images

Монголын хамгийн урт настай тоорой мод

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-11-10


Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд байх Монголын хамгийн өндөр настай, хамгийн бүдүүн тоорой модны талаар ШУТИС-ийн түүхийн багш, доктор  Ю.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт энэхүү тоорой модон дээр очиж түүнд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх судалгаа хийгээд ирсэн байна.

-Монгол орны тоорой модны тархалт хаагуур байдаг вэ. Шинэжинст сумын Хаан тоорой модыг Монголын хамгийн өндөр настай мод болохыг тогтоосон. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тоорой модны тархалтын хамгийн зүүн зах Өмнөговийн Номгонд байна. Тэгээд Говь-Алтайн урд талын сумд, дунд нь Баянхонгор аймаг багтаад хамгийн хойд зах нь Өвөрхангай аймгийн Богд суманд буюу Зүүн богд, Аж богдын хойгуур байна. Энэ олон тооройн дундаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голын тооройг Хаан тоорой гэхийн учир нь судлаачид түүний насжилтыг тогтоосонтой холбоотой. Модны насжилтийг дендрохронологийн аргаар тогтоодог. Модны гол руу нарийн өрөм хийгээд жилийн цагирагаар нь тоолчихдог. Тэгээд тус модыг 800 жилийн настай болохыг судлаачид тогтоожээ. Судалгааны энэ аргын нэг сонирхолтой тал нь жилийн цагирагынх нь өргөн, нарийнаас аль жилд ган, зудтай эсвэл хур бороотой байсныг мэдэж болдог. Үүгээрээ ихээхэн ач холбогдолтой. Ингээд энэ мод манай оронд одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний тоорой мод болж байна. Тиймээс Хаан тоорой хэмээн нэрийджээ. Өвөр Монголын Алшаад дэлхийн хамгийн урт настай тоорой мод байдаг гэсэн. 900-гаад настай гэнэ. Сүүлдээ 20 гаруй метр өргөнтэй энэ урт настай модоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод жил бүр Хаан тооройны баяр тэмдэглэх болсонд манай Говийн аймгийнхан намартаа очдог юм байна. Харин манай энэ тоорой яалт ч үгүй Монголын хамгийн өндөр настай мод бөгөөд хамгийн их байгаль цаг уурын мэдээлэл хадгалсан байгалийн өвөрмөц сайхан ургамал болохыг би сая очиж үзлээ.

-Та Өвөр Монголын тооройн баярт очсон хүмүүстэй уулзаж үзэв үү?

-Уулзсангүй ээ. Өмнөговиор гараад урагш Алшаа явдаг юм билээ. Бүр аймгийн театрынхан очиж тоглодог гэсэн. Монголчуудын хийсэн дээл хувцсыг ихэд сонирхож худалдаж авдаг болохоор манайхан зах зээлээ бодоод ч очиж сонирхдог боловч ковидоос болоод ойрдоо баяр тэмдэглээгүй юм байна.

ШУТИС-ийн түүхийн багш, доктор Ю.Болдбаатар

-Хаан тооройг Монголын хамгийн бүдүүн тоорой гэдэг. Таван том хүн алдалж хүрдэг гэх юм билээ. Өргөн нь хэд болдог вэ?

-Энэ тооройн тойргийн урт нь найман метр. Хамгийн нарийн хэсэг нь гурван метр гаруй. Цөөхөөн мөчиртэй юм билээ, тэр нь их нарийхан. Бүдүүн мөчир байхгүй. Өвгөн тоорой болохоор тийм байх. Ер нь их сонин мод. Тэр энгэр дээрээс урагш бөхийсөн хэсгийг нь харахад хүний нүүр шиг юм. Хангай газрын мод гөлгөр, элдвийн хэлбэргүй бол говийн мод барзгар, сонин содон махир хэлбэртэй байдаг. Үүнийг нь хармагцаа түүхч хүнийхээ хувьд би Хэрэйдийн Тоорил ханыг бодлоо. Энэ Эхийн гол “Монголын нууц товчоон”-нд Нэхүн ус хэмээн гардаг. 1203 онд буюу одоогоос 819 жилийн өмнө Тоорил хан Тэмүүжинд дийлдээд зугтаж явахад Найманы харуулууд Нэхүн усны тэнд бариад авч л дээ. Хэрэйд тухайн үед газарзүйн байршлын хувьд стратегийн хамгийн чухал ач холбогдолтой ханлиг байсан юм. Хэрэйдийг хэн эзэлнэ, тэр хаан болох боломжтой. Гэтэл тийм том ханлигийн хан нь дорой явж байна гэдэгт Нэхүн усанд таарсан харуулууд итгэлгүй хөнөөгөөд хаясан гэдэг. Хүү Сэнгүм нь агтчин, агтчиныхаа эхнэртэй хамт явахдаа Нэхүн усны бүрдийг тойроод гарсан юм гэнэ лээ. Энэ тухай “Нууц товчоо”-ны 188 дугаар бүлэгт гарч буй. Говийн Хаан тооройг хараад ийм нэгэн түүхийг санав.

-Энэ тоорой мод байршлын хувьд яг хаана байна вэ?

-Баянхонгор аймгийн урд захын сумд бол Шинэжинст, Баян-Өндөр юм. Баян-Өндөр сум нь Баян-Овоо уулынхаа дунд, ард талд нь шахуу байдаг. Шинэжинст нь Залаажинст уулынхаа дунд, бараг ард нь бий. Зэргэлдээ сумд. Говийн Алтайн нурууны урд талын нурууд дунд байдаг гэсэн үг. Энэ нуруудыг давахаар говь, цөлийн бүс байгаа. Энэ нь Алтайн цаадах говьд ордог дархан цаазат газар. Говь цөлийн бүс хэдий ч энд өвөрмөц сонин дурсгалууд, газрын тогтоц, байгалийн үзэмжтэй сонин содон юмс байдаг. Тус сумд зэргэлдээ орших учраас өргөргийн дагуу ижил гэсэн үг. Шинэжинст сумаас гараад урагшаа явбал Цагаан хаалга гэдэг газар, тэндээсээ урагшаа ер нь говь цөл рүү яваад орчихдог. Энд хуучин юу байсан гэхээр Хүннүгээс авахуулаад бүр дараагийн олон үеийнхний нааш цааш зорчиж байсан зам, бүр Төвд ордог гол зам бий. Монголчууд шашны мөргөл хийж явдаг байлаа шүү дээ. Шашин, соёлын гол зам Цагаан хаалганаас эхэлж байгаа юм. Эндээс урагш 80 километр яваад Зуун модны баян бүрд, тэндээс хажуу тийш 10 километр явбал Өлзийт гол бий. Мөн л баянбүрд. Өлзийт голоос урагш жаахан яваад Дөш хэмээх эртний галт уул байна. Тэр уулаас жаахан урагшилбал Ногоон цав гэж олон үеийн хурдас бүхий өнгө будгаараа ялгарсан эртний хурдас байдаг. Тэнд Монголд байгаа гүрвэлүүдийн хэд хэдэн өвөрмөц зүйл байна. Ингээд Ногоон цаваас урагшлаад Онгон улаан уул гэж байгаа. Онгон уулаас Эхийн гол залгана. Энэ бол Алтайн цаадах говийн хамгийн том баянбүрд юм. Энэ Эхийн голоо дагаад найм, есөн километр явахаар ар дээр нь бидний ярьж буй Хаан тоорой мод байдаг.

-Тоорой модыг ургамлынх нь хувьд, ургах орчин нөхцөл, онцлогийнх нь талаар бидэнд хуваалцаач?

-Тоорой мод бол улиасны эртний зүйл. Говь цөлийн хөрсөнд ургадаг. Хөгшин, залуу тоорой модны навчны хэлбэр дүрс өөр өөр байдаг. Нэг тоорой мод байлаа гэхэд үзүүр орой, дунд, доод хэсгийнх нь навчны хэлбэр, ирмэг хөвөө нь өөр өөр байдаг их сонин мод л доо. Говь, цөлийн хатуу ширүүн, ангамал хуурай газарт зохицож баянбүрдийн ус чийгийг дагаж ургадаг их өвөрмөц мод юм. Тэгээд тэр халуун нөхцөлд их урт удаан насалдаг.

Гэрэл зургийг Ю.Болдбаатар

-Тоорой модны ашиг тус юу вэ?

-Говийн экосистемд маш чухал нөлөөтэй. Баянбүрдийн усыг хөрсөнд тогтоон барих, усны ууршилтыг сэргээж чийгийн горим тогтоох чухал үүрэгтэй. Яг тэр байгаль цаг ууртайгаа тохирсон.

-Та Хаан тоорой модонд тулгуурлаж тэр хавьд аялал жуулчлал хөгжүүлэх судалгаа хийгээд ирсэн байна. Энэ талаар?

-Аялал жуулчлал хөгжүүлэх байгууллагууд, эрдэмтэдтэй хамтраад Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нөөц болох уул, ус, ургамалтай танилцаж, байгаль, түүх, соёлын аялал хийгээд ирлээ. Аяллын явцад хэд хэдэн сайхан баянбүрд, байгалийн сонин тогтоцтой газраар явсны нэг нь энэ Хаан тоорой байв. Манай говийнхон түүнийг аялал жуулчлалын бүс болговол тэнд  байгаа баянбүрд, ус, ургамлыг хамгаалах чухал ач холбогдолтой. Дэлхийн олон ард түмэн модыг амьдчилж үздэг. Тэр тусмаа удган хэмээн сэтгэдэг. Сүлд мод гэдэг нь ч модыг ихэд хүндэтгэж байсны үлдэгдэл юм. Тэгэхээр Хаан тооройг хайрлах нь говийг хамгаалахад чухал. Тэгээд Хаан тооройн баяр хийгээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадвал түүгээр дамжуулан говийн экосистемийг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Энхбаяр

    Сайхаан

    2022-11-10

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Zochin

    Manaihan shig humuust duulgamgui l medee bn

    2022-11-10

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.