"Би гэртээ"
Өнөөдрийн Хөгжим
2024-09-10
“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын ая, “Номин талст” хамтлагийн дуулсан "Би гэртээ" дууны талаар яруу найрагч Д.Ган-Очир “Дуурсахуй” дуун боть номдоо бичжээ. Тэрбээр “Клип нь дууны утгаасаа эсэргээрээ ч дуу нь дэндүү сайн болсон. Д.Отгонбаяр шүлгийг нь сайн мэдэрч аялгууг нь хийсэн дээ. Шүлгийг нь Эрдэнэт рүү долоо хоног ажлаар яваад буцах замдаа галт тэргэнд бичсэн юм. Тухайн үед Эрдэнэтэд тааралдсан “Нисванис”-ийн Л.Энх-Амгалангийн ярианаас гэнэт санаа төрж, найруулгыг нь бодчихсон явж байлаа. Тэгтэл дараа нь тэр шүлэг миний шүлгийн дэвтэр дээр байсныг “Номин талст”-ийн Д.Батсүх олзуурхан сугалан гаргаж ирж, мөрийг нь дууны шүлэг болгосон юм. Тухайн үед би “Номин талст” хамтлагтай “Нэмэх, Хасах” цомогт нь зургаан шилдэг дууны шүлэг өгч, урамшаад байсан цаг. Гоё мөчүүд, гэрэлт мөрөөдлөөр дүүрэн он жилүүд байжээ” хэмээн дурссан байна. “Номин талст” хамтлаг энэ дууг “Бидний үег” цомогтоо оруулжээ.