“Мод үүл хоёр”
Өнөөдрийн Хөгжим
2024-09-16
Энэ дууны санааг яруу найрагч Д.Ган-Очир Леонардо Да Винчигийн нэгэн үлгэрээс авчээ. Тухайн үед “Камертон” хамтлаг Монгол газар компанид байрладаг байхад яруу найрагч хамтлагийн ахлагч Д.Болд дээр очиж зохиож байв. Ая нь бэлэн байсан учир түүн дээр нь шууд үгээ бичсэн аж. Хэд хоногийн дараа нь Д.Болд түүн рүү утастаж “Би дууныхаа шүлгийг алга болгочихлоо” гээд хүрээд ирээч гээд дууджээ. Гэвч яруу найрагчийн Дорнод явах ажилтай давхацсан учир очиж амжихгүй болсон байна. Эцэст нь утсаар санаанд байсан шүлгийнхээ мөртүүдийг хэлж өгснөөр дуу бүтжээ. “Камертон” энэ дуугаа “Төгсөшгүй” цомогт оруулсан боловч яруу найрагчийн нэрийг бичээгүй байсанд тэрбээр “Дуурсахуй” дуун боть номдоо оруулахаар шийджээ. Энэ талаараа тэр “Санаа шүлгийн хэм хэмжээ бүгдийг би гаргаж бичсэн учраас дахин сэргээж номдоо орууллаа” хэмээн тайлбарласан байна.