмжлээд явлаа. Аавын гадаадад сурсны сургалтын төлбөр байж л дээ. Аав төрийн цагдаа алгадсан хэргээр 6-7 жилийн ял сонсоод шоронд орсон юм. Аавын дүү Цэрэндорж, Төв театрын Л.Цогзолмаа гуай бид гурав аавыг эргэхээр очлоо. Аав намайг тэвэрч үнсээд “Удахгүй аав нь суллагдаж охинтойгоо хамт сайхан амьдарна” гэж сэтгэл догдлонгуй хэлж билээ. Тэгээд аав дүүгээсээ “Миний захисан юмыг авчирсан уу?” гэж асуухад ачиж очсон шуудай дүүрэн хонины хуйхалсан толгойны учрыг сая би олов. Аав шуудай дүүрэн толгойг хараад “Хөөе хулгарууд аа” гээд чанга дуудахад нөгөө хулгарууд нь толгойнуудыг аваад тал тал тийш алга болж билээ”.

   Харин эр эндэж эрсдэл хүлээсэн түүхийг албан баримтад ийн дурджээ.

 

Хотын намын хорооны Товчооны гишүүдийн хурлын тогтоол

1955 – 11 – 2.                        48/2585

Намын сахилга батыг хортойгоор зөрчсөн намын гишүүн Дамдинсүрэнгийн тухай.

 

   Улсын Төв театрын үүрийн гишүүн Дамдинсүрэн нь Зөвлөлт улсад урлагийн дээд сургуульд суралцах өндөр хариуцлага ба найдварыг намаас хүлээж явсан байна. Гэтэл нөхөр Дамдинсүрэн нь 1955 оны 7-р сарын 21-ний өдөр амралтын газраас буцахаар төмөр замын “Ударная” гэдэг станц дээр поезд хүлээж байх үедээ Зөвлөлтийн цэргийн офицер Смирнов, цагдаа Пиров нартай зүй бусаар хэрэлдэж, тэднийг цэргийн хувцастай дээрэмчид гэх зэргээр бүдүүлгээр доромжлон хараасны дээр тэд нараас албан үүргийнхээ ёсоор паспортоо үзүүлэхийг шаардахад та нарт паспортоо үзүүлэхгүй гэж, паспортаараа Смирновын хамрыг цохиж, Пировын хөлийг өшиглөх зэргээр тэдний эрх чөлөөнд халдах зэргээр хэрцгий балмад явдлуудыг гаргаж, Ленинградын цагдаа сэргийлэхэд хүргэгдэж байжээ.

   Нөхөр Дамдинсүрэнгийн гаргасан дээрх балмад явдлууд нь нийгмийн хэв заншил, норм хэмжээг зүй бусаар зөрчсөнөөр барахгүй Зөвлөлтийн хүмүүсийг үзэн ядаж доромжилсон гэмт хэрэг мөн.

Товчооны хурлаас тогтоох нь:

   Өөрийн улсын ба намын нэр хүндийг хадгалж, намын найдварыг хангаж чадаагүйгээр барахгүй хэрцгий балмад байдлыг гаргаж намын сахилга батыг хортойгоор зөрчсөн нөхөр Дамдинсүрэнг МАХН-ын гишүүнээс хөөсүгэй.

Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамдин

 

Эх сурвалж: Ж.Энэбиш. “Хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн” ном. Улаанбаатар хот. 2019 он. 71-75 дугаар тал.