images

Монголын сүсэгтний холбоо зэрлэг амьтдыг хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     Гандантэгчинлин хийдийн Батцагаан дуганд өнгөрөгч бямба гарагт “Бурхан багшийн сургаалаар эх дэлхийгээ хамгаалья” арга хэмжээ, төслийн нээлт боллоо. Монголын сүсэгтний холбооноос зохион байгуулсан энэ арга хэмжээнд Зэрлэг амьтныг хамгаалах олон улсын төсөл, Монголын төрийн болон төрийн бус 10 гаруй байгууллага оролцов. Уг үйл ажиллагааны зорилго нь Бурханы сургаалыг ёсчлон сахиж, амьтдыг хууль бусаар агнахын эсрэг тэмцэх, зэрлэг амьтдын мах, түүхий эдийн хэрэглээг багасгах хандлагыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хэвшүүлэх явдал юм. Энэ талаар Бурханы сургаалд юу гэж заасан талаар Монголын сүсэгтний холбооны гүйцэтгэх захирал Ц.Батзориг “Бурхан багшийн үйлийн үрийн сургаал, шүтэн барилдлагын сургаал, бодь сэтгэлийн сургаалд энэ сав, шим ертөнцтэй хэрхэн зөв харилцахыг заасан. Энэ сургаалуудыг дагаснаар дэлхий дахины өнөөгийн нийгэмд тулгамдаад буй байгалийн сүйрэл, цөлжилт зэргийг шийдэж бололцоотой юм” гэлээ. МөнЭх болсон зургаан зүйл хамаг амьтдыг өөрийн эх шигээ хайрла гэдэг. Нохой ч бай, жижигхэн далайн амьтан ч бай тэд хэзээ нэг цагт чиний ээж байсан байж болох тул тэднийг өөрийн эх шигээ хайрла гэсэн агуулга юм. Энэ сургаалаа бид дагахгүй байгаагаас дэлхий сүйрч байна. Монгол бусад орныг бодоход байгалаа онгон чигээр нь хадгалж үлдсэн. Учир нь, бид эртнээсээ Бурханы шашинтай. Тиймээс бид энэ уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна” хэмээн тэрбээр нэмж хэлэв.

     Батцагаан дуганын үүдээр оруут толь байрлуулсан байх бөгөөд түүн дээр  “Энэ гарагийн хамгийн аюултай араатан” гэж бичжээ. Үеэс үед амьтдыг идэш тэжээлээ болгох, хувцас нөмрөг хийх, өвчнөө эмчлэх зорилгоор алж хядсаар ирсэн амьтан бол хүн билээ. Тиймээс Гандангийн хаалгаар орж ирсэн хүн бүхэнд үүнийг ухааруулахаар ийн толь тавьсан байна. Цааш явбал 10 гаруй дэлгэц дээр амьтдыг харгисаар зовоож байгаа бичлэгүүдийг харуулжээ. Булган дээл хийхийн тулд булгыг амьдаар нь газар савж арьсыг нь хуулж авахад улаан махаараа үлдсэн тэд чичрэн зогсохыг нэг дэлгэц дээр үзүүлнэ. Өөр нэг дэлгэц дээр үнэгэн зах хийхийн тулд мөн л тэднийг яг тийм аргаар харгисаар тамлаж буй бичлэг явна. Бичлэгийг үзээд цааш явбал өлгүүрээс булган дах өлгөж, шилэн хоргонд үнэгэн ороолт хийжээ. Мөн хагсааж буй хонины махнаас эхлээд амьтдын эрх зөрчигдөж буйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ. Ийнхүү булга, үнэг, чоно, галуу, тахиа, туулайн эд эрхтэнийг ашиглахын төлөөх хүн төрөлхтний шуналаа гүйцэлдүүлж буй зэрлэг авирыг хүмүүст бодитоор харуулж ойлгуулахыг хүсчээ.

     Мөн Монгол орны “Улаан ном” ба ховор амьтад, зэрлэг амьтдыг хамгаалах төслийн хэрэгжилт, мал, амьтдаас хүнд халдварлах өвчин ба түүнээс сэргийлэх, Бурханы сургаалаар дамжуулж байгалиа хамгаалах зэрэг найман илтгэлийг хуралд хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөлөл танилцууллаа. Түүнийг Батцагаан дуганд ном айлтгахаар ирсэн иргэд сонирхон анхааралтай сонсов.

     Ийнхүү Улаанбаатарын иргэдэд нөлөөллийн ажил хийж байгаагийн шалтгааныг Монголын сүсэгтний холбооны гүйцэтгэх захирал Ц.Батзориг “Бид төсөл хэрэгжүүлэхийн өмнө хууль бус ан авын гол төв хаана байгаа талаар судалгаа хийсэн. Үр дүнд нь гол төв нь Улаанбаатар гэдгийг олж мэдсэн юм. Тиймээс нөлөөлөл, сурталчилгааны гол ажил нийслэлд болно. Мөн Ховд, Дорнод, Хэнтий, Хөвсгөл гэх мэт зургаан аймагт төслөө хэрэгжүүлнэ” гэсэн юм. Түүнээс төслийн зорилго, санхүүжилтийн талаар тодруулбал “Энэхүү төслийг Олон улсын буддист нийгэмлэг, Олон улсын зэрлэг амьтад хамгаалах сангаас санхүүжүүлж байна. Хоёр жилийн хугацаатай төсөл. Зорилго нь хууль бус ан агнуурыг багасгах, зэрлэг амьтдын мах, түүхий эдийн хэрэглээг багасгах юм. Төслийн хүрээнд сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил хийнэ. Монголын сүсэгтний холбоо санаачлаад энэ төслийг үр бүтээлтэй байлгахын тухайтад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагад хандаж, урт хугацаанд үр бүтээлтэй ажиллах санал тавьсан. Зөвхөн байгаль хамгаалах байгууллага бус Бурханы шашны сүм хийдүүдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж цаашид хамтран ажиллах зорилготой байгаа. Тэгэхээр энэ төсөл хоёр жилийн хугацаатай хэдий ч бид урт хугацаанд Бурханы сургаалаар дамжуулж байгалиа, амьтдаа хамгаалах зорилготой байна” гэсэн юм. Хөтөлбөрийн төгсгөлд зэрлэг амьтан хамгаалах сэдвээр бүтээсэн богино хэмжээний бичлэг үзүүлэв. Нэг нь баавгайн саврыг төрөхийн хүндрэлд тустай гэдэг нь худал гэдгийг харуулахыг зорьжээ. Харин нөгөө бичлэгт нь тод манлай уяач Д.Даваахүү оролцсон бөгөөд тэрбээр хотон шувууны хошууг морины хөлс хусахад ашиглаж болохгүй, үргэлж модон хусуураа ашигладаг хэмээн өөрөөрөө үлгэрлэв.

     Тус үйл ажиллагаанд Гандантэгчинлин хийд, Азийн буддистуудын энх тайвны бага хурал, Монголын сүсэгтний холбоо, Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв, Амьтны эрх хамгаалах нийгэмлэг, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн зэрэг байгууллагууд оролцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.