Д.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжсэн
Чихэнд чимэгтэй
2023-05-03
Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд УИХ нэг танхимтай байж, гишүүдийн 76-г нь мажоритар, 76-г нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгоно гэж тусгасан гэж мэдээллээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улстай ижил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад хүн амын амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь томоохон өөрчлөлтийг авчирна. Сонгуулийн зардал хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг болгож чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос болж байна. Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. УИХ-ын гишүүн нь сайд хийхээр УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, нөгөө талаар Засгийн газрыг УИХ хянахад доголдол үүссэн. Үүнээс улбаалж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь сэдэв болж яригдаж ирсэн. Тэгвэл ҮХЦ 2022 онд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнээр ажиллах нь нээлттэй, гагцхүү УИХ нь Засгийн газраа хянах үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэх ёстой. Олон улсын жишгийг харвал парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас болж байна гэж ҮХЦ тогтоолдоо тусгасан. Тиймээс энэхүү өөрчлөлтийг оруулж байна. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, УИХ-ын 54 дүгээр тогтоолд үндэслэн Засгийн газар ҮХНӨ-ийн төслийг өргөн барьсан гэдгийг тодотгон хэлье. Судалгааны дүнг харахад иргэд ерөнхийдөө гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Харин 152 байх уу, өөр байх уу гэдэг дээр хоёр хуваагдсан байдалтай байгааг судалгааны дүн харуулж байна. Хэлэлцүүлэг эхэлбэл иргэдийн саналыг харж үзээд тоог нь хэд байхыг өөрчилж болно гэв. Үргэлжлүүлсэн УИХ-ын гишүүний тоог нэмснээр дараах давуу тал үүснэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлалаа. Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн олон төлөөлөл парламентад суух боломжтой. Ингэснээр төлөөллийн зарчим хангагдана. Чанартай хууль батлагдан гарах үндэс болно. Одоогийн байнгын хороонд гэхэд 11 гишүүн ирснээр ирц баталгаажиж, зургаан гишүүн дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Парламентын гишүүн бага байх тусам эрх мэдэл нэг дор төвлөрч, хуйвалдаан зэрэг сөрөг талын зүйл гардаг учир 150-аас дээш гишүүнтэй байх ёстой гэдэг олон улсын жишиг бий. Тиймээс эрх мэдлийн төвлөрлийг багасгана. Засгийн газраас ҮХНӨ-ийн төсөлд иргэдээс санал авахдаа дээрх саналаас гадна хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Цэцийн гишүүний томилох хугацааг өөрчлөх, 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан нам бүртгэх босгыг буцааж хасах зэрэг олон өөрчлөлтийг тусгасан байсан. Гэвч хэвлэлийн хурлын үеэр энэ талаар огт дурдсангүй. Зөвхөн УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцооны талаар ярилаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.