images

Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд “Эргүүлэг” кино ямар үүрэг гүйцэтгэв?


1980-аад оны сүүлээр найруулагч Ч.Жумдааны “Эргүүлэг” нэртэй кино гарч тухайн үеийн хаалттай нийгэмд ихээхэн шуугиан тарьж байсан юм. Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөх анхны сэдэл болж өгсөн Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр уг киног гаргаж хэлэлцүүлэг хийх үед хүмүүс хэрхэн хүлээж авч байсан тухай кино судлаач, зохиолч Дү.Мягмарсүрэн, кино найруулагч Ч.Жумдаан нар ийн хуучилжээ.

   Дү.Мягмарсүрэн: “1989 он. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дуусах гэж байлаа. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл Залуучуудын соёлын төвийн Кино нэгдлийн эрхлэгч өчүүхэн миний биеийг өрөөндөө гэнэт дуудахад нь очлоо. “Та киноны хүн. Найруулагч Ч.Жумдааны “Эргүүлэг” киног зөвлөгөөний хаалтын ажиллагаанд авчирч үзүүл” хэмээн тушаал буулгаад нэг жижигхэн микро автобус өгөв. “Монгол кино” үйлдвэр дээр очтол азаар Тойвгоо дарга байж байна. Харин Тойвгоо дарга “Энэ киногоор ярилцлага хийвэл өгье” гэнэ. Тэр хүн шинэчлэлийн төлөө сэтгэл зүрхтэй хүн байсан нь эндээс харагдсан юм. Би ч ам өчгөө өглөө. Тэгээд тэр киног хэр баргийн хүн авч гарах эрхгүй хатуу журамтай лабораториос анх удаа Тойвгоо даргын тушаалаар миний бие үнэр нь анхилсан халуун талх шиг бүтээлийг элгэндээ энхрийлэн тэвэрсээр авч явж тэрхүү алдарт зөвлөгөөний хаалтанд төлөөлөгчдөд үзүүлэхээр болж билээ. Гэтэл асуудал дэгдэв. Тэр үед МХЗЭ-ийн Төв хорооны Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даваадоржид киног авчирснаа хэлж, Тойвгоо даргын саналыг дуулгавал нүд нь орой дээрээ гарах нь холгүй болж “Болохгүй. Яасан ч болохгүй” гэдэг юм байна. Би яахаа мэдэхээ болилоо. Гэхдээ ямар нэгэн арга олно гэж бодож байв. Кино эхэллээ, дууслаа. Залуучууд нижигнэтэл алга ташлаа. Гэрэл асав. Гэтэл МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адьяа гуайн дэргэд согтуу сууж байсан яруу найрагч Ш.Сүрэнжав гуай гараа өргөн босч “Хаа. Ийм балай киног залуучуудад үзүүлж болохгүй. Муу хүмүүжил олгоно” хэмээн хашгирлаа. Залуучууд “Жинхэнэ үнэн шүү дээ. Яагаад бидэнд үзүүлж болдоггүй юм бэ? Та нар үнэнийг битгий хаа” гэх мэтээр хилэгнэн хашгиралдав. Найруулагч Ч.Жумдааныг тайзан дээр урьж санаа бодлыг нь сонслоо. Бөөн шуугиан, мэтгэлцээн болов. Миний бие энэ хормыг ашиглаж нэг мэдсэн чинь ухаанаа алдсан мэт суудлаасаа босоод “Энэ киноны тухай ярилцъя” хэмээн хашгирч байж билээ. Залуучуудын соёлын төвийн дарга нарын зарлигаар арга зохиож “Өлгүүрийн хүмүүс явах гэж байна, хувцсаа авцгаа” хэмээн хэлж байж залуучуудыг тараалаа. Гадаа тас харанхуй. Гэвч энд тэнд залуучууд бодол саналаа хэлэлцэн бөөгнөрөн зогсож байлаа. Бидний хэсэг хүмүүс хуучин Пионерийн ордны хашаанд байдаг зураач Цэгмидийн урланд цугларч ардчилсан хувьсгалын анхны галыг өрдөх асуудлыг ярилцлаа. Ингээд цааш юу болж, ардчилсан хувьсгал хэрхэн гарч, улс орон шинэ замаар замнасныг та бүхэн мэдэж байгаа. “Эргүүлэг” киноны дуулиан ингээд намжаагүй. МАХН-ын үзэл суртал хариуцсан хэсэг ажилтнууд киног үзээд нэгэн дуугаар нулимсан гэдэг. Энэ нь киног намын үзэл сурталд таарахгүй хэмээн зориуд устгахаар зохион байгуулсан арга хэмжээ байсан учир уригдаж очсон Ж.Бунтар, Р.Доржпалам нар өмөөрөөд дийлэлгүй гарч явсан аж. Хүнд ачааг үүрсэн найруулагч Ч.Жумдаан ганцаараа үлдэж үзэлцсээр уулзалт дууссан түүхтэй”.

   Ч.Жумдаан:  “Хойно сургуулиа дүүргэж ирээдХүний хүнуран сайхны киног 1987 онд хийсэн. Бурхан болооч Б.Балжинням найруулагч мааньАй хөөрхий, чи миньгэж зохиол бичсэнээЭнэ киног ганцхан Жумдаан л хийнэгээд надад итгэл хүлээлгэсэн хэрэг. Энэ нь намайг сайн гэсэн ч үг биш байх. Ингээд 1989 ондЭргүүлэгкиног тэр үеийн үзэл суртлын их олон даваа бэрхшээлийг туулж байж хийсэн. Хийсэн хойно ч их хэл ам дагуулсан. Тухайн үед нийгэмд бугшсан идээ бээрийг гаргаж тавихдаа их хурцаар өгүүлсэн. Ногоон малгайтнууд хүрч ирээд гэрийг нь буулгахаар тооноо өөрөө хага шидэж байгаа хэсэг бий. Тангаргын үг энэ тэр чТэнгэрийн сум болъё. Муу муухай биднээр төгсгөл бологгэсэн санаатай. Эхлэл, төгсгөл дээр Сэлэнгийн их эргүүлгээс хөл алдахгүй гараад явчихаж байгаа монгол морины зураглал байна. Монгол морь ямар ч их эргүүлэгт живдэггүйтэй адил монгол хүн ч гэсэн хувь заяаны эргүүлэгт амьдралаа сүйрүүлэхгүй гэсэн ёгт санааг кинонд зангидаж өгсөн хэрэг л дээ. Ёс заншлаа хаячихсан талаар хөндөж өгсөн. “Эргүүлэгкиног Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний үеэр үзүүлж бөөн л юм болж байлаа. Тэр үед Да.Ганболд, Р.Гончигдорж нар улс төрийн олон эшт үзлийг буулгасан уран бүтээл гэж үнэлсэн л байдаг юм. Энэ кинон дээр гэхэд тас хар хувцастай рок дуучид цав цагаан хувцастай охинтой төмөр зам дээр уулзаж байгаа чинь хүний дотоод сэтгэл, нийгмийн мөн чанарын зөрчлийг харуулж байгаа юм”.

Б.Цогтбаяр, Д.Мягмарсүрэн. “Сэтгэлд мөнхөрсөн монгол кино” ном. 2015 он. 70-71 дүгээр тал