“Хулан хонгор"
Өнөөдрийн Хөгжим
2024-09-04
Хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын ая, зохиолч, яруу найрагч Д.Цэдэвийн шүлгээр бүтсэн "Хулан хонгор" дууны талаар Г.Дарамзагдын охин Д.Оюун Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Д.Оюуныг 2011 онд аавынхаа 108 дууны түүврийг эмхэтгэн гаргах үед зохиолч Д.Цэдэв энэ дууны түүхийг бичиж өгсөн байна.
Зохиолч Д.Цэдэв 1967 онд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Энэ үеэс эхлэн тэрбээр 1920-1930-аад оны үеийн дууны уламжлал, шинэчлэлийн талаар сонирхон, соёл урлагийн ахмад зүтгэлтнүүд, дуу хөгжим сонирхогчидтой олонтаа уулзах болж, тухайн үед Дуурь бүжгийн театрын ерөнхий хормейстрээр ажиллаж байсан Г.Дарамзагдтай танилцжээ. Тэдний анхны хамтарсан уран бүтээл нь "Домогт Хэрлэн" дуу байв. Д.Цэдэв XIX хороололд байранд нүүж орсон нь Г.Дарамзагдын харих замд ойр болж, тэд илүү дотно нөхөрлөх болжээ. 1974 оны өвлийн нэг орой Г.Дарамзагд Д.Цэдэвийн гэрт очиж "Морины тухай дуу хиймээр байна" гээд шүлгийг нь бичиж өгөхийг хүсжээ. Тэгтэл Д.Цэдэв хариуд нь хамгийн хайртай морийг нь асуусанд "Би нэг сайхан хонгор морьтой байсан" гээд удам судар, үүх түүхээс нь дурсжээ. Ийн удаан хуучилсны эцэст хоёуланд нь хөдөө нутагт бага залуу насандаа хонгор морьтой байсан түүх намтар байсан учир сэргээн бодож "Хулан хонгор" нэртэй дуу хийхээр тохирчээ. Ингээд үг, шүлгийн мөртүүдийг сэлбэн засаж түүний дагууд төдөлгүй Г.Дарамзагдын аялгуу бэлэн болсон байна. Г.Дарамзагд төгөлдөр хуур дээр аялгууг нь дарж өөрөө дуулаад "Ямар ч гэсэн энэ аялгуу бол “Хурдан зээрд” шиг уралдааны хурдан хүлгийн тасран цойлох давхиа биш, энгийн сайхан хүлгийн хурд хуваах усан хар хатираа шүү дээ" хэмээн ярьж байжээ. МУГЖ Ж.Нансалмаа хожим 2001 онд "Г.Дарамзагд багшийн өгсөн үг, ая нь их л сонин санагдсан тул тэр дор нь би дуулсан" гэсэн байна. Чухам ингэж "Хулан хонгор" Ж.Нансалмаагийн дуулж, Монголын радиод бичигдсэнээр олонд хүрсэн байна.