images

“Барсан хэвнэгт баатар”-ын тухай


Яруу найрагч Шагдарын Дулмаа гуайн хууч яриа

     Тавиад оны эхээр МУИС-ийн дугуй зааланд орой болгон шахам сууж байдаг дуу цөөтэй, сэргэлэн харцтай нэгэн залуу байсан нь Доржийн Гомбожав билээ. Хожим зохиолчдын хороон дээр уулзан танилцаж, бүр сүүлдээ шүлэг зохиолоосоо уншиж өгдөг болж зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож байсан өдрүүд биднийг уран бүтээлийн сайн нөхөд болгож дотно танилцуулсан юм. Гомбожавын уран бүтээлийн хэдэн нөхдөөс бусад нь түүний авьяас чадлыг ойлгож байсан болов уу, мэдэхгүй. Далаад оны эхээр Зөвлөлтийн утга зохиолын баярт оролцож Гүржид очиход тэндхийн олон найрагчид Гомбожавын тухай ярьж, зарим нь “Дайн” шүлгийг нь цээжээр уншиж байсныг бодоход тэр маань онцгой нэгэн байжээ. Тэрбээр уран бүтээлч нөхдөдөө илэн далангүй ярьж, шүлэг зохиолыг нь дүгнэж цэгнэж, хэдхэн үгээр онож хэлдэг хүн байсан юм. Нэг өдөр надтай уулзаад “Бүсгүй” шүлэг чинь зүгээр болжээ. Харин тэр “Дурсгалын тэмдэг” шүлэг чинь сайн болсонгүй. Нэг л дутуу санагдаад байна. Чи нэг эргэж хараарай. Шүлэгт чинь хүнд хэлэх тодорхой санаа байх ёстой шүү дээ” гэж билээ. Түүний энэ үг намайг шүлэг бичих бүрд санагддаг юм. Энэ нь түүний шударга зангийн илрэл юм. Гомбожав “Барсан хэвнэгт баатар”-аа орчуулж хэвлүүлсэн хойноо манайд ирж нэлээд хэдэн шүлэг уншиж билээ. Дараа нь намайг ЗХУ-д сурч байгаад амралтаараа ирэхэд манайд ирж нэлээд суугаад явсан. Гарахад нь “Чи надад юу захих вэ?” гэж асуухад их л хөгжилтэйгөөр “Шинэ шүлэг, шил юм авчраарай” гэлээ. Тэгээд “Чамайг төгсөөд ирэхээр чинь хоёулаа Самид Вургуны уран бүтээлээс орчуулна шүү. Яагаад гэвэл хамт юм хийвэл би чамаас айгаад гарч гүйхгүй. Чи уухгүй болохоор би шил юм эргүүлэх гэж бодохгүй амар байхгүй юу” гээд хошигнон инээсээр гарч билээ. Тэр бол бид хоёрын сүүлчийн уулзалт байсан юм даа.