images

М.Цогбадрах: Намайг багад ийм гала тоглолт байгаад, би уригдсан бол онгирно оо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Энэ онд эх орондоо болон олон улсад уран бүтээлийн өндөр амжилт гаргасан өсвөрийн болон үндэсний, сонгодог хөгжимчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert-2022” тоглолт өнөөдөр Улсын филармонид болно. Төгөлдөр хуурч, энэхүү тоглолтыг санаачлагч, зохион байгуулагчдын нэг, “Виртүс” академийн тэргүүн М.Цогбадрахтай товч ярилцлаа.

-Тоглолтыг 19 дэх жилдээ зохион байгуулах нь гэж сонслоо. Ямар, ямар хөгжимчин тоглох вэ?

-Нийт 13 хөгжимчин, хамтлаг бий. Хамтлаг гэж хэлэх нь буруу л даа. Ятгын хоршил, мөн хийл, төгөлдөр хуур, виолончелийн гурвалыг тэгж ялгаж байгаа минь энэ. Хослон тоглооч болон трио юм. Бусад нь гоцолж тоглоно.

-Мэргэжлийн хөгжимчдийн ийм тоглолт ховор юм шиг. Та санал нийлэх үү?

-Хөгжимчид ер нь тоглож байдаг. Өөр, өөрсдийн концертын танхимд. Харин тэднийг үзэгчид олж сонсох нь ховор. Тийм болохоор Консерватори, СУИС зэрэг мэргэжлийн сургуульд суралцдаг, тэнд ажилладаг, багшилдаг хөгжимчдийн тоглолтыг олон нийт рүү хандуулах, мэдүүлэх, таниулах зорилготойгоор уг тоглолтыг санаачилсан юм. Тэр зорилго одоо ч хэвээр байна. Улсын филармони, Дуурийн театр, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимд сайн сайн гоцлол хөгжимчид ажиллаж л байдаг. Тэдний тухай мэдээллийг ч гэсэн хөгжим сонирхогчдод хүргэх шаардлага байдаг. Хэн нэгэн хийх хэрэгтэй болоод байдаг. Ийм шаардлагаар 2001 оноос энэ тоглолтыг зохион байгуулж ирлээ. Найрал хөгжмийн үйл ажиллагаа, дэг сургууль ерөнхийдөө хөгжимчдөө жигд сайн байлгахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг илүүд үздэггүй. Харин ямар нэгэн уралдаан, наадам, концертуудад тоглох гэдэг бол өөр. Хөгжимчид өөрсдөө зорьж оролцдог. Гоцлоочийн хувьд, эсвэл камерный буюу цөөхүүл төрөлд хүссэнээ тоглодог. Жишээ нь одоо “Virtuoso Gala Concert-2022”-т Улсын филармонийн оркестрын гурван сайхан хөгжимчин Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Трио”-г сонсгох гэж байна. Тэд энэ зохиолыг өнгөрсөн хавар болсон маэстро Н.Бүтэнбаярын нэрэмжит улсын уралдаанд тоглож түрүүлсэн юм. Уралдааны шүүгчид шалгаруулаад, нэгдүгээр байр эзлүүлсэн хөгжимчдийг бид гала тоглолтдоо урих нь зүйн хэрэг. Х.Билэгжаргал багшийн дан хөгжимд зориулсан бүтээлүүдийг олон нийт тэр бүр сонсоод байдаг билүү? Үгүй. Тэгэхээр одоо түүний тэртээ олон жилийн өмнө бичсэн, хөгжимчид шинэ цаг үед тоглож, уран бүтээлийн эргэлтэд оруулж эхэлж буй зохиолыг бүгдээрээ дахин нэг удаа сонсох боломж олдож байна.

-Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал одоо бидний дунд алга. Тэр чухам хэн байсан бол?

-Х.Билэгжаргал ахыг онцгой сэтгэлгээтэй хөгжмийн зохиолч гэж хэлнэ. Чөлөөтэй сэтгэдэг. Ямар нэгэн юманд баригддаггүй. Бид дотно байсан учраас ах гэлээ. Ер нь хөгжмийн зохиолч бүр өөр, өөрийн хэллэгтэй, ертөнцтэй. Тухайлбал, З.Хангал тухайн цаг үедээ орчин үеийн хөгжим бичиж байсан. Одоо ч түүний бүтээлүүдийг орчин үеийн л гэнэ. Б.Шарав багш бол ардын уламжлалт дуу, хуур, уртын дуу, энэ бүхнийг бий болгосон монгол оюун, сэтгэлгээг Европын буюу орчин үеийн өнгө аястай сүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгож ирсэн уран бүтээлч. Тэд хэн хэн нь өвөрмөц сэтгэлгээ, арга барилтай. Х.Билэгжаргал ах, Б.Шарав багш хоёр бие биеэ их ойлгодог, хүндэлдэг ч уран бүтээлийн тухайд миний бодлоор хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхөөр тааруу байсан санагддаг. Тийм ч байх нь зүй. Бүгд адилхан, дундаа орчихсон байх юм бол өөр, өөрийн өнгө төрхийн хөгжим төрүүлэхгүй. Харин Х.Билэгжаргал ахын “Ламбугайн нулимс” дуурийн хөгжмийг Ц.Нацагдорж багш шүтдэг байсан юм. Энэ тухайгаа нээлттэй ярьдаг, санаа оноо сонсох дуртай байсан. Би Нацагаа багшийнд очдог байлаа. Төгөлдөр хуурыг нь хөглөж өгнө л дөө. Хоёулаа нийлж байгаад хөглөнө өө. Шатар тоглоно. Тэр хоорондоо голчлон хөгжим сэдвээр ярина. Б.Шарав багш Хөгжим бүжгийн сургуульд манай анги удирдсан багшаар хэсэг хугацаанд ажилласан болохоор бие биеэ сайн мэднэ. Намайг юм хийгээч л гэдэг байлаа. Нэг удаа өөрийн зохиосон “Бороо” гэдэг дуугаа тоглож, дуулж өгөхөд нэлээд сонирхож сонссон юм. “Цогбадрах аа, чи эхлэлээ дахиад тогло доо” гээд л таалсан янзтай сонсоод байсан. Сэтгэл хөдлөөд баахан ярьчихлаа. Ц.Нацагдорж багш “Virtuoso Gala Concert” үзээд “За та нар минь үүнийгээ таслахгүйхэн шиг явуулаад байвал хөгжмийн урлагт их л хэрэгтэй санж” гэж хэлж байсан юм. Бид таслахгүй явуулж л байна даа. Хэрэг нь гарч байгаа байх гэж боддог.

-Хэрэг нь гарч байгаа нь яаж мэдэгддэг вэ?

-Бид залуу уран бүтээлчдийг дэмждэг. Үзэгчдэд таниулж, сурталчилдаг. Өсвөр насныхан томчуудтай хамт нэг тайзан дээр тоглохдоо үеийнхэнтэйгээ тоглосноос арай өөр байдаг байх. Намайг бага байхад яг ийм гала концерт байдаг байсан бол, би уригдсан бол яаж баярлаж, онгирч байсан байх бол. Хүүхэд л бол хүүхэд. Ямар ч цаг үед адилхан шүү дээ. Ер нь хөгжимчдийн аль аль нь энэ гала тоглолтод оролцсоноор өөрсдийгөө мэдэрдэг юм шиг. Зарим нь өөрийгөө тоож, магадгүй зарим нь голдог ч байж магадгүй. Ямар ч байсан ийм нэгдсэн хэлбэрийн тоглолт байх нь хөгжимчдийн хөгжилд тустай, үзэгчдийн боловсролд нэмэртэй гэж үздэг.        

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.