images

Ороссүх


Орос хэлний багш Шаравын Ороссүх манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

     Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1954 онд төрсөн юм. Намайг төрөхөд эмээ Оросмаа гэдэг нэр өгнө гэж зөрүүдэлжээ. Харин аав Сүх гэдэг нэр өгнө гэсэн юм байх. Учир нь, аав намайг төрөхийн өмнө хээрээс сүх олсон тул түүнийгээ бэлгэшээсэн хэрэг. Тэгээд л тэд дундаа хийж тохиролцоод Ороссүх гэдэг нэр хайрлажээ. Би айлын ганц хүү. Миний дээр охин хүүхдүүд гарч байсан ч тогтоогүй аж. Тийм болохоор эмээ минь өөр нэр өгье гэж санасан байх. Маа гэдэг чинь төвөдөөр эх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр надад Орос-Эх гэдэг нэр өгөх гэжээ. Хожим би орос хэлний багш мэргэжил эзэмшсэн нь бэлгэшээлтэй сайхан санагддаг. Одоо бол Монголын статистикийн хорооны сайтаас шалгаад үзвэл Ороссүх нэртэй хоёр хүн байна. Нэг нь би, нөгөөх нь Чингэлтэй дүүрэгт байдаг биеийн тамирын багш эмэгтэй. Анх 1990-ээд оны эхээр утасны дугаартай шар ном гардаг байхад би О үсэг дээр хайлт хийж байгаад Ороссүх гэдэг айлын дугаар байхыг олсон юм. Тэгээд шууд л дугаар луу нь залгаж танилцаад “Уулзья” гэж ярилцсан ч одоог хүртэл уулзаагүй л байна. Хожим тэр хүний охин над дээр дадлага хийж таараад Шаравын Ороссүх гэж миний нэрийг сонсоод “Ямар сонин юм бэ. Миний ээжийг Ороссүх, аавыг Шарав гэдэг” гэж байсан юм. Охин нь бас “Та хоёрыг уулзуулна аа” гэж л байв.