images

Д.Трампын шүүх хуралд зураачаар ажилласан бүсгүй юу ярив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-07


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 30-ны өдөр болж, түүнийг гэм буруутай гэж үзсэн билээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэ шүүх хурал хэвлэл мэдээлэлд хаалттай болж өнгөрсөн бөгөөд хурал эхлэхээс өмнө 45 секундын хугацаа өгч, гэрэл зураг авахыг зөвшөөрсөн аж. Харин тэнд гурван зураач байсан бөгөөд хуралдааны явцыг тоймлон зурсан юм. Шүүгдэгч Д.Трампын нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөн, гэрч, хохирогчдын мэдүүлэг өгч буй байдал, өмгөөлөгчдий дүрсэлсэн зургуудаар дэлхий нийт хурлын явцтай танилцсан гэхэд болно. Тэдгээр гурван зураачийн нэг Жэйн Розенбергтэй Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонины сурвалжлагч Юүн Жү Хөн уулзаж ярилцжээ.

- Дэлхий даяараа Д.Трампын шүүх хурлыг таны зургаар харж байлаа?

Шүүх хурал өдөр бүр шахуу болж байсан тул ажиллахад амаргүй байсан. Гэхдээ би энэ түүхэн мөчийн гэрч болсноороо ажил мэргэжлээрээ бахархсан шүү. Тангарагтны шүүхийн танхимын зураачийн сонгон шалгаруулалтад өрсөлдөгчид олон байсан бөгөөд шүүх танхимд нэг л хүн орох боломжтой байв. Нөгөө хоёр зураач хажуугийн өрөөнд ажилласан. Бид ээлжээр шүүх танхимд орж шүүхийн үйл явцыг зургаар буулгасан. Сүүлийн шүүх хуралдаанаар гурвуул орж өөр өөр газар сууж ажилласан.

Д.Трампыг ойроос харахад ямар байсан бэ?

Өтгөн хөмсөгтэй, үсэрхэг тул зурахад хэцүү биш байлаа. Би яг ийм дүр зурах дуртай хүн л дээ. Тангарагтны шүүхийн шийдвэр гарсан өдөр аз таарч би түүнд ойрхон суусан. Ингээд түүнийг анхааралтай ажиглаж, шүүгч “Гэм буруутай” гэсэн шийдвэр хэлэнгүүт тэр уруулаа жимийж, толгой сэгсэрч, шүүгчид рүү харах ч үгүй сууж байгаа байдлыг сайтар харж дүрсэлсэн дээ.

Зураач Жэйн Розенберг шүүх хуралдааны явцыг дүрслэн зурсан нь.

- Шүүх хурлын үеэр Д.Трамп унтсан тухай яриа гарсан. Энэ үнэн үү?

- Ихэнхдээ нүдээ аниад байсан. Унтсан уу, бясалгал хийж байсан уу, бүү мэд. Хүн дотроо юу бодож байгааг мэдэх аргагүй юм даа.

Гэрэл зурагчдад 45 секундын л хугацаа  өгсөн. Харин та бүхэнд цагийн хязгаар байсан уу?

- Байгаагүй. Гэсэн хэдий ч би цаг харалгүйгээр аль болох хурдан зурахыг хичээсэн. Эхний тойм зургийг 11:30 цагт дуусгах зорилго тавьсан. Шүүх хурал 9:30 цагт эхэлсэн юм.

Зурсан зургуудаа хэвлэл мэдээллийнхэнд хэрхэн хүргэсэн бэ?

Энэ шүүх хурал онцгой хаалттай байсан. Гадаа хонгилд болон шүүхийн байранд цагдаа нар дүүрэн байлаа. Шүүхийн байр руу орох, гарахдаа металл илрүүлэгчээр шалгуулна. Зургаа зурж дууссаны дараа би чөлөөтэй нэвтрэх боломжтой цорын ганц газар болох ариун цэврийн өрөөнд орж, хогийн саван дээр зургуудаа тавиад гар утсаараа гэрэл зураг авч цахим шуудангаар илгээсэн. Шүүх танхимд гар утас хэрэглэхийг ч хориглосон юм.

Таны зургийг олон нийт хэрхэн хүлээж авав?

- Хүмүүс ихэвчлэн нааштай сэтгэгдэл илэрхийлсэнд баяртай байна. Хорлонтой сэтгэгдэл зөндөө байсан нь мэдээж. Д.Трампыг их хөгшин харагдахаар зурсан байна”, “Хэтэрхий тарган байна” гэх мэтээр. Дараа нь Д.Трамп миний ноорог зургийн дэргэдүүр өнгөрч явахдаа "Өө, би жингээ хасах хэрэгтэй юм байна. Сайхан мэргэжил байна шүү” гэсэн.

Та яаж яваад шүүх танхимын зураач болсон бэ?

1980-аад онд намайг анх энэ ажилд ороход АНУ-д ийм мэргэжлийн 55 хүн байсан. Одоогоор Нью-Йоркт 5, Вашингтонд 2, Баруун Калифорнид 3 хүн байна. Өнгөрсөн онд л гэхэд гурван хүн тэтгэвэртээ гарсан.

- Шүүх танхимын зураачаар 40 жил ажиллахад хамгийн дурсамжтай шүүх хурал хэзээ болов?

- Нэг удаа хэрэгтнийг цахилгаан сандалд суулган цаазын ял оногдуулсан шүүх хуралд зураачаар ажилсан нь хамгийн эвгүй байсан. Зурж дууссаны дараа гар минь бохирдсон юм шиг санагдаж байж билээ. Ээж нь бага насны хоёр хүүхдээ усанд живүүлж хөнөөсөн хэрэг байсан юм. Шүүх хурлын үеэр би маш их уйлсан тул нулимс зураг дээр минь дусалж байсан санагдана. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.