images

Дадишиури


Эрх зүйч мэргэжилтэй Б.Дадишиури өөрийн нэрний тухай манай сайтад ярилаа.

     Намайг Дадишиури гэдэг. Төвөдөөр төгс төгөлдөр оюун ухаан гэсэн утгатай энэ нэрийг аав маань өгсөн. Манай аав лам хүн л дээ. Надад яг яагаад ийм нэр өгсөн тухайгаа нарийн тайлбарлаж өгч байгаагүй ч нэг удаа "Хүний нэрийг өгөхдөө хувь заяанаас нь зөрүүлж өгдөг. Чи тэнэг байх учраас би оюун ухааныг бэлгэдсэн нэр өгсөн” гэж хэлж байсан. Тэрийг би надаар тоглоод ингэж хэлжээ гэж ойлгосон. Учир нь, Буддын шашинд хүнд нэр өгөхдөө тухайн хүний төрсөн жил, сар, өдөр, мэнгийг хардаг шүү дээ. Миний төрсөн мэнгэний бурхан нь оюун ухаан, гэгээрлийг илэрхийлдэг Манзушир юм. Аав маань энийг л бэлгэдэж надад ийм нэр өгсөн болов уу гэж боддог. Би ааваас энэ тухай олон дахин асууж шалгааж байсангүй. Хааяа ам нь халахаараа надад ингэж хэлдэг байсан юм. Гэхдээ миний нэрийг аав маань анх өгөхдөө Дадишуари гэж өгсөн. Гэвч яг төрсний гэрчилгээ авах болоход Дадишиури болгочихсон гэдэг. Учир нь, манай өвөө буюу аавын маань аав насаараа багшилсан, монгол хэл бичгийн дүрэм баримталдаг хүн. Тэгээд л Дадишуари гэж бичих нь зөв бичгийн дүрэмд нийцэхгүй гэж үзээд Дадишиури болгосон юм билээ. Одоо манай гэрийнхэн ааваас бусад нь Дадишиури гэж дууддаг. Аав бол “Би чамд уг нь Дадишуари гэдэг нэр өгсөн шүү дээ” гэдэг юм. Харин би энэ хоёрыг өөр нэр гэж боддоггүй. Бас Шиуриг нь Шуари болгож засъя гэж ч боддогүй.

     Одоогоор Монголд надтай ижилхэн нэртэй хүн байхгүй. Анх 17 настайдаа ахтайгаа хамт сууж байгаад интернэтээс нэрээ хайж үзсэн. Тэгэхэд “Монгол улсын хэмжээнд нэг хүн байна” гэж гарч ирж байлаа. Тухайн үед "Надтай адилхан нэртэй өөр хүн байдаг юм байна" гэхэд ах маань "Энэ чинь чи шүү дээ" гээд инээдэм болсон доо. Мөн Дорноговь аймгийн Хамрын хийдийн музейд очоод үзвэл Говийн ноён хутагт Данзанравжаагийн бичиг ном, ахуйн ажлыг зохицуулдаг байсан Дадишуари гэдэг эмэгтэйн дээл хувцас, эдэлж хэрэглэсэн юмнууд нь бий. Би нэрэндээ их хайртай. Намайг ихэвчлэн Дади гэж дууддаг. Тэрийг маань Дайдий гэж дууддаг хүмүүст дургүй. Дөрөвхөн үсэгтэй үг хэлэх амархан шүү дээ. Хоёр эгшгийг нь богинохон хэлдэг байхгүй юу. 

     Миний нэр маш өвөрмөц учраас сонин содон үйл явдлууд тохионо оо. Ер нь содон нэртэй байх давуу ч талтай, сул ч талтай. Сул тал нь гэвэл бичихэд хэцүү. Анх нэгдүгээр ангид орсноос өгсүүлээд бичиг хэрэг, бүртгэлийн үед нэрийг минь бичих, дуудах хүндрэлтэй байсаар ирсэн. Хүн бүр миний нэрийг буруу хэлдэг болохоор тэр бүр гайхмаар санагдахаа больжээ. Хамгийн сонин нь гэвэл нэг удаа Дамдинсүрэн гэж байсан. Мөн манай их сургуулийн хуулийн багш Анхмаа нэгдүгээр курст орсноос хойш одоог хүртэл Дадишүүр гэж дуудаж байна. Харин ямар ч үед ангийнхан маань миний нэрийг багш нар зөв бичиж авах, дуудахад надаас илүү анхаардаг, гаргаадаггүй байлаа. Сониноос бусад хүмүүс нэрийг нь буруу хэлэхэд гайхдаг бол би зөв хэлэхэд нь гайхдаг. Гэхдээ ийм явдал надад ганцхан тохиолдсон. Нэг хятад хүн миний нэрийг ганцхан удаа сонсчихоод зөрүүлээд маш цэвэрхэн зөв хэлж байлаа. Харин хүнтэй анх танилцахад өвөрмөц нэртэй байх нь давуу тал болдог. Тэр хүн нэрийг маань сонсоод "Сая юу гэчихэв ээ?" гээд анхаарал нь над дээр тусдаг. Одоо үед даяарчлалын нөлөөгөөр хүмүүс хүүхдүүддээ содон нэр өгдөг болсон болохоор нэрсийн жагсаалт дундаас тэгтлээ онцгойрохоо больж байна.