images

“Үзэсгэлэнт од”


     1990-ээд онд ид мандаж байсан “Титэм” хамтлаг, дуучин Л.Тайванбатын энэ дууг тэр үеийнхэн андахгүй. 1994 онд болсон хамтлагийн анхны тоглолт ч энэ дууны нэрээр нэрлэгдэж байв. "Үзэсгэлэнт од" дууны үгийг зохиосон Монголын радиогийн “Цагаан лавай” студийн найруулагч Д.Батсайхан энэ түүхээ манай сурвалжлагчид ингэж ярив. 

     “1989 онд намайг Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курст байхад Л.Тайванбат үлээврийн ангид байсан юм. Тэр жил үлээврийн ангийг тараагаад хийл, төгөлдөр хуур, үндэсний хөгжмийн ангиудад хуваахад манай ангид орж ирж таарсан. Тэгтэл мань хүн нэг өдөр орж ирээд “Шүлэг мүлэг байвал дуу мууг бас зохиож байна аа” гээд л онгиров. Тэгэхээр нь би зөрүүлээд “Би 10 минутанд шүлэг биччихвэл чи 5 минутанд ая хийж чадах юм уу?” гэлээ. Тайванаа ч “Чадна ш дээ” гэнэ. Би тэр үед бас шүлэг цоохорлоно оо. 19-тэй хүү ч тэгээд хайрын л шүлэг бичдэг юм байгаа биз дээ. Нэг ногоон дэвтэртэй, тэрэн дээрээ хэдэн шүлэгтэй. Би 15 орчим минут бичсэн байх. Тайванаа ч ангид байсан төгөлдөр хуур дээр 10-аад минут суугаад л ая зохиочихсон. Түүнийг нь бид чинь ангиараа дагаж дуулаад л “Үзэсгэлэнт од” дуу бүтсэн дээ. Анх хоёр бадаг, нэг дахилттай байлаа. Гэхдээ “Үзэсгэлэнт од” бол анхны дуу биш. Манайх чинь Хөгжим бүжгийн сургуулийн түүхэнд ангиараа хамгийн хол аялсан анги байлаа. Архангай аймгийн Хорго руу аялсан юм. Суман голын эрэг дээр өнжиж байхдаа “Талын цэцэг” дууныхаа шүлгийг бичсэнд Л.Тайванбат ая хийгээд анхны дуу тэгж бүтсэн түүхтэй юм. Дараа нь “Үзэсгэлэнт од”, тэгээд сүүлд нь “Мөрөөдөл” дууг хийсэн. Л.Тайванбат миний гурван ч дууг дуулсан юм байна шүү”.