images

Аким гүүшийн аялан явсан хуучаас

Duuren.Life

Сайн хүн явснаа

2023-02-07


“Сайн хүн явснаа” булангийн энэ удаагийн дугаарт орчуулагч Г.Аким оролцож “Монголын нууц товчоо”-нд нэр гардаг газар орныг хайн тогтоосон, өвөрмөц сонин хадны зургийн араас явсан олон жилийн аяллынхаа нэгээхэн хэсгээс хуучлав.

Лүн сумын хадны зургаас халим загас үзэв

     Ж.Баяржаргал гэж яруу найрагч байдаг юм. Одоо гавьяат. Тэр маань хэдэн жилийн өмнө надад “Манай Лүн суманд нэг хадны зураг байдаг. Тэнд таны сонирхдог хар гарагийнхны зураг бий шүү” гэхгүй юу. Тэгээд би очиж чадахгүй байгаад л байлаа. Тэгсэн чинь тэр сумын археологич залуу “Лүн сумын хадны зураг” гэж ном гаргажээ. Тэр номыг үзвэл яг л манай Ж.Баяржаргалын хэлж байсан шиг зургууд байна аа. Мэргэжлийн бус аппаратаар авсан учраас зураг нь жаахан муу юм. Ер нь өөрөө л очиж үзэхгүй бол болохооргүй юм. Би ч өөрөө очиж үзэхээс нааш үнэмшиж өгдөггүй хачин зантай хүн. Миний хуурай дүү Содномдаржаа гэж зураач байдаг юм. Сая надтай хамт төрийн тахилгат 11 уулын тухай ном гаргасан. Тэр маань уулсын зургийг зурж, би уулсынх нь тухай бичсэн юм л даа. Тэр хүүтэйгээ хамт Лүн сум руу очлоо. Ердөө 12 дугаар сарын дундуур өдөртөө яваад ирлээ. Суманд очоод багийн даргыг нь газарчнаар цааш авч явав. Тэгэхгүй бол олохгүй юм байна. Тэр хадны зургийн тухай нутгийн хүмүүс сайн мэдэхгүй юм. Ойр хавьд айл бараг алга. Дор нь нэг айл байсанд бид хэд яаруу явсан тул орсонгүй. Хангарьд оройг нь тасдаж авч явсан гэдэг домогтой Лүнгийн тахилгатай өнөөх оройгүй уулаас хойшоо Элстэйн даваа гэдэг газар тэр зураг байх юм. Аргал овоолсон юм шиг хоёр уул байна. Машин хүрчихээр газар юм. Цастай байснаас биш замтай юм аа. Хөл муудсан учраас өгсөхдөө хүнээр татуулж чангаалгаж л гарлаа. Өмнө талынхад нь очвол маш сонин зургууд байна. Хамгийн сонин юм нь халимны зураг байна. Хоёр сүүлтэй, нэлээн томоор зурчихсан. Өнөөх хайрс нь хүртэл мэдэгдээд байх шиг. Хажууд нь манайхан багтай хүн гэж яриад байгаа ч минийхээр бол өөр гарагийн хүн гэж үздэг дуулгатай толгойны дүрс байна. Зөвхөн толгой. Манай настайчуул үзвэл хүний сүг байна гэж хэлнэ. Харин Лүн сумын судлаач хүү надаас ондоо байр суурьтай. Энэ бол бөөгийн баг гэж байгаа юм. Би бол баг биш, өөр гарагийнхний зураг гэж үзэж байна. Өмнө нь Эрдэнэбаатар археологичтой хамт хадны зураг хайж явдаг байсан. Тэр бас хатагин овгийн хүн. Бид хоёр бас хатагинсаад дөрөө нийлнэ л дээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэбаатар маань “Гол мод II”-оо малтаад над олдохоо байсан. Бид хоёрын санал сайн нийлнэ шүү.

     Дуулгатай нь бол дээрээ антеннтай юм билээ. Харин эвэртэй хүний зургууд гүйж, харайж байгаа янз янзаараа байна. Их бие, гар, хөлийг нь ганц ганц зураасаар дагнааслаад зурчихсан ийм зурагнууд байна. Тэр бол нэлээн байх юм. За яах вэ, янгир бол байдаг. Манай өнөөх зураач энэ нэг сонин зураг байна гэхээр нь би жаахан дээшээ явж очоод үзвэл зэрэгцээ хоёр шовгор хадны арынх дээр нь нэг багтай хүний дүрс байна. Тэр дээрээ нэг антеннтай. Нүд нь бүлтийчихсэн, цөцгий нь хүртэл харагдахаас гадна нүднээс нь гэрэл цацарч байгаагаар дүрсэлжээ. Аа тэр гэрлийг бол хонхойсон тасархай зураасуудаар дөрвөн тийш нь гаргачхаж. Тэгсэн мөртөө ам, хамрыг нь ер гаргаагүй, цэглээд бужигнуулаад хаячихсан ийм сонин зураг үзлээ. Тэнд бас доохнуур нь жижгээр зурсан зургууд олон байна аа. Зургуудын хэмжээ алганаас жаахан том юм уу даа. Бас нэгийнх нь магнайд гурван зураасаар үрчлээ маягтай юм хийжээ. Тэр одоо яг юу юм, мэдэхгүй ээ. Мөн халимны учрыг судалж мэдсэнгүй. Тэнд хуучин далай байсан юм уу яасан юм, бүү мэд. Би л халим гэж харлаа. Өөр хүн юу гэж харахыг мэдэхгүй. Ер нь яах аргагүй салаа сүүлтэй, дээр нь эрээлчихсэн тийм том загас юм уу даа. Арай ч алга хүрэхгүй дүрс ч гэлээ хажуудах хүмүүсийнх нь дүрс жоохон юм.

Тэнгэрийн хүүхдийн наадгай

     Би “Тэнгэрийн хүүхдийн наадгайгаар тэнгэрээс залрагсдын мөрийг мөшгөхүй” гэж ном бичсэн юм. Тэнгэрийн хүүхдийн наадгай гэдэг нь манай баянхонгорынхны хадны зургийг нэрлэх нэр л дээ. Би Баянхонгорт бас л уул ус хадны зураг гээд явж байхгүй юу. Нэлээн юм мэднэ гэсэн өвгөнийд очдог юм. Тэгсэн өвгөн гараад явчихсан. Эмгэн нь хотын судлаач ирлээ гээд сүйд боллоо. Цай чанаж, бууз хийгээд л. Тэгснээ айлын авгай сайхан цайгаа самраад байж байснаа надаас асууж байна аа. “Та ер нь чухам юу хийж яваа хүн юм бэ дээ?” гэж. Би “Хадны зураг сонирхож яваа юм” гэвэл “Манай эндхийнхэн, өвөө, аав бол тэнгэрийн хүүхдийн наадгай гээд тийш явуулдаггүй байсан юм шүү дээ” гэж байна. Тэгээд л би түүгээр нь номоо нэрлэсэн юм. Гэхдээ өөр гарагтай холбоотой зургуудыг ийш тийшээ явж олсон. Архангайд Чононбөртийнхөн гэж Жаргалант сумын нутагт байдаг юм. Бөртэ чонын удмынхан гэсэн үг. Тэнд явж байгаад нэг эмгэнээс асуусан юм. Тэгэхэд “Манайхан энэ хадны зургийг чинь Чингисийн хүүхдийн тоглоом гэдэг юм” гэж байна. Энэ тэнгэрийн хүүхдийн тоглоом наадгай гэж нэрлэх бол нийтлэг л дээ.

     Би энэ хийсэн номынхоо үргэжлэл өөр нэг ном бичиж байгаа юм  л даа. “Хиргүй охин тэнгэр, хомосапиенс хоёрын хүйн холбоо” гэсэн ном. Монголд “Хиргүй охин тэнгэрийн судар” гэдэгт Алтайд хүн үүссэн, гэхдээ өөр гарагаас ирсэн нэг охин тэнгэртэй нөхцөж монгол хүн үүссэн гэж бичсэн бий. Эртний судар байгаа юм. Тэр судар, тэгээд ухаант хүн хомосапиенсээр номоо нэрлэв. Одоо тэрийгээ хадны зургаар батлах гэж оролдож байна. Гэхдээ хамгийн сонин нь, хар нүх, их тэсрэлт, тэлэлтийн онол зэргийг өнгөрсөн зууны 80-аад онд л гаднын эрдэмтэд баталж байсан юм шүү дээ. Гэтэл манай 17, 18 дугаар зууны үеийн мэргэд аль хэдийнэ биччихэж. Энэ хоёрыг харьцуулаад нэг ном бичиж байгаа юм.

     Хомосапиенсийн тухай номыг миний нэг шавь ивээн тэтгэж магадгүй юм хэлэхгүй юу. Тэгээд даруй дуусга гэхээр нь тэрэнд орох зургаа хайлаа. Дөрвөн газар өөр гарагийнхны зураг байгаа юм. Манайхан л ийм сонин зураг байна гээд интернэтэд юм гараад ирэхээр надад хэлж байхгүй юу. Соёлын өвийн сэргээн засварлах төвийнхөн бас хадны зургийн ном гаргадаг юм. Тэр нь тайлбаргүй. Тэндээс гурван газар олсон. Манайд нэг их эрдэмтэн газарзүйч өвгөн байсан юм. Түүний бичсэнтэй тулгаад дөрвөн газар байна гэж тогтоогоод тийшээ явах гээд л байна. Энэ Өмнөговь, Баянхонгор, Лүнгийн зургууд ер нь төстэй. Дуулгатай хүн нь бол ялгаагүй юм. Харин тэр эвэртэй юм шиг зурсан нь дандаа дагнаас гаргаад зурчихсан, арай ондоо.

Дөчин мянган жилийн өмнөх зосон алганы хээ илрүүлэв

     Австралийн Карионы агуй гэж байгаа юм. Тэнд Америкийн Нил Армстронг нарын саран дээр буусан бүхээгтэй яг адилхан зураг байдаг. Гэтэл манайд яг тэр нь гурав дөрвөн газар бий. Баянхонгор, Өмнөговь, Дорноговиос олж байлаа. Өмнөговийн Ханбогд сумын нутаг Хайрхан, Шийр ууланд тийм зураг байна. Ялангуяа Ханбогд сумын ууланд тэр чигт нь өөр гарагийнхныг дүрсэлжээ. Францын нэг агуйд зосон алганы зураг байдаг юм. Тэр алганы зургийг дэлхийд ганц олдлоо гэж шуугьж байсан юм. Тэгсэн чинь Алшаагаас гурван газраас олдсон шүү дээ. Би яг цар тахал эхлэхийн өмнө Алтайгаас 14 алганы зосон зураг олсон. Тонхил сумын Монгол Алтайн нэг агуйгаас л олсон. Миний алгархуу л хэмжээтэй юм. Тэгэхэд би тэндээс ирж, маргааш нь хөл хорьсон доо. Анх хөл хорьсон 11 дүгээр сарын 11 шүү дээ. Говь-Алтайд хоригдчихоогүй нь их юм гэж боддог юм. Зосон зургийг дэлхийн эрдэмтэд 40 мянган жилийн өмнөх гэдэг. Тэгэхээр манайх бас тийм байж таарна биз. Хүн төрөлхтний түүх бол нэг л явсан. Хоцорлоо гэхэд зуун жилээр хоцорно, түрүүллээ гэхэд зуун жилээр нь түрүүлнэ. Нэг л түвшинд явсан. Төв Азийн өндөрлөг хэдэн мянган жилээр хоцорсон юм байхгүй. Дэлхийн эрдэмтэд тэгж байгаа юм чинь, би өөрийнхөө санаан зоргоор тэгж туухгүй шүү дээ. Араас нэг хүн очсон л юм гэнэ лээ. Зарим нь би түрүүлж олсон л гэдэг юм. Би тэгэхээр газарчилсан хүмүүстэйгээ яриад асуухаар өөр хүн уулзаагүй л гэнэ. Манайхан надад ховлодог юм. Ер нь хайгаад байвал Монголд, ялангуяа Алтайд судлахгүй юм алга.

Химүргэ горхины Айл харганыг олсон нь

     “Нууц товчоо”-нд гардаг газар усны нэрийг нэг бүрчлэн тогтоох гэж би олон жил явлаа. Сүүлийн үеийн том олзоосоо яривал Хэнтий аймгийн Батширээт суманд Айл харгана гэдэг газрыг хайж явав. Тэр бол Химүргэ горхины тэнд байна гэдэг нь тодорхой юм. Чингис хаан, Ван хан, Ван ханы дүүгийн гурван түмэн цэрэг цугласан газар. Химүргэ горхин гэдэг нь одоо Бархын гол гэж байгаа нь. Тэгээд нэг баян айлд буулаа. Тэр их хэнхэр хөгшөөн. Элгэн дээрээ Чингис хааны дүрийг сийлүүлчихсэн. Надад томорч байна. Мянган үхэртэй, тэр уулаар л хааяагүй явж байдаг юм байх. Сүүлийн үеийн жийп унадаг гээд л, таахалзаад л. Тэгээд би Айл харгана гэдэг газрыг хайж явна гэсэн мэдэхгүй юм аа, хөөрхий. Тэгэхэд надад Батширээтийн хэдэн залуу газарчилж явсан юм. Тэдэнтэй хамт өвгөнийг дагуулаад дээш өгсөхөөр явтал хавар цаг болохоор машин суучих гээд ер болдоггүй. Тэгээд буцаад ирлээ. Тэгсэн хөөрхий өвгөний хөгшин нь хоол унд хийгээд байж байна. Нөгөөдхийг нь идээд сууж байсан чинь өвгөн гараад явчихлаа. Тэгсэн чинь эмгэн “Та юу хайж яваа юм?” гэж байна. Би “Айл харгана гэдэг газар хайж явна, манай энэ залуус энүүхэн хойшоо бий гэсэн юм” гэлээ. Тэгсэн “Юу ярьж байгаа юм. Манай энэ урд талын хөндийг Харгана гэдэг” гэж байна. Тэгэхээр нь “Энэ урагшаа гол гаталж болох уу?” гэсэн чинь “Болно” гэхээр нь гараад давхилаа. Их сайхан цэлгэр хөндий байна аа. Хайгаад байгаа тэр Айл харгана гэдэгт маань Чингис хаан мянган цэргээ нууж байгаад тайчуудыг хүрч ирэхээр нь цохьсон гэдэг домогтой. Очоод тал талаас нь үзвэл гучин мянган цэрэг өлхөн багтахаар газар юм. “Нууц товчоо”-ныхоор Хар зүрхний хөх нуураас цааш Тэнүүний голын цаана бий гэхээр маршрут нь яг таарч байгаа юм. Ингэж таарахаар чинь би баярлаад нөгөө залуучуудаасаа “Та хэдийн заасан тэр хойшоо байдаг Харгана чинь хэр вэ?” гэсэн “Хавчгай, гучин мянган цэрэг багтах юм байхгүй” гэж байна. Ингэж л би тэр хөгшний буянаар Айл харганыг оллоо доо. Тэр эмгэн “Дэлгэрхааны энэ нутгаар манай эмэг эх нутаглаж байсан. Би эмэг эхээсээ энэ нэрийг сонссон” гэсэн юм. Харин залуусын над заагаад байсан нь буриадуудын нэрлэсэн Харгана гэж хадан цохио юм билээ. Би болохоор юу ч гэсэн Химүргэ горхин өөд өгсөөд үзье гэж бодоод дагаад явсан хүн. Анх очиход айлын эмгэн намайг ойлгоогүй байсан юм билээ. Аргагүй, би шууд л өвгөнийг нь аваад явчихсан юм чинь.

Эмгэдийн тус их

      Одоо хөдөөгөөр явахад сайхан хүнхгэр өвгөд байхгүй болжээ. Над шиг нэг шожийсон юмнууд байна. Над шиг тийм юмнууд нь нас богинотой ч байдаг юм уу, яваад өгчээ. Хуучлаад юм ярьчих хүн ховор болсон байна даа. Ерөнхийдөө авгай нар нь үлдчихэж. Гэхдээ тэд маш мундаг байна. Яагаад гэхээр бидний үед өвгөд хуучлаад суухад хажууд нь байхаар “Аманд орчих гэлээ, гар гар” гэдэг. Харин охид цай ундааг нь дөхүүлээд үлдчихдэг байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийн яриа чихэнд нь үлдчихсэн байдаг юм. Энэ Хэнтийн Батширээтийн, Баянхонгорын Баянцагааны, Архангайн Жаргалант сумын эмгэн гэх мэтээр надад эмгэд их тус боллоо. Манай аавын хамаатны, миний үеийн шахуу нэг эмгэн бий. Тэр надад “Энэ Матадад Чингисийн гэрийн буурь байдаг” гэж хэлж өгч байлаа. Ер нь надад өвгөдтэй уулзснаас эмгэдтэй уулзсан нь өлзийтэй байна. Нэг их яриа ундруулаад байхгүй ч миний гол зорьсон юмыг тэд л хэлж өгөөд байгаа юм.

Алунгоо эхийн мэндэлсэн Ариг усаныг олсон нь

     Буриадад Алунгоо эхийн мэндэлсэн Ариг усан гэдэг газрыг би олсон юм. Ноднин тэнд очиж арван гурван сан уугиулж, Чингисийн сан уншиж баахан дөвчигнөөд. Заримдаа бас дөвчин унзад болно шүү дээ. Тэгсэн чинь манай буриадууд “Алунгоо эх гэгч чинь хэн билээ?” гэж байна. Мэдэхгүй юм. Тэгэхээр нь би “Та нар монголоор уншдаггүй юм гэхэд Козины “Нууц товчоо”-ны орчуулгыг унш” гэлээ. Буриадын гавьяат багш хөгшин дор нь татаж авч үзээд “Нээрээ тийм байна” гэж байгаа юм. Тэгээд би наашаа ирчхээд байтал тэндхийн нэг лам над руу утасдаж байна. “Таны олсон нээрээ мөн юм аа. Та ирж телевизээр нэг ярьж өгөхгүй юу” гэхээр нь эргээд явлаа. Бүх зардлыг нь тэр лам даана гэсэн учраас явж очоод ганц хоёр газраар ороод, телевизээр нь ярьчхаад ирсэн юм. Тэгсэн чинь энэ намар Засгийн газрынх нь дэд сайдын зөвлөх залуу, миний очиж дөвчигнөсөн газрын лам хоёр Монголд зорьж ирээд надтай уулзлаа. Тэд нэгдүгээрт, миний амнаас тэр газар Алунгоо эхийн төрсөн газар гэдгийг сонсох гээд байна. Хоёрдугаарт, тэнд хөшөө байгуулах бодолтой гэж ирсэн. Тэгэхээр миний явсан хэрэг бүтэж байна аа л гэж баярлаж сууна даа.

     “Нууч товчоо”-нд “Хорь түмэдийн газар Ариг уснаа төрсөн Алунгоо” гэж бий. Гэтэл Хорь гэдэг газар чинь Хоринск гээд байж байна. Хорь дээр инск залгаад л Хоринск болгочихсон юм. Эрхүү гэдэг чинь Эргүнэ хунгийн Эрхүү шүү дээ. Яг адилхан бичнэ. Тав зургаан жилийн өмнө Эргүнэ хунгаар явж далан үхрийн арьсаар тулам хийж хөөргөдсөн даваан дээр нь очсон. Одоо бол Нүхэн даваа нэртэй. Хад нь харагдсан томоо нүх байгаа. Тэрүүгээр буусан гэхэд наад талдаа бол их огцом. Яах вэ, мянга гаруй жилийн өмнөх явдал юм чинь түүнээс хойш нурсан байж магадгүй. Хажуудаа жимтэй юм билээ. Жимээр нь тойроод гарсан ч байж болно. Тэр нь домог болоод үлдчихсэн. Харин тэр хавиар хүн амьтан байхгүй. Цаана нь Окинск гэж тосгон байгаа юм. Соёдуудын нутагладаг газар. Ухаандаа манай Соёны уулс гэдэг чинь соёдуудын нэртэй холбоотой. Манайхан Саян гэж ярьж байгаа нь буруу. Д.Нацагдорж “Хэнтий, Хангай, Соёны” гэж байгаа биз дээ. Тэр нь зөв. Оросууд Саян болгочихсон байхгүй юу. Аа харин Хоринск бол Улаан-Үдээс зүүн тийш 14, 15 километр газар. Тэр Хоринскийн сууринаас зүүн хойшоо 16, 17 километр газарт Ариг усан байх юм. Мод ихтэй газар байна. Хажууханд нь Алан гэдэг тосгон байгаа юм. Алан гэдэг гол ч байна. Тэр нь Алунгоогийн алан байхгүй юу. Алан гээд оросоор дуудчихаар мэддэггүй юм байна л даа. Тэд ч “Алан гэж юу гэсэн үг вэ?” гэхээр мэдэхгүй юм. Тэрийг нь тогтоосон ухаантай. Ирэх зун намайг дахиад аваачна л гэсэн. Өмнө зун хоёр очсон юм. Энэ зун зориглоод Сэлэнгийн Батхүү яруу найрагчтай цаашаагаа давхисан байхгүй юу.

Жамухыг гүр хаанд өргөмжилсөн газрыг олж магнай тэнийв

     Би чинь Жамухын хүн шүү дээ. Манай хатагинууд чинь Жамухыг дагаж байсан юм. Жамухыг гүр хаанд өргөмжилсөн газрыг олоод би баярлаагүйгээрээ баярласан. Халх голд бий. Одоогийн Халх голын сумын төвөөс тавиад километр. Улхай булаг гэдэг газар Жамухыг манай хатагинууд, тайчууд, соёдууд, найманы Буйраг хаан нийлж гүр хан өргөмжилсөн юм. Тэр булгийг оллоо л доо. Тэнд Жамухын суудал гээд цагаан шохой чулуугаар сандалархуу юм хийгээд тавьчихаж. Хэдийд хийснийг мэдэхгүй юм. Орчин үеийн юм биш. Тэгээд би манай өвөг дээдэс тийм газраа заавал тэмдэглэж үлдээдэг юм байна гэж бодоод байгаа юм. “Монголын нууц товчоо”-ны тийм газруудад манайхан чинь заавал нэг сүм хийд юм уу, суврага босгосон байдаг. Бурхан халдуны Босго тэнгэрийн давааны наана том суварга байсан. Тэнд мөргөчхөөд цааш давдаг гэх мэтээр ийм суваргаар тэмдэглэж үлдээдэг байжээ.

     Жамухыг гүр хан өргөмжилсөн газрын сургийг миний найз, Халх голын ганц гавьяат, музейн эрхлэгч нь байгаад гавьяаны амралтдаа гарсан Мягмарсүрэн анх дуулгасан юм. Тэр минь надад, тийм газар байдаг юм мөн үү, биш үү гэхээр нь хамт тийшээ очиж мөн болохыг нь тогтоогоод бас ганц шил юм гаргаж, сувд эрдэнэ өргөсөн. Өвөр Монголын нэг хувилгаан лам, оточ Баатар бид хоёрт, уул усандаа өргөж яваарай гэж нэлээн хэдэн сувд өгсөн юм. Тэрнээсээ аваачаад гурав дөрвийг нь өргөчихдөг юм. Би “Нууц товчоо”-ны газруудаас очсон болгондоо л сувд өргөсөн шүү.

     Улхай булаг, Олгой гол, Алхуй булаг гээд улсууд бол янз бүрээр л нэрлэж, бичиж байна. Тэр Алхуй булаг нь зөв болов уу гэж би бодоод байгаа юм. Яагаад гэвэл татарын алхуй омгийнхон тэнд нутаглаж, төвлөж байсан газар. Тэгэхээр зэрэг гүр ханд өргөмжлөхөд алхуйтангууд оролцсон байхгүй юу. Алхуй булгийн тэр хавь бол ердөө тал. Тэр нь талд хэрнээ мяралзсан устай булаг юм. Булаг нь бас зүгээр нэг нарийхан биш ээ, нэлээн өргөн шүү. Тэгээд бургас ихтэй. Тэр хавьдаа баянбүрд л дээ. Одоо бол Азаргын гол гэж уулаар нь нэрлэдэг юм билээ. Харин тэр Жамухын суудлын он цагийг барагцаалах боломжгүй юм. Ар тийшээгээ налаад суучихдаг диван шиг л юм. “Монголын нууц товчоо”-нд “Азарга, гүү хүйс цавчиж тангараг өргөсөн” гэж гардаг шүү дээ. Тэгтэл тэнд Азарга уул, Гүү уул гэж байна. Азарга уулын тэнд суудлаа залсан байгаа юм. Тэгэхээр Алхуй булагтай нийлээд гурван юм нийлж байгаа биз дээ. Ингэж л батлахгүй бол хүн итгэхгүй шүү дээ. Тэгж л үйлээ барж, үсээ зулгааж явна даа. Илжиг модон хударгандаа дуртай гэж би энэндээ дуртай.

Цаг уярахаар явна

      Уул усаар тэнэсээр би гуч дөчөөд жил боллоо. Яг “Нууц товчоо”-ны судалгааны ажил бол гучаад жил, хадны зураг бол саяхнаас буюу одоо ердөө 15, 16 жил болж байна. Сайн нөхдийн буянаар л ийш тийшээ явна. Хэдэн номоо зарвал хөгшнийг буруу харж уйлуулж, зөв харуулж инээлгэж байгаад хэдэн төгрөг авна гэх мэтээр, тун болохгүй бол автобусанд суугаад аймгийн төв орчихно. Тэгэхээр аймгийн төв дээр намайг мэддэг нэг зохиолч, эсвэл сэтгүүлч, гэрэл зурагчин заавал байна. Тэд чинь ойрхон бол би дөхүүлээд өгье гээд аваад явна. Холхон бол бензинийг нь хийгээд өгчихнө. Тэд надаас хөлс нэхэхгүй. Энэ мэтээр элдэв арга хэрэглэнэ шүү дээ.

     “Монголын нууц товчоо”-нд 200 гаруй газар усны нэр бий. Самаркандад байгаа руу би явж чадахгүй шүү дээ. Энүүхэн хавьдаа л эргэлдэж байгаа юм. Баргын нутагт зургаа, долоон газар байна. Хятадууд хилээ хаачихсан болохоор очиж чадахгүй л байна. Хятад хилээ нээгээд, айхтар өвчин нь намдвал би шуртхийгээд л гарлаа. Харин Шинжааны наад талд нэг нуур бий. Бас Эрчис мөрний зураг хөргийг очиж авах гэх мэтээр гадаадад бол очоогүй газар олон байна. Харин Монголд үйл явдал, маршрутаар нь хөөгөөд тогтоох аргагүй, арай хүрч чадахгүй байгаа ганц хоёр л газар үлдэж. Тэрнийг бол би олохгүй юм байна. Маршрутаар нь тогтоож болох бүх газруудаар нь явлаа. Харин Баянхонгорт Хар сүүл гэдэг гол дутуу байна. Тэргүүн өндөр дутуу байна. Би байрлалыг нь бүгдийг нь олсон. Цаг уярахаар явна даа. Ингэхээр Монголд байгаа “Нууц товчоо”-ны газрууд дуусах шатандаа орж байна. Харин Орост Харгун хавцал гэж нэг юм үлдчихээд байна. Тэрийгээ би ерөнхийд нь олсон. Очиж зургийг нь дарах л үлдлээ. Орост бол амар шүү дээ. Гараад давхичихна. Одоо юу болсон юм бол гэхээс биш намайг очиход тоож байгаа хүн ер байдаггүй юм. Мөн урд Чингис хааны давсан нэг даваа бий. Одоо нэг хоёр гурван газарт очвол нэг ном болох нь. Бичих бол амархан. Эрж явах хайх нь төвөгтэй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.