images

Цэвэрбал


    Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал амьдралынхаа 50 жилийг Монголын сагсан бөмбөгийн спортод зориулсан юм. Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн бол аав Цэрэндондог нь Ховд аймгийн өөлд хүн ажээ. Түүний нэр манай улсад цорийн ганц бөгөөд ховор содон нэрэнд зүй ёсоор тооцогддог. Хүүхэд байхад нь эргэн тойрны хүмүүс, найз нөхөд нь нэрийнх нь учрыг ихэд хачирхан асуух болгонд “Би өөрөө ч учрыг нь мэдэхгүй” гэж явсаар нэг өдөр ааваасаа “Яагаад надад ийм нэр өгсөн юм бэ?” гээд шалгааж гарчээ. Харин аав нь “Чамайг төрөхөд би баярлаж хөөрсөн амьтан Сүхбаатарын талбайн хажуугаар явж байтал чихэнд минь Цэвэрбал гэж нэр сонсогдоод байсан юм” гэж тайлбарлаад өнгөрчээ. Тэгтэл түүний аав нь нэгэн үе Юмжаагийн Цэдэнбалтай мөр зэрэгцэн суралцаж байсан гэнэ. Сургуулиа ч дүүргээд эх орондоо ирж Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд нягтлангаар ажиллаж байтал хэрэгт гүтгэгдэж хэлмэгдсэнээр Ховд аймгийн хорих ангид гурван жил болжээ. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал тэргүүтэй улсууд шалгалтаар очиж таарсанд түүний аав ихэд санаа зовсондоо хураасан түлээний араар нуугдчихсан аж. Тэгсэн улсуудын хараанд өртөж, дуудаж гаргаж ирүүлснээр удаан уулзаагүй нөхөртэйгээ нүүр тулан учир байдлаа хэлжээ. Түүнээс хоёр долоо хоногийн дараа суллагдахаар болжээ. Энэ талаар гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө "Хожим ухаж бодох нь ээ, Ю.Цэдэнбал дарга нөхрийн тусыг бэлгэшээгээд, надад ийм нэр өгсөн байх" хэмээн дурссан байна.