images

С.Оюун: Энэ романыг уншсан ямар ч хүнд эх орон, газар шорооны тухай жинхэнэ гал цогтой сэтгэл төрдөг

Д.Бизьяа

Миний дуртай ном

2023-09-14


“Миний дуртай ном” булангийн энэ удаагийн зочноор Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Санжаажавын Оюун уригдаж “Газар шороо” романы тухай ийн өгүүллээ.  

   Миний дуртай ном гэвэл юуны түрүүнд “Газар шороо” романыг нэрлэмээр байна. Үүнд учир бий. Монголд энэ романыг хамгийн олон удаа эргүүлж тойруулж уншсан хүн нь би байж магадгүй. Учир нь энэ романаар докторын зэрэг хамгаалсан хүн юм. Тухайн үед ном зохиол тоотой, цөөхөн хэвлэгддэг байлаа. Гарсан болгоныг нь л авч уншина. Яг л ийм замаар, уг романыг хэвлэгдээд гарсан даруйд нь авч уншиж байлаа. Энэ романыг гарахад хүмүүс тун их талархаж хүлээж авсан ч нэг хэсэг хүн нэлээд шүүмжилж байв. Үлгэр домог, хараал ерөөл, зан заншил гээд тун өргөн хүрээг хамарсан сэдэвтэй зохиол юм. Зөвхөн энэ романаар “Утга зохиол, урлаг” сониноос зохион байгуулж дугуй ширээний ярилцлага хүртэл хийж байлаа. Эрдэмтэд, зохиолчид гээд нэлээд олон хүн оролцож санал, шүүмжлэл өрнүүлсэн. Утга зохиол судлаач, шүүмжлэгч Ц.Хасбаатар гуай их сайхан хүлээж авч магтаж байсан санагддаг. Өөрөө судлаач хүн учраас аливаа юманд их дүн нуруутай хандана л даа. Үзэл сурталд нийцэхгүй байна гэх мэтээр өөлсөн шүүмжүүд ч гарч байлаа. Эдгээр шүүмжүүд тухайн үед “Утга зохиол, урлаг” сонинд нийтлэгдэж байв. Романы эхний хоёр ботийг үнэхээр шилдэг гэж хэлж болно. Харин гуравдугаар боть руу ороод ирэхээр 1921 оны хувьсгал гарч ирээд соёлын гоё илэрхийллүүд улам цөөрөөд, хувьсгалын шинж чанартай өгүүлэмж илүү их гарч ирж байгаа юм. Аргагүй цаг үедээ баригдана л даа. Ялангуяа нэгдүгээр боть нь бол тэр чигээрээ соёлын илэрхийлэл, түүх домог голлосон, үнэхээр амттай.

Уншиж шимтсэн зохиолоороо эрдмийн ажил хийхээр болов

   Уншиж амтанд нь ороод хэдэн жил өнгөрсөн хойно би энэ романаар эрдмийн ажил хийж докторын зэрэг хамгаалахаар шийдлээ. Энэ тухайгаа ч хүмүүст дуулгав. Ингэхэд СУИС-ийн захирал Э.Сонинтогос бид хэдүүл хамт байж таарсан юм. Тэдгээр нөхөд маань ч уухайнтас “Тэгээч дээ” л гэж байна. Энэ үе бол ерээд он гарчихсан, бүх зүйл чөлөөтэй болсон, эрдмийн зэрэг хамгаалахад насны хязгаар байхгүй болсон үе байлаа. Миний бодоход “Газар шороо” роман нь судлагдахуун болох хэмжээний өргөн агуулгатай, онцгой сонирхолтой бичигдсэн бүтээл юм. Манайд бол үнэндээ нэг романыг тухайлан судалсан судалгаа бараг байдаггүй байлаа. Ганцхан Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг л олон талаас нь ноолдог байв. Зүгээр ерөнхийд нь далаад оны роман, наяад оны роман гэсэн судалгаанууд бол байсаан. Би бол “Газар шороо” романыг соёлын илэрхийлэл талаас нь илүү харж судалж, таван жил номын санд сууж судалгаа хийж байж доктор хамгаалж, соёл судлаач болсон хүн. Манайд романыг дандаа уран зохиол, хэл шинжлэл талаас нь судалдаг. Яг минийх шиг соёл судлал талаас судалсан нь үгүй. Уран зохиол гэдэг өөрөө соёлын нэг бүтээгдэхүүн юм. Тус романд хурим найр, зан заншил, хараал ерөөл, үлгэр домог, зүйр цэцэн үг гээд 14 төрлийн соёлын илэрхийлэл байдаг. Эдгээр илэрхийллүүд яг ийм түгээмэл байдлаар туссан роман байдаггүй юм. Сүхбаатар аймаг, дарьгангачууд бол хил дээр суудаг, их цэцэн билигт ард түмэн. Манжийн хааны мал сүргийг адгуулдаг, наашаа их Монголтойгоо нийлэх мөнхийн хүсэлтэй ийм хошуу нутаг байж. Энэ ард түмний амьдрал тэмцлийн тухай маш уран сайхнаар, түүхэн баримттай өгүүлсэн энэ романыг уншсан ямар ч хүнд эх орон, газар шорооны тухай жинхэнэ гал цогтой сэтгэл төрдөг. Эх орон, газар шороо ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг Д.Маам зохиолч энэ романаараа үнэнхүү яруу сайхан өгүүлсэн юм. Цаана нь байгаа их улсын наад хил дээр, маш онцгой газар нутагт суудаг ард түмний тэмцэл гэдэг их өөр юм. Жишээ нь Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романд бол тухайн үеийн үймээн самуун ихтэй цаг төрийн байдлыг үзүүлэхдээ ихэнхдээ Хүрээний байдал тусгагдсан бий. Харин “Газар шороо” романд бол жинхэнэ зах хязгаар нутгийн ард иргэдийн хатуу ширүүн тэмцлийг тусгасан байдаг. Монголын малыг сүрэг сүргээр нь Манжийн сүрэг нэрээр харь газар луу тууж одох нь тэр хүмүүст ямар их хармын сэтгэл төрүүлдэг байсныг нүдэнд харагдтал өгүүлнэ. Буянт мал, эрдэнэт сүрэг гэж монголчуудын нэрлэдэг их баялаг шүү дээ. Нөгөө талаар уг романд шилийн сайн эрсийн тухай их тодорхой, үнэн өгүүлнэ. Социализмыг бүтээн байгуулж ажилчин, малчин, сэхээтний тухай өгүүлдэг байсан тэр цаг үед аль эртийн шилийн сайн эр гол дүр нь болсон ийм роман бичлээ гэж шүүмжлэлд өртөж байсан нь ч бий. Дугуй ширээний ярилцлага дээр ч энэ тухай шүүмжилсэн байдаг. Тэгэхээр сэдэв болоод дүрийн хувьд ч өвөрмөц бүтээл байсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв.

Д.Маам гуайгаас “Мартын 8” болгоноор мэндчилгээ хүлээж авдаг болов

   Нэг удаа Үйлдвэрчний соёлын ордонд Д.Маам гуай, нэрт жүжигчин, “муухай” гэгддэг З.Пүрэв гуай бид гурав залуучуудтай уулзалт хийсэн юм. Тэгэхэд анх Д.Маам гуайг харж байлаа. Нэг тийм шавилхан гэмээр биетэй, их хээнцэр ганган, их гоё нүдний шил, цуваар гангарсан хүнийг анх харж байснаа санаж байна. Тэгэхэд би Улсын ариун цэвэр, гэгээрлийн ордны арга зүйч гэдэг ажил хийдэг байсан юм. Тэр уулзалтын үеэр “сайхан хүн” гээчийн тухай яриа болов. Бид гурвын нэг нь бүр “муухай” хочтой З.Пүрэв гуай байдаг. Гэсэн ч З.Пүрэв гуай сайхан хүний тухай их сайхан яриа өрнүүлж байсан санагддаг юм. Д.Маам гуай ч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлж байсан. Түүнээс хойш Д.Маам гуай “Мартын 8” болгоноор над руу утасдаж баярын мэнд хүргэдэг болсон. Тийм сайхан соёлтой эр хүн байсан юм. Олон улсын харилцааны чиглэлээр Москвад сурч төгссөн, мэргэжлийн дипломатч хүн л дээ. Ингэж анх танилцсанаас хойш энд тэнд тааралдаад, мэнд ус болоод, товчхон ярьж хөөрөөд өнгөрдөг байлаа. Яг үнэндээ бүтээлийнх нь тухай зориглож яриа өрнүүлж чаддаггүй байв. Тэр агуу хүний хэлсэн сайхан үг байдаг. “Хамгийн их зовлон үзсэн газар шороо бол Монголын газар шороо”, “Дэлхийн бүх дайн зөвхөн газар шорооны төлөө дэгдсэн байдаг” гэж өгүүлсэн юм.

“Газар шороо” романы гүнд нэвтрэв

   “Газар шороо” роман нийт 60 дүртэй, 400 гаруй үйл явдал өгүүлэгдэнэ. Жаран дүр дотор монгол, хятад, манж гээд олон янзын хүмүүс гарна. Хангай Базар, Бух Дагдан, Бээжин Даш гээд л явна даа, хүмүүс мэднэ. Хятадууд монгол нутагт тариа тарих гэхэд нь монгол эрчүүд сүргээр нь адуу тууж аваачиж бужигнуулах зэргээр тэднийг эсэргүүцэж байгаа арга нь хүртэл цаанаа нэг л өвөрмөц. Эдгээрийг зохиолч яг л тухайн нутагт бодитоор болж өнгөрсөн үйл явдлыг уран сайханжуулж, амилуулж бичсэн юм. Жишээ нь, Хангай Базар гэдэг бол бодит хүн байсан юм билээ. Яахав, нэр хоч нь өөрчлөгдсөн. Романы үйл явдал хоёр шугамаар өрнөдөг. Монгол нутгийг эзэрхийлэх гэсэн гаднын бодлого, түүний эсрэг тэмцэлд босож буй монголчуудын хариу бодлого гэсэн хоёр шугамаар өрнөнө.

   Миний диссертац гурван бүлэгтэй. Дотроо зохиолд гарч буй нийгэм соёлын үзэгдэл, дүрүүдийн харьцааны илэрхийлэл, дүрүүдийн соёлын үнэлэмж, аж байдлын үнэлэмж, ёс суртахууны үнэлэмж, бэлгэдлийн соёл, аман соёл, соёлын өвийн илэрхийлэл, хурим, овоо тахих, нас уртасгах зан үйл, хараал хариулах зан үйл, бүр сонин нь эр хүнийг өөртөө татах “вандуд” хэмээх зан үйл хүртэл гардаг. Дарьганга хуримын ёс, ёслол маш нарийн дэлгэрэнгүй гарна. Сүүлд зан уламжлал сэргээд иртэл тус нутгийн уламжлалт ёс их мартагдсан байжээ. Ингээд ерээд оноос хойш хуримын ёслол жинхэнэ утгаар нь хийх гарын авлага нь “Газар шороо” роман болж хувирсан юм даа. Үүдэн дарлагын ёс, наранд мөргөх ёслол гэх мэт хуримын нарийн дэг жаяг энэхүү романд бүгд бий. Хуучин социалист нийгэм, үндэсний ёс уламжлалыг үл ойшоодог байсан цаг үед энэхүү уламжлалт соёлыг Д.Маам зохиолч бүтээлдээ үлдээж чадсан байгаа юм. Хүмүүс зүгээр л уран зохиолын ном уншдаг тэр янзаар л энэ романыг уншаад өнгөрнө. Аа би бол өөр хэрэг. Эрдмийн ажил хийсэн учраас энэ номыг хэдэнтээ эргүүлж тойруулж шүүрдсэн байж таарна.

С.Оюун зохиолчийн номын санд хүндтэй байр суурь эзэлдэг “Газар шороо” роман

Олон жил хадгалсан анхны хэвлэлийг ар гэрийнхэнд нь буцааж өгөв

   Анх бол олонхын жишгээр худалдаж аваад уншсан санагдаж байна. Харин дараа нь эрдмийн ажил хийж эхлэхдээ Д.Маам гуайн гэргий Б.Дунгаамаагаас яг жинхэнэ анхны хэвлэлийн эх гурван ботийг аваад ажилдаа орсон. Тэр гурван ботио олон жил эргүүлсэн дээ. Ингээд сүүлд Д.Маам гуайн ар гэрийнхэн уг романыг дахин шинээр хэвлүүлэх гээд анхны эх романаа надаас буцааж авсан юм. Оронд нь шинээр “Мөнхийн үсэг”-т хэвлэгдэн гарсан гурван ботийг надад өгч билээ. Одоо яг миний номын санд байж байна.  

И.Нямгаваа ямар кино хийв?

   И.Нямгаваа найруулагч уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгохдоо нэлээд этгээд маягаар хийх гэж оролдсон юм шиг санагддаг. Ингээд этгээд маягаар хийгээд ирэхээр гол хэлэх гэсэн санаа жаахан бүрхэгдэж, тэрхүү этгээд дүрслэлүүд нь илүү тодроод ирсэн юм шиг харагдсан. Зохиолд байхгүй уран сайхны дэлгэцийн хэллэгүүд нэлээд орсон. Уран зохиол уран сайхны кино болж гарахдаа нэг бол их сайн болдог, эсвэл үндсэн зохиолоосоо тааруу болдог тал бий. Найруулагч яаж үзүүлэх гэснээс хамаардаг. И.Нямгаваа бол энгийн нэг стандартын биш, их өвөрмөц этгээд хүн болохоор яг л өөрийнхөө этгээд хэлээр хийсэн. Киноны төгсгөлд Хангай Базар нутгийнхаа нэгэн овоон дээр чулуу өргөж тавиад буудуулж үхдэг нь яг л И.Нямгаваагийн хэл л дээ. Ерөнхийдөө найруулагчийн санаа илүү давамгайлж дээ гэсэн бодол төрсөн.

Зохиогчийн тухай цөөн үг

   Д.Маам гуай бол мэргэжлийнхээ дагуу гадаадад олон жил Элчин сайдаар суусан хүн. Дараа нь Монголдоо ирээд Гадаад харилцааны яамнаас Түүхийн хүрээлэнд очиж судлаачаар ажилласан юм. Дараа нь Зохиолчдын хорооны даргын албыг хашиж байсан. Зохиолчид дотроо бол өвөрмөц содон мэргэжилтэй, олон улсын түүх судалдаг онцгой сайхан хүн байсан даа. Эхнэр нь Б.Дунгаамаа гэж сайхан бүсгүй бий. Гэргийдээ зориулж “Дунгаамаа” гэж дууны үг бичсэнд алдарт Ц.Чинзориг аялгуу хийж, одоо олонд түгсэн сайхан дуу болжээ. Сүүлд бие нь чилээрхээд эмнэлэгт хэвтэж байхдаа энэ дууныхаа үгийг бичсэн юм билээ. Үүнээс гадна “Магнаг цэнхэр дэлхий” гэж дуу хийсэн нь одоо их нэрд гарч байна. Н.Жанцанноров аяыг нь хийж, Ардын жүжигчин А.Долгор дуулсан даа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.