images

Монгол улсын төрийн дууллыг хэрхэн зохиов?


   Одоогоос 70 гаруй жилийн өмнө зохиогдсон БНМАУ-ын сүлд дууллын тухай нэн чухал баримт бичиг, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд болон ЗХУ-д суугаа Элчин сайд нарын хооронд ярилцсан маш чухал албан тэмдэглэл Монгол улсын Түүхийн төв архивт хадгалагдаж байна. Баримт бичгийн агуулгаас нягтлахад ЗХУ-ын Уран зохиолчдын эвлэлийн хорооны удирдлага, Хөгжмийн зохиолчдын хорооны удирдлага БНМАУ-ын сүлд дууллын шүлгийн агуулга, мөн хөгжмийг төгс төгөлдөр болгоход ихээхэн анхаарал тавьж байжээ. Тухайлбал, Монгол улсын сүлд дууллын тухай ЗХУ-ын Гадаад явдлын яамны Алс Дорнодын нэгдүгээр хэлтсийн дарга Дашьяантай ярилцаж тохирсны дагуу ЗХУ-д суугаа Монгол улсын Элчин сайд Н.Ядамжав, уран зохиолч Ц.Дамдинсүрэн нар 1950 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зөвлөлтийн уран зохиолчдын хороон дээр очиход хэлтсийн орлогч дарга Палладин, яруу найрагч Сергей Михалков, Фёдор Исаков болон хөгжмийн зохиолч Александр Морова нар хүлээн авч, БНМАУ-ын сүлд дууны монгол үг ба орчуулга хийгээд хөгжмийн ноотны тухай ярилцаад, хөгжмийн зохиолч А.Моровагаар сүлд дууны ноотыг пианино дээр хэд хэдэн удаа даруулж сонссон байна. Композитор А.Морова хөгжмийг дарахын хамт дуулж сонсгожээ. С.Михалков дууны үгийн орос орчуулгыг уншиж сонсгосон байна. Нөхөр Палладин хэлсэн нь: “Энд манай улсын алдарт шүлэгч С.Михалков, Ф.Исаков нар байна” гэж танилцуулжээ. С.Михалковоос “Энэ дууны үг ба ноот Монголд батлагдсан уу?” гэж асуухад Элчин сайд Н.Ядамжав “Монгол улсын Засгийн газраас энэ дууны ноотыг үндсэнд нь зөвшөөрч байгаа юм. Маршал Х.Чойбалсан нөхөр Ц.Дамдинсүрэнд сүлд дууны үг ба хөгжмийн ноотыг Зөвлөлтийн шүлэгч нар ба композитор нарт үзүүлж, зөвлөгөө авахыг даалгасан байна. Ийм учраас нөхөр Ц.Дамдинсүрэнг үүний урьд тантай уулзуулж зөвлөгөө авахуулсан билээ. Одоо та нөхдөөс санал зөвлөгөө авахыг дахин хүсч байна” гэхэд Ф.Исаков “Миний санахад энэ дууллын үгийн утга чанар их зүйтэй байна. Монгол хэл мэдэхгүй ч монгол шүлгийн байдлыг харахад зохимжтой болсон байна. Хөгжим нь их хөгжилтэй бөгөөд ёстой сүлд дууны хөгжим болсон байна” гэж хэлэхэд нөхөр Палладин “Энэ сүлд дууллын хөгжим хөгжилтэй сайхан сонсогдож байна. Английн сүлд дууны хөгжимтэй зэрэгцүүлэхэд хавьгүй сайн болжээ” гэж үнэлсэн байна.

   Төрийн сүлд дууллын аяыг зохиосон хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын дуу хоолой Монголын радиогийн соронзон бичлэгийн алтан санд хадгалагдаж байна.

   Б.Дамдинсүрэн ярьсан нь: “Сүлд дууллын хөгжмийн тухай тусгай уралдаан зарласан юм. Уг уралдаанд арваад хүн оролцсон. Тэдгээр хөгжмөөс шалгарсаар яваад, үзсээр яваад бид хоёрын хөгжим зэрэгцээд үлдсэн юм. Бид хоёрын хөгжмийг тус тусад нь сонсож үзсэн. Баахан сонсож үзээд хоёуланг нь нэгтгэж үзье гээд бидний хөгжмийн эхний хэсэг (Л.Мөрдоржийн хөгжим), сүүлийн хэсэг (Б.Дамдинсүрэнгийн хөгжим) хоёрыг нэгтгээд симфони оркестртой сургууль хийн, мөн найрал дуутай сургууль хийгээд, бас духовой оркестрт тусад нь бичиж сургууль хийгээд, хэд хэдэн удаа сонсоод клавир энэ тэрийг хойшоо Москва руу явуулсан юм. Хойно симфони найруулга хийгээд Их театрын симфони найрал тоглоод пянзанд бичүүлж наашаа явуулсан байгаа юм. Ингэж бараг хоёр жил үргэлжилсэн тэмцээн шувтарсан.”

   Л.Мөрдорж ярьсан нь: “Сүлд дууллын уралдаанд бид хоёрын хөгжим батлагдсан тухай би мэдээгүй байсан юм. Нэг өдөр намайг Улсын цирк дээр ажил дээрээ байж байтал Дамдиа (Б.Дамдинсүрэн) ноотоо барьсаар хүрч ирээд “Бид хоёрын хөгжим төрийн дууллын хөгжмөөр батлагдсан байна. Чи нийлэх үү?” гэж асуухад би “Нийлэлгүй яахав” гэж хэлсэн юм. Сүүлд Улаанбаатар хотын Намын хорооны байранд сүлд дууллын сүүлчийн шалгаруулалт болоход уг дууллын хөгжмийг цэргийн үлээвэр найрал хөгжимдөж Пүрэвжав удирдсан юм. Надад Пүрэвжав удирдаач ер таалагдсангүй тул энэ тухайгаа Урлагийн хорооны дарга Болод гуайд хэлж зөвшөөрөл аваад би өөрөө сүлд дууллыг удирдаж гурван удаа сонсгов. Улс төрийн товчооны гишүүд бүгд санал нэгтэй баталсан. Тэгэхэд би залуухан ч байж, шартай ч байж". 

Ж.Энэбиш. “Хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж” ном. Улаанбаатар. 2019 он. 37-50 дугаар тал.