images

Үерцэцэг


Дашдондов овогтой Үерцэцэг манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

     Би 1993 оны долдугаар сарын 2-нд төрсөн. Нэрийг маань аав маань хайрласан. Намайг төрж байх үеийн цаг агаар, нөхцөл байдалтай холбогдуулаад ийм нэр өгсөн гэсэн. Манай аав, ээж хоёр 1993 оны долоодугаар сард зуны амралтаараа Төв аймгийн Батсүмбэр суманд аялж явахдаа Хүйн голоор дайрч өнгөрсөн юм билээ. Нэг машинд олон жуулчинтай хамт явж таараад тэр гол руу машинтайгаа яваад ортол тэг дундаа ороод унтарчихжээ. Тэгсэн ээж гэнэт өвдөөд ус нь гарчихаж. Машинд байсан хүмүүс тухайн үед сандралдаад хаашаа ч гарах гарцгүй, тусламж дуудсан ч удахаар байсан учир төрөхөөс өөр аргагүйд хүрч, машины жолооч ах намайг эх барьж авсан гэсэн. Ээжийг минь төрүүлсний дараа машинаа голоос татаж гаргаад удаагүй байж байтал бороо зогсож, тэнгэр цэлмээд эргэн тойрон ургамал ногоо, цэцэг навч жигтэйхэн сайхан болчихсон байсан гэнэ. Хожим сонсох нь ээ, намайг төрсөн жил аадар бороо их орсон, ус үерлэх нь элбэг байсан аж. Тэгээд миний нэрийг сонгохоор болж тухайн үедээ л хэлэлцүүлэг өрнүүлж байтал намайг төрүүлэх үед машинд цугтаа явж таарсан орос жуулчин “Орос нэр өгчих” гэж санал болгож л дээ. Харин аав ээж хоёр маань үертэй голд төрөөд эсэн мэнд гарч ирснийг нь бэлгэшээгээд хур бороо элбэг, цэцэг навч сайтай байсныг нь бодоод ингэж нэр өгсөн гэдэг. Бас намайг багад бие өвдөх, халуурч бүлээрсэн тохиолдолд бороо орж байвал балкон дээрээ гаргачихаар хурдан эдгэрдэг, тийм байгальтайгаа холбоотой хүүхэд байсан гэж ярьдаг. Одоо төрсөн өдрөө тэмдэглэх гэхээр их бага хэмжээгээр заавал бороотой байж таардаг юм. Улирал нь хэдий тийм ч гэлээ, нартай өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байснаа санадаггүй. Би бас өөртэйгөө ижил нэртэй хүнийг хайгаад үзтэл, Монголд надтай адилхан нэртэй ахиад нэг хүн байсан. 1996 онд төрсөн эмэгтэй байна лээ. Хүмүүс ховор содон нэртэй хүмүүстэй таарахаараа заавал лавлаж асуудаг шиг миний нэрийг “Хэн гэнэ ээ?” гээд л байн байн эргэж асууна. Яагаад ийм нэртэй болсон юм бэ гэхээр нь би сайн мэдэхгүй байна аа гээд л орхичихдог. Ийм урт түүхийг чинь хүн болгонд яриад яваад байлтай нь биш чамд л яриад өгчихье дөө.