images

Таванцэрэг


Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн шинжээч, түүхч, угсаатан судлаач, доктор М.Ганболд нутгийн найз Дамдины Таванцэрэгийн нэрийн тухай ийн өгүүлжээ.

     Таванцэрэг бид хоёр хамтдаа тэртээ алсын эрт цагаас бараа бараандаа л яваа юм. Аав нь Борхоодойн Дамдин гэж хөнгөн шингэн, тав тэв хийсэн сайхан азай буурал байлаа. Тээр жил Халзанбүргэдтэйн Хаалгатын аманд зусаж байхад хоёр гурван өдөр сайхан ярилцаж билээ.

     Ааваас нь сонссон Таванцэрэгийнхээ нэрийн тухай өгүүлье. 1963 оны тавдугаар сарын сүүлээр Дамдин ахынх Баянбулагийн Өлөнтөд хаваржиж байжээ. Бригадаас нь цэрэгт татагдсан таван залуу ирж хонож. Тэр цагийн гурван жилийн албанд мордох залуус тэгж хэд гурваараа нэгдэн нутаг усаараа орж, ахан дүүс, ахмадуудтайгаа уулзан, тоглож наадан, үг сургаалыг нь сонсож айлчилдаг байсан юм. Хүнд хэцүү дайны бэрх үеэс тогтсон заншил байсан биз ээ. Залуус айлчилсан тавдугаар сарын 29-ний үүрээр Дамдин ахынд шинэ хүү мэндэлж дээ. Тэгээд аав нь бэлгэшээн, цэргийн эрс ирсэнд баясан хүүдээ Таванцэрэг гэж нэр өгсөн байдаг. Ер нь монгол хүний шинэ хүүхэддээ нэр өгөхөд ийм тохиол учир шалтгаан нөлөөлдөг, тийм ёс заншил баримталдаг байсан шүү дээ. Тэгэхээр монгол ухаанаар, монгол ёсоо дагаж, бэлэг ёсыг бодож өгсөн нэр нь Таванцэрэг. Ховордуу нэр. Хөгжмийн зохиолч Таванцэрэг гэж нэг хүн байсан байдаг. Өөрийг бол мэдэхгүй юм.

     Нэртэй нь холбоотой элдэв зүйлс, хэрэг учрал нилээд бий. Цэрэгт байхдаа нэг удаа 24 цагийн чөлөө авчээ. Оройн тоон дээр штабын жижүүр ирц аваад "Таванцэрэг чөлөөтэй” гэсэн мэдээ хараад "Хэн ийм олон цэрэгт чөлөө өгсөн юм" хэмээн сүрхий уурссан гэдэг. Бас нэг удаа харуулд гарч байхад нь жижүүр очоод цэргийн гал тогооноос "Харуулд гарсан Таванцэрэгт хоол авъя" гэхэд нь найман литрийн хувингаар дүүрэн хоол явуулсан байдаг юм. Энэ мэтийн явдал дуусахгүй л дээ. Түүнийг түрүүч цолтой, цав цагаарч гандсан кительтэй хуучин цэрэг байхад би шинэ цэрэг очиж, улаан ус, боорцгонд цадаж, томдсон цамцаа солиулж л явлаа.

     Цэргээс халагдаад хоёулаа сумандаа ажилласан. Мань эр сумын АДХГЗ-ын нарийн бичгийн дарга. Спортоор хичээллэдэг, волейбол, ширээний теннис сайн тоглодог, эмх цэгцтэй яриатай, зүтгэлтэй, мотоцикл унаж налуулж эргэсэн залуу байсан. "Цэрэг ээ, дарга тань сайхан ярив биш үү хөвүүд" гэсэн нэг үг тэр цагт гарсан байдаг. Амралтын өдрөөр хамтдаа тоглож, хуучин калибр үүрээд уул хадаар явдагсан. Удалгүй би Ховдод шилжин, Таванцэрэг маань ХоБДС-д суралцахаар явсан юм. Тэр дээд мэргэжилтэй багш болж төгсөөд эргээд сумандаа очсон. Саяхан "Соёлын сэргэлт-2023"-ын ажлаар нутагтаа очив. Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвийн ажилтан, спортын мастер Д.Таванцэрэг маань гялалзаж, гялтганасан хэвээрээ л байна. Сумынхаа Соёлын төвд соёлын өв хариуцдаг ажээ.