images

Дарханхөвсгөл


Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Гомбын Сэр-Одын шагналт, "Өглөөний сонин"-ы сэтгүүлч Тэрбишийн Дарханхөвсгөл нэрийнхээ тухай манай сайтад ярилаа.

      Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхэд. Хуучнаар Хатгал хот ч гэдэг байлаа. Хүн ам олонтой, ноос угаах, мод боловсруулах үйлдвэртэй, усан замын тээвэртэй, Монголдоо том тосгон. Намайг хүүхэд байхад тэр бүх үйлдвэр хаагдаж, хүмүүс нүүгээд хөл хөдөлгөөн багассан учир Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат тосгон болгочихсон юм. Би Улаанбаатар хотод 1987 онд Бямбацогт, Оюунчимэг нарын хүүхэд болж төрсөн. Нэг ой хүрдэг жилээ хүндээр өвдөж хотын бүх сайн гэсэн эмнэлгээр үзүүлээд байж. Гэвч ер болсонгүй, эмч нар ч сүүлдээ намайг хүн болохгүй юм байна гэж хэлдэг болж, манай гэрийнхэн яахаа мэдэхгүй мухардчихсан байв. Тэр үед ээж маань Хатгалд байдаг том эгч рүүгээ ганц хүү төрүүлтэл бие нь илааршиж өгөхгүй юм гэж утсаар ярьсан юм билээ. Хариуд нь тэрбээр хатуухан үг хэлж Хүүхэд хөхүүлж үзээгүй биш ямар, үнэхээр найдваргүй гээд байгаа юм бол над дээр аваад ир! Энд цэнгэг агаар, байгальтай ойр, цагаан идээ идүүлээд торниулаад авъя би” гэж л дээ. Тэгээд л ой хүрдэг жилдээ Тэрбиш, Ганчимэг нарын хүүхэд болж Хатгалд очсон. Одоо би Тэрбишийн Дарханхөвсгөл гэж овоглож явдаг. Өргөж авсан ээж маань айлын том эгч нь. Харин нэрийг маань аав минь хайрласан. Намайг төрөх үед сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл хүмүүсийн дунд түгж, Ардын Их Хурал дээр ч Хөвсгөл нуураас холгүй байдаг фосфоритын ордыг ашиглах нь зөв, буруу гэсэн мэтгэлцээн нийгэм даяараа өрнөж байж. Тэгээд аав маань Хөвсгөл далайг минь дархан цаазтай болгоосой гэж бэлгэдэхдээ Дарханхөвсгөл гэж өгсөн гэсэн. Манай аав агрономич мэргэжилтэй. Ном сонин их уншдаг, шүлгийн мөр холбодог хүн бий. Намайг төрснөөс хойш нэг их удалгүй ерөөл бэлгэдлээр Хөвсгөл далай орчмын бүс нутгийг дархан цаазтай, тусгай хамгаалалттай болгосноор ойр орчмынх нь амьдрал эргэн сэргэж, хүн зон нь нэмэгдсэн юм.

      Би эмч болох сонирхолтой хүүхэд байлаа. Зургаадугаар ангиасаа химийн хичээлээр дагнан хичээллэж байв. Харамсалтай нь 10 дугаар ангид ороод хуваарь авах болоход Анагаахын их сургуулийн эмчилгээний ангийн хоёрхон хуваарь ирээд, хамраараа таслуулсан. Тэгээд нэгэнт эмчилгээний эмч болж чадахгүй юм чинь гээд, нэрийг нь харж байгаад л ШУТИС-ийн эмчилгээний хоол зүйчийн ангийг авчихсан. Оюутан болоод явж байтал надад сонгосон минь нэг л зохидоггүй ээ. Гэнэт л гуравдугаар курсээсээ монгол хэл, уран зохиолын ангид шилжээд орчихсон. Багаасаа шүлэг, яруу найраг оролддог байсан минь намайг зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуяг багштайгаа хувь ерөөлөөр учруулсан юм. Багш маань тухайн үед Их Монгол дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад би шууд л шалгалтыг нь өгөөд шилжээд орсон доо. 2009 онд сургуулиа ч төгслөө, тэгтэл багшаар ажиллах нь нэг л сэтгэлд буудаггүй. Тэгэхээр нь ор тас болиод нэг радиод ажилд орж, ерөнхий редактор хүртлээ ажилласан юм. Сэтгүүлч болох эхлэл маань тэгж тавигдаад, одоо энэ салбартаа 14 дэх жилдээ ажиллаж байна.

     Ухаан орсон цагаасаа л нэрнээсээ болж хүмүүст шоолуулж өссөн. “Чи тэгээд Дарханы Хөвсгөл юм уу? Хөвсгөлийн Дархан юм уу? Аль нь чиний овог юм?” гэж асуух энүүхэнд. Сүүлд оюутан болсон хойно ангийн найзууд Дарханд ээжийнхээ гэдсэнд олдоод Хөвсгөлд төрөө юу?” гэж байсан ч удаатай. Би 2013-15 оны хооронд news.mn сайтад ажиллаж байсан юм. Тэр үед өөрийн ижил нэртэй хүмүүсийг цахим хайлтаар олж мэддэг моод дэлгэрч байлаа. Тэгээд нэг өдөр сонирхоод нэрээ хайж үзтэл “Монгол улсын хэмжээнд тантай ижил нэртэй нэг хүн байна” гэж гарч ирээд болдоггүй. Ажлаараа шахуу ярьцгаагаад Надтай адилхан нэртэй нэг хүн байна гэтэл бүгд л гайхаад “Тэгвэл хайж олъё л доо гэв ээ. Тэгээд сэтгүүлчид юм болохоороо зарим нэг нь Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү хандаж, зарим нь мэдэж болох эх сурвалжууд руу яриад л бүтэн өдөр шахуу юм боллоо. Тэгтэл маргааш өглөө нь ажлын ах Л.Наранцогт орж ирээд “Хөөе тэнэг ээ, наадах чинь автомат хайлт юм чинь чамайг өөрийг чинь хэлээд байгаа юм биш үү?” гэж хэлж бөөн инээдэм болж байсан юм даа. 

Дархан-Уул аймгийн автовокзал дээр.