images

С.Гончигсумлаа: Малын эмчээс хөгжмийн зохиолч болсон нь


   Өнгөрсөн зууны Монголын хөгжмийн алдарт зохиолч Сэмбийн Гончигсумлаа өөрийнхөө намтраас өгүүлсэн нь. 

   "Би 1915 онд хуучин Цэцэрлэгмандал уулын аймгийн Баянзүрх уулын хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Өөрийн эхийг мэдэхгүй, намайг хоёр настай байхад нас барсан учир 6-7 нас хүртлээ буурал ээж болон эцгийн гар дээр хүмүүжсэн юм. Долоон настай байх үед эцэг маань ханьтай болж би хойт эхийн гарт шилжлээ. Тэр үеэс сургуульд орох хүртлээ миний хийдэг ажил бол хонь, хурга хариулах байв. Миний эцэг төвөд ном мэддэг, уйгаржин монголоор уншдаг, эрдэм номтой биш, бичиг үсэг уншдаг л хүн байлаа. Харин урлаг, уран сайхны авьяасын талаар гойд сайн байгаагүй, ганцхан дуу аялдаг байсан юм. Тэр аялгууг хожим би санаж, ля минорын нэгдүгээр симфонийн нэгдүгээр ангид гол сэдэв болгон ашигласан юм.

   1927 онд 12 настайд хошууны бага сургуульд явуулах тухай бичгийг сумын нарийн бичгийн дарга Гэндэн гэдэг хүн авчирч өглөө. Гэтэл эцэг маань гар мухардана гээд намайг явуулсангүй. Дахиад сумаас бичиг ирэхдээ “Хэрэв хүүхдээ сургуульд явуулахгүй бол эцэгтэй нь барьж ир” гэсэн албан бичиг дагалдуулжээ. Ингээд өвөл 12 дугаар сард тэмээгээр 70 шахам км явж зам зуур хонон өнжин байж хошууны сургуульд анх ирж суралцсан юм. 1930 он хүртэл хошуундаа сурч төгсөөд 1931 онд Архангай аймгийн төвийн хоёр жилийн бэлтгэл дунд сургуульд суралцах болж өвөл морин өртөөгөөр ирснээ санаж байна. Дунд сургуулиа амжилттай төгсөөд Улаанбаатарын Багшийн сургуульд дэвшин суралцах болов. Багшийн сургуульдаа 3-4 жил суралцаж төгсөхөд үнэмлэх олгосон. Бидний дундаас орос хэлэндээ сайн 10 хүүхдийг шалгаруулж ЗХУ-д явуулах болсны нэгэнд би орлоо. Мөн л өвлийн цагаар задгай машинаар Улаан-Үдэд ирлээ. Хавар хүртэл дан орос хэлний бэлтгэл хийгээд намар нь биднийг Эрхүүд авчирч мал эмнэлгийн сургуульд оруулсан юм. Эрхүү хотын мал эмнэлгийн техникумд 4 жил суралцаад малын эмчийн мэргэжил эзэмшлээ. Эрхүү хот намайг хөгжимчин болох хүслийг бадраасан газар юм. Манай сургуулийн клубт пианино хөгжим байсан болохоор би түүн дээр өөрийн сонирхлоор элдэв янзын дуу оруулж тоглодог байв. Хоёрдугаар курсээс Эрхүүгийн радиогийн хорооны хөгжимчидтэй танилцаж тэд нараар Оросын дөрвөн утастай домборыг заалгах боллоо. Энэ нь мандолинтай их төстэй учир сурахад хялбар байсан.

   1937 он шувтарлаа. Би малын эмч мэргэжил эзэмшсэн тул хөдөө орон нутагт ажиллана гэдгээ мэдэж байв. Тийм учраас Эрхүүгээс скрипка хөгжим худалдаж авлаа. Энэ хөгжимтэйгөө Өмнөговь аймгийн Луус суманд томилогдон очсон юм. Хөгжмөөрөө монгол ардын дуу хөгжимдөх дуртай, мал эмнэх хооронд хөгжимдөхөд хүмүүс ихэд сонирхдог байв. Ингэж Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) хоёр жил, аймгийн төвд нэг жил, нийт гурван жил ажиллаад 1939 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн техникумд орчуулагч-багшаар шилжиж ажиллав. Энд багшлах хугацаандаа Ленин клубын орос ардын найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж ажиллав. 1939 онд Улсын цирк байгуулах бэлтгэл ажил өрнөж байлаа. Урлагийн хорооноос намайг циркийн хөгжимчнөөр авах гэж Мал тариалангийн яамтай ярьж хөөцөлдсөн байж л дээ. Мал тариалангийн яам “Гончигсумлааг өгөхгүй. Авъя гэвэл Урлагийн хороо 20 мянган төгрөг төлж байж ав” гэсэн хариу өгсөн байж. Гэвч намайг Ю.Цэдэнбал даргын шийдвэрээр циркт шилжүүлэх болсон юм. Ингээд малын эмчээс орчуулагч-багш, багшаас Улсын циркийн хөгжимчин боллоо.

   1943 онд Засгийн газар, Урлагийн хороо циркийн хөгжимчин С.Гончигсумлааг дуудан Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр суралцуулах шийдвэр гаргав. Ингээд Улаанбаатараас ногоон онгоцоор нисч Улаан-Үд ороод тэндээсээ галт тэргээр Москва хүрсэн. Манай сургууль бол үнэхээр нэр хүндтэй лут сургууль байлаа. Тэнд хөгжмийн ямар ч бэлтгэлгүй хүн хэцүү. Би бэлтгэл ангитайгаа нийлээд долоон жил сурч төгссөн. Москвагийн Хөгжмийн дээд сургуулийн босгыг алхан орж нэр хүндтэй профессоруудаар хичээл заалгасан нь миний амьдралд олдсон хамгийн дээд завшаан байсан юм. Сургуулиа төгсөөд Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн удирдагчаар ажиллах болсон билээ".

Ж.Энэбиш. “Хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа” ном. Улаанбаатар. 2020 он. 56-62 дугаар тал