images

Есөнзун


     Есөнзун гэдэг нэр Монгол улсын хэмжээнд ердөө ганц байдаг ажээ. Энэ нэрийн эзэн өдгөө 13 настай сурагч хүү бөгөөд нийслэлийн 142 дугаар сургуулийн сурагч юм. Тэрбээр зургадугаар ангид байхдаа нэрнийхээ тухай бичсэн зохион бичлэгтээ ”Манай гэр бүл байгаль дэлхийгээс бүрддэг. Аав, ээж хоёр минь уул, усны нэртэй. Манай эгчийг Э.Бэрцэцэг гэдэг бөгөөд энэ нь хайрлах, хүлээхийн бэлгэдэл болсон Монголын үндэсний бахархалт цэцгийн нэр юм. Харин миний дүүг маань Э.Наранзун гэдэг. Дүү маань зуны нэртэй. Бас ховор нэртэй хүмүүсийн тоонд ордог. Харин намайг Э.Есөнзун гэдэг. Миний нэрийг ээж минь шижир алтны сорьц шиг гурван есын тоог бэлгэдэж өгсөн гэж хэлсэн. Яагаад гэвэл, аав, ээж хоёр үерхээд есөн жил болсныхоо дараа хүүтэй болсон гэдэг. Бас би 2009 оны есдүгээр сард төрсөн. Тийм болохоор 999 гэсэн гурван есийн тоог бэлгэдэж, Есөнзун гэсэн нэрийг өгсөн гэж хэлсэн. Миний нэр Монгол улсын хэмжээнд ердөө ганцхан бий. Би нэрэндээ их хайртай” хэмээн бичжээ.