images

Г.Занданшатарын дуртай зургаан ном

Duuren.Life

Миний дуртай ном

2023-09-20


   Дөрвөн өдөр үргэлжилсэн Үндэсний номын баярын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар унших дуртай номоосоо зургааг сонгон “Instagram” хуудсаараа олон нийтэд сонирхуулсан юм. Эдгээр ном нь ямар ямар ном болох, тэдгээрийн талаар түүний юу ярьсныг “Миний дуртай ном” булангаараа товчхон танилцуулж байна. Тэрбээр уг бичлэгийн эхэнд хэлэхдээ “Номыг загнадаггүй, зоддоггүй жинхэнэ багш гэж ярьдаг. Эдгээр зургаан ном бол миний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, урам зориг өгсөн, алдааг минь ухааруулсан чухал номууд юм” гэжээ.

1. Бавуугийн Лхагвасүрэн. “Хос уянга”

   Б.Лхагвасүрэн гуай энэ номоо надад 1994 оны 10 дугаар сарын 16-нд бэлэглэсэн юм. Тэр үед би Зах зээлийн коллежийн шинэхэн багш байлаа. Энэ сургуулийг төгссөн нэг алдартай төгсөгчийнх нь хувиар түүнээс ярилцлага авах үүрэг надад оногдож түүнтэй уулзахад номоо бэлэглээд, ийм шүлэг бичиж өгч байв:  

“Агуу энэ хорвоод

Амьд явна гэдэг нэг хэрэг

Амьдаас амьд явна гэдэг бол

Бүр чухал хэрэг шүү

Галтай мөстэй хорвоод

Гялалзаж яваарай

Миний дүү!”

   Хүний хорвоог галтай, мөстэй гэдгийг ч ухаарч амжаагүй яваа хорин хэдхэн настай надад ингэж бичиж өгсөн нь маш сайхан санагдаж, их урам өгсөн юм. Энэ явдлын дараа би гэргийтэйгээ учирч үнэхээр хос уянга болсон учраас их бэлгэшээдэг дээ.

2. Жорж Фридман. “The Next 100 Years”

   Гадаад харилцааны сайд байхдаа энэ номыг уншаад итгээгүй юм. Зохиогч нь Америкийн геополитикч, одоо бол Геополитикийн судалгааны хүрээлэнгийн захирал хийж байгаа. Анх уншаад зүгээр л Америкийн мөрөөдлийг бичсэн юм байна гэж бодож байлаа. Харин одоогийн Орос-Украины дайн, дэлхий дахинд өнөөдөр өрнөж буй үйл явдал, геополитикийн хурцадмал нөхцөл байдал дунд дахин уншаад үзсэн чинь маш гайхалтай санагдсан. Ерөөсөө  л орчин үеийн дэлхий ертөнцийг ойлгоход хэрэг болох ном.

3. Жэймс Фишкин. “When The People Speak”

   Ардчиллын мөн чанар, үнэ цэн, сорилт бэрхшээл, хүний эрх, ардчилалд иргэдийн дуу хоолой, ард түмний оролцоо яагаад чухал юм бэ гэдгийг, ард түмний мөн чанар юунд оршдогийг маш сайн илэрхийлсэн бүтээл.

4. Фёдор Достоевский.    

  Достоевскийтой юу ярихав. Түүний үзэл бодол болон бусдыг агуу их Шекспиртэй л зүйрлэж ярьж болох байх. Энэ тухай яривал их гүнзгий юм болно.   

5. Сүнз. “Дайтах урлаг”

   Энэ ном хүнд маш их юм өгнө. Сүнзийн art of war буюу дайтахуйн ухааныг Харвард, Стэнфордод бизнесийн ухаантай уялдуулж судалдаг. Өөрийгөө яаж мэдэх, мөн бусдыг яаж мэдэх, урьдчилсан тооцооллыг яаж хийх, улмаар стратеги боловсруулж, нөөцөө бэлдэж, боломжуудаа тооцоолсноор ялалтад яаж хүрэх онолыг бичсэн ном юм.  

6. Үй Хуа.

   Хятадын постмодернист зохиолч Үй Хуагийн номууд үнэхээр гайхалтай. “Амьдрахуй” гэдэг зохиолоор нь кино хийснийг Хятадад хориглож байсан. Үй Хуа нэг талаасаа Соёлын хувьсгалыг эсэргүүцдэг. Манай Ренчиний Чойноморхуу, гэхдээ мэдээж сэтгэлгээний өндөр түвшинд бичдэг хүн юм.  

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.