images

Гүнзаяа


Сидар ХХК-ийн "Салхит" ил уурхайн уулын хэлтсийн диспетчер Эрдэнэдалайгийн Гүнзаяа манай сайтад нэрийнхээ талаар ярилаа. 

   Намайг Гүнзаяа гэдэг. Нэг бус хүн Хунзаяа, Гүнжзаяа гэх мэтээр буруу дуудаж байсан. Тийм ч өвөрмөц биш хэр нь өөрийн нэрийн утгыг та бүхэнд дүйе. Би Засагт хан аймгийн Юм бэйсийн хошуу буюу одоогоор Баянхонгор аймгийн Баянцагаан суманд малчин айлын ууган охин болон мэндэлсэн. Эцэг эхээс дөрвүүлээ. 17 дугаар жаранд байсан Монголын бурхны шашны баруун хаалга Гомон хэмээн нэрлэгдэх Амарбуянтын хийд манай нутаг хошуунд буй. Аав минь хожим сэргээгдэхэд нь шавилан сууж найм орчим жил бурхны номд шамдсан хүн. Анхны охин болох надад "Гүн" гэдэг үгээр сэлбэж, сэргээгдэхгүй төрмөл их ухаан суу билигтэй байг хэмээн бүсгүй хүний заяа нь бүтэн, сайн сайхан яваасай хэмээн бэлгэдэж Гүнзаяа хэмээх нэрийг хайрласан гэдэг. Харин эрэгтэй дүүг маань Санжаагомбо гэдэг. Бурхны итгэл гэсэн утгатай төвөд нэр, Монголд хоёрхон байдаг. Дараагийн эмэгтэй дүү нарыг маань Гэрэлтуяа, Буян-Орших гэдэг. Учир холбогдлыг нь тайлбарлаж өгөөгүй ч гэрэл гэгээтэй, сайн сайхан явахыг ерөөж өгсөн юм. Сонирхолтой нь, миний нэртэй ижил 49 хүн манай улсад байдаг юм билээ. Алдартнуудаас гэвэл мисс Гүнзаяа хэмээх сайхан эмэгтэй бий шүү.