images

Их зохиолч Д.Нацагдоржоор хичээл заалгасан минь


Ахмад зохиолч Дэгээхүүгийн Сүрьяа (1918-1992) их зохиолч Д.Нацагдоржоор хичээл заалгаж явснаа дурссан нь. 

   "1935 оны намар Алтайгаас зургаан хүүхэд Багшийн сургуульд орж суралцахаар томилогдсоны дотор 16 настай миний бие оролцож билээ. Бидний зургаан хөвүүн өртөөний морь унаж Завхан аймгийн төв хүрээд тэндээс шуудангийн машинаар Улаанбаатарыг зорив. Улаанбаатарт очоод юу сонирхож болох тухай бид ярилцаж явлаа. Нэг хүүхэд ярихдаа:

- Өндөр Майдар гэж нэг их өндөр сүм байдаг гэнэ лээ гэхэд нөгөө хүүхэд:

- Уушаандэн гэж бас нэг өндөр юм байдаг гэнэ гэж ярив.

- Өндөр Гонгор гэж маш өндөр хүн байдаг гэнэ. Түүнийг үзнэ дээ гэж Гончиг гэдэг дэлдэн чихтэй хүүхэд ярихад:

- Зохиолч Д.Нацагдорж чинь бас их өндөр хүн гэнэ лээ гэж Сосорбарам гэдэг хүүхэд ярьж билээ. Бид бүхний сэтгэлд Д.Нацагдоржийг үзэж танилцахсан гэсэн хүсэл Улаанбаатарт очоод үзэж сонирхох юмны хамгийн тэргүүнд санагдаж байсан хэрэг.

   Одоогийн Төв театр байгаагийн арын хашаанд Багшийн сургуулийн хашаа байлаа. Шинэхэн барьсан урт ягаан байшин нүдний өмнө тусна. Бид машинаас буугаад Багшийн сургуулийн хичээлийн эрхлэгч Доржсүрэнтэй уулзаж, сургуульд зорин ирснээ ярихад:

- Энэ шинэ хүүхдүүдийг жижүүрийн багш Нацагдорж дээр аваачаад бүртгүүлээд байранд нь оруул гэж нэг гартаа бүрээ барьсан жижүүр бололтой хүүхдэд даалгав. “За нөгөө зохиолч Д.Нацагдоржтой чинь ингээд уулздаг байжээ” гэж санаад нэг нэгнийхээ чихэнд “Нацагдорж” гэж шивнэн ярьж билээ. Гэтэл тэр хүн нь Д.Нацагдорж биш Т.Нацагдорж байж билээ. Ингээд хоёр Нацагдоржийн нэгийг үзлээ. Удалгүй хичээл эхэлж бүх юм хэвийн болов. Нэг өдөр “Монголын түүх” хичээл орох боллоо. Сурагчид танхимдаа ороод багшийг хүлээн энэ тэрийг шуугилдаж байтал багш орж ирлээ. Харвал дунд зэргийн нуруутай, цагаан царайтай, хүрэн илгэн цамц, хар костюм өмсөж, цэнхэр бүрх хазгайдуу тавьсан цэмцгэр хүн байв. Бид түүнийг хараад, зураг дээрээс үзсэн жинхэнэ Д.Нацагдорж мөн болохыг аяндаа таньж чимээгүй болов. Багш маань малгайгаа ч авсангүй шууд л “Монголын түүхийн оршил" хичээл гэж самбарт бичээд цааш хичээлээ заалаа. Бид юу ч бичиж тэмдэглэж чадсангүй, зөвхөн багшийн төрх, сайхан яриаг чагнан сууж билээ. Д.Нацагдорж багш маань халааснаасаа хавтгай уут гаргаж, бондгор толгойтой гаансанд тамхи нэрэн хичээлээ цааш үргэлжлүүлэхдээ сандал дээр нэг ч суулгүй явуут ярьсаар байлаа. Их Нацагдорж гэж ийм хүн байдаг ажээ. "Ерийн хүн байна шүү. Тийм өндөр биш юм" гэсэн бодол надад төрнө. Багш маань хичээлийнхээ төгсгөлд жижигхэн дэвтэр гаргаад:

Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг

Хөх Монголын үед хүчирхэг болсон орон

Он онд идээшиж олон жил дассан нутаг

Одоогийн шинэ Монголын улаан туг мандсан орон гэж өөрийнхөө шүлгээс эш татан уншиж билээ. Ямар ч уур уцааргүй энэ ухаант хүн ингэж түүхийн хичээл заалаа. Дараачийн хичээлээс эхлээд эртний Монголын удам үүсгэлийн тухай заана гэж хэлснийг нь би одоо ч сайтар санаж байна. Гэтэл дараагийн долоо хоногийн хичээл ороход Д.Нацагдорж багш маань ирсэнгүй, өөр багш хичээл заах боллоо. Сураг сонсвол Судар бичгийн хүрээлэнд түүх шаштирийн их ажилтай, манайд хичээл зааж амжихгүй болсон ажээ. Оршил хичээл зааж байхдаа түүхийн уламжлалт бичиг “Ган мү” гэдэг он дарааллын бичгийг олон дахин дурдаж байж билээ.

   1936 он гарлаа. Д.Нацагдорж зохиолоо бичсээр, бид бүр ч амтархан уншдаг боллоо. “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг Сүхбаатар” гэдэг найраглал гарч түүнийгээ өөрөө радиогоор аялгуулан уншдаг байв. Багшийн сургуулийн дэргэд байгуулсан уран зохиолын дугуйлан, тэр үед “Залуу театр” гэж нэрлэж байсан Залуучуудын соёлын ордонд аваачиж зохиолчдын дугуйлантай нийлүүлэн хичээллэх шийдвэр гарсан юм. Нэг орой манай дугуйлангийн гучаад хүн бүгд бэлэн болж Б.Содном багш утга зохиолын “Бодрол” гэдэг онолын хичээл зааж байтал хоёр хүн ороод ирлээ. Нэг нь С.Буяннэмэх, нөгөө нь Д.Нацагдорж багш минь байв. Энэ хоёр багш дугуйлангийн хичээлийн явцыг шалгаж яваа бололтой байлаа. Бидний завсарласан хойно багш нарын өрөөний хаалга нээгдэж Д.Нацагдорж гарч ирээд намайг гараараа дохин дуудав.

- Чи яваад манай тасалгаанд ороод, ширээн дээр байгаа тамхи аваад ир гэж түлхүүрээ өгч явууллаа. Би тэр жижиг тасалгааг онгойлгон орвол хоёр ор, нэг ширээ, хэдэн сандал, цонхон дээр баахан ном байхыг харав. Цааш харвал байшингийн хананд хадаас хадаад түүнд харандаагаар бичсэн олон шүлгийг давхарлуулан цоолж өлгөсөн байсныг хараад их зохиолч маань шүлгээ ингээд л бичиж суудаг юм байна гэсэн бодол төрж билээ. Дараа нь сонсвол их, бага хоёр Нацагдорж хэсэгхэн үед энд хамт амьдарч байжээ. Энэ нь Д.Нацагдоржийн эхнэр, хүүхэд Ленинградад байсан тэр үед өөрийн дотно нөхөр Т.Нацагдоржийнд сууж байсан нь тэр юм билээ. Зохиолч Д.Нацагдоржийг үзэх гэсэн миний хүсэл ингэж биелэгдэхээр барахгүй түүний амнаас үг сонсож, оюунаас нь сурч явснаа яахин мартах билээ. Монголын их зохиолч, цог золбоот сэхээтэн Д.Нацагдоржийг би багшаа гэж үздэг юм. Тэр үед би зүгээр суухыг хүсэлгүй зохиол шүлэг оролддог эхлэн бичигчийн нэг болж, анхны шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд хэвлүүлж байхдаа Д.Нацагдорж багшийн бичлэгийн хэлбэр, санаа сэтгэмжээс жишээ сургаал авч байсан нь мэдээж билээ".

“Монголын уран зохиолын дээжис”. XI боть. Улаанбаатар. 1995 он. 225-230 дугаар тал.