Усны инженер Ц.Сосорбарам: Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан сан байгуулах
Чихэнд чимэгтэй
2024-07-18
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сэлбэ голын гольдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгаж оронд нь үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэнд байгуулсан 13 га талбай бүхий 300-500 мянган шоо метр хиймэл нуурын урсацыг тохируулан түр хааж, үерийн далан барьж эхлээд байна. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Өнгөрсөн сараас эхлэн Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг нийслэлийн зүгээс усны холбогдох мэргэжлийн байгууллагуудын эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн хийж байна. Иймд лаг хагшаас цэвэрлэх, мод бургас зөөх, үерийн түшиц хана барих ажил хэвийн үргэлжлэх боломжтой болсон" гэжээ. Харин усны зөвлөх инженер Ц.Сосорбарам "Сэлбэ голын эхэнд байгуулсан нуурыг 1.5 жилийн дотор хур тунадасаар дүүргэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сард орсон гурван өдрийн хур тунадасаар л уг нуур дүүрчихсэн. Хэрэв Сэлбийн эхэнд хиймэл нуур байгуулаагүй бол үерийн хохирол маш их байх байлаа. Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан сан байгуулах. Ингэснээр Сэлбэ голын урсацыг тохируулах, хатаж ширгэсэн тохиолдолд усаар тэжээх, үер болохоос сэргийлэх ач холбогдолтой. Жишээ нь, Япон улсын газар нутаг манайхаас дөрөв дахин жижиг боловч голын урсац тохируулгын 67 мянган усан сантай" гэжээ. Манай улс 1941 оноос хойш гадаргын гол мөрний судалгааг эхлүүлж байсан бөгөөд 1982 оны долоодугаар сарын 20-нд Сэлбэ голд их хэмжээний үер бууж, шороогоор далан босгосноос хойш ямар нэгэн ажил хийгээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.