images

Шинжааны монголчуудаар зочилсон минь

Д.Бизьяа

Сайн хүн явснаа

2023-01-23


   Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн шинжээч, түүхч, угсаатан судлаач, доктор М.Ганболд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны ойрад монголчуудаар аялжээ. Шинжааны ойрадуудын аж төрөл, зан заншил, түүхэн нутаг орны байдлыг үзэж сурвалжлахаас гадна Алтайн урианхайн хошуу ноён Чүлтэм да ламын удам угсаа, үр хойчсийг олж сурвалжлах зорилгоор явсан энэхүү аяллынхаа тухай хураангуйлан ярьсныг “Сайн хүн явснаа” буландаа толилуулж байна.

Чингэлийн 200 монгол айлын малаа малладаг нь хоёрхон

     Ховдын Булган сумын гааль, Хятадын Такашикений гаалиар гарангуут Шинжаан-Уйгарын нутаг эхэлнэ. Хил гарангуут хамгийн наад талд нь буюу хилийн дагуу бол ихэнхдээ хасгууд сууна. Хилийн цаадах Булган голын сав газар болон Ховогсайр бол торгууд, урианхай нарын нутаг учраас хасгууд нааш шахагдаж хил дагуу ихээр суух болсон нь энэ юм билээ. Нутгийн гүн рүү Алтайн нуруугаа өгсөөд Алтай аймаг, Хандгайт, Чингэл нутагт урианхайчууд, Ховогсайр нутгаар торгуудууд олноор суудаг. Тэндхийн монголчуудын ихэнх нь уламжлалт мал аж ахуйгаасаа нэлээд хөндийрч, тариа тарих зэргээр суурин суух болсон байна. Яг малчин айл гэвэл цөөн. Жишээ нь, Чингэл нутагт гэхэд яг манай малчид шиг малаа маллаад жилийн дөрвөн улиралд нүүдэллэж амьдардаг малчин айл хоёрхон байсан. Нийт 200-гаад монгол өрх айлаас шүү дээ. Гэхдээ тэдгээр монголчуудын ихэнх нь малтай. Захын айл л гэхэд хоёр гурван зуугаад хоньтой, дөч тавин сарлагтай байх жишээний. Тэд малаа ерөөсөө л хүн хөлсөлж маллуулаад өөрсдөө айл болгон жижиг газартай, тэндээ тариа, малын тэжээл тарина. Газар тариалангаас боломжийн мөнгө олдог болохоор л тэр. Өвөл хаварт үхрээ өөр дээрээ аваад, хариулахгүйгээр гараар тэжээгээд, хонь ямаагаа хасаг хүмүүст хөлсөөр өгч маллуулаад, адуугаа ууланд залчих юм билээ. Гол орлого нь газар тариалан. Нэг жижигхэн талбайд ямар нэгэн юм ургаж л байвал хүн ам ихтэй тул тэр нь зарагдахгүйн зовлон байхгүй. Ерөөсөө л уламжлалт мал аж ахуй нь түрэгдээд, суурин амьдралд шилжиж буй нь тэр.

Чингэл балгасанд амьдран суугаа Алтайн урианхай айл

Шинжааны монголчууд Монголыг Эх нутаг гэж хэлдэг

     Дан монголчууд, урианхайчууд биш цөөн тооны монголчууд хятад, уйгар, хасгуудтай холилдож суудаг болохоор зан заншил, уламжлалт амьдрал нь манайх шиг өргөн дэлгэр биш, нэлээд гээгдэж яваа юм уу гэж харагдсан. Гэхдээ л урианхайчууд нь овоогоо тахина, урианхай сураа харвана. Туулиа хайлж байгаа ч манайхан шиг түгээмэл биш, зүгээр манай соёл юм гэж бусдад харуулсан, сурталчилсан маягийн юм билээ. Тэр нь ихэнхдээ найр наадам давамгайлсан, зугаа цэнгээний тал руугаа орчихсон байдаг. Алтайн урианхайчууд овоогоо балин гэж нэрлэдэг. Цагаан сараар урианхай айл болгон балин бариад ёслол үйлддэг шүү дээ. Гэтэл тэндхийн цөөхөн урианхай дундаа ганц том балин бариад Цагаан сараа ёслож байгаа юм. Энэ олон хасаг, хятад дотор урианхай нэрээ гаргав гэж нэг сайн бахархаад л маргааш нь хэвийн суурин амьдралдаа орох юм даа. Малчид нь ихэнхдээ зуслан руугаа шахагдсан байдалтай байна. Тэнгэр уул, Ховогсайр, Харшаар нутаг бол маш үзэсгэлэнтэй сайхан газар. Монгол өөртөө засах Баянгол аймаг гэж ганц монгол аймаг бий. Тэнд Хайдагийн гол гэж сайхан гол урсана.

Халиглан цалиглан урсах

Хайдагийн голыг гатлав даа

Хазаараа даран тэмүүлэх

Харшаарын жороог унав даа гэсэн үгтэй дуу бол тэр нутгийн сүлд дуу юм.

   Харшаар нутаг жороо мориороо алдартай. Хайдагийн голын хөндий гэж морь бол жороолохоос өөр аргагүй зөөлөн сайхан хөрстэй үзэсгэлэнт нутаг. Тэр нутагт Ойрад телевиз, Ойрад радио хороо гэж байна. Буудалд буугаад радио сонсож зурагт үзэхэд яг л сайхан ойрад аялгаар ярина. Тэндхийн монголчууд манай Монгол орныг Эх нутаг гэж нэрлэнэ. “Монголоос ирлээ” гэхээр “Аа, Эх нутгаас ирээ юү” гэж хэлэх жишээтэй.

Ажилдаа очоод хятадаар, зах дээр уйгар, хасагаар, гэртээ ирээд монголоор...

     Хэлний хувьд бол залуус нь хятад, хасаг хэлээр голдуу ярина. Гэртээ бол монголоор ярих л байх. Алтай аймаг бол хасаг аймаг, ихэнх нь хасгууд тул тэнд хятад, хасаг хэл давамгайлдаг. Тэгэхээр жирийн монгол хүн гэхэд хятадаар, хасгаар, уйгараар, тэгээд монголоороо ярьж байгаа юм. Орчин нь тийм юм л даа. Жишээ нь, тэндхийн тува нар гэхэд л хятад, хасаг, уйгар, тувагаар ярьж байгаа юм. Яг тэр Чингэл, Ховогсайр нутгийн хувьд гэхэд албан ёсны хэл нь хятад хэл, арилжаа наймааны хэл нь хасаг, уйгар хэл. Албан ажилдаа очоод даргатайгаа хятадаар, зах дээр очоод уйгар, хасаг хэлээр, гэртээ ирээд монголоор ярина гэсэн үг. Тэгэхээр монгол хэл их явцуу хүрээнд яригдаж таарна биз? Бага насны хүүхдүүд монголоор бараг ярихгүй. Нэг хэсэг Шинжааны монгол залуучууд монгол хэл сурах гэж Ховд их сургуульд их ирдэг байлаа. Төгсөгчид нь монголд бизнес эрхлээд, зарим нь бүр Монголын иргэн болсон ч бий. Нэг сонин нь тэндхийн цөөхөн монголчуудын монгол хэл маш цэврээрээ, яг сайхан урианхай, торгууд аялгаараа ярих юм билээ. Уйгаржин монгол бичгээ хэрэглэнэ. Настайчууд нь тод монголоор бичнэ. Гэтэл манай өвөрмонголчуудын хэл гэхэд дунд нь хятад үг ороод, ойлгоход нэлээд адармаатай болчихсон байдаг шүү дээ. Анх 2014 онд би хэсэг эрдэмтэдтэй Тэнгэр уул, Харшаар нутгаар явж байлаа. Тэгэхэд би тэдэнтэй урианхай аялгаар ярихад нэг торгууд эмгэн “Энэ хүмүн хамгийн чих (зөв гэсэн үг) ярьж байна” гэж байж билээ. Тэнд монгол, уйгар, хасаг сургууль гээд тус тусдаа байх юм. Монгол сургууль нь бүх хичээлээ монголоор заагаад, тод монгол бичгээр бичдэг байсан гэдэг. Харин сүүлийн арваад жилд тод бичиг орхигдоод, уйгаржин монгол бичгээр бичих болсон байна лээ. Тэгвэл бүр ойрын үед ерөнхий эрдмийн хичээлүүдийг хятад хэлээр заагаад, ганцхан монгол хэлний хичээлийг л монголоор заадаг болсон байна. Нэг сонин бодлого байдаг юм билээ. Юу гэхээр монгол, хасаг, хятад гурван хүүхэд байлаа гэхэд их сургуулийн элсэлтийн шалгалтанд ороход монгол, хасаг буюу үндэстний цөөнх хүүхдэд шууд автоматаар 50 оноо өгнө. Хятад хүүхдэд тийм оноо байхгүй, яг л өөрийнхөө мэдлэгийн хүчээр өрсөлдөөд оноогоо авна гэсэн үг. Тэгэхээр шууд 50 оноотой болчихсон хүүхэд тэгтлээ нэг их мэрийдэггүй, хичээл номдоо шамдахгүй. Харин огт оноогүй, тэгээс эхэлж байгаа хүүхэд маш их мэрийж байж оноо цуглуулж сургуульд орно гэсэн үг. Эцсийн дүндээ тэгээс эхэлж мэрийсэн хүүхэд илүү амжилттай сурч байгаа юм. Тэгэхээр явж явж энэ нь нөгөө цөөнх ястны хүүхдээ харж үзсэн биш, бүр улам сулбагар болгож байгаа юм. Үүнийг тэндхийн монголчууд сайн ойлгодог.

Зүүн гар талаас Урианхайн Чүлтэм да ламын төрсөн дүү Зандваагийн хүү туульч Мажиг, mүүхч М.Ганболд, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор, монгол судлаач Акира Камимүра

Чан Кайши Чүлтэм да ламд Зая бандида цол олгож байжээ

     Шинжаанд одоо 280 орчим мянган монгол үндэстэн, 10 сая орчим уйгар үндэстэн байна. Уг нь 500 мянган монгол байхад Хятадын Улс төрийн товчоонд заавал нэг монгол төлөөлөгч суудаг байсан. Одоо хүн ам цөөрөөд тэр эрх байхгүй болсон байна. Шинжааны Чингэлд нүүж очсон Алтайн урианхайчуудын зарим нь буцаж нүүгээд яг тэндээ нийт 20 орчим өрх айл үлджээ. Тэдгээр 20 айл бол Урианхайн хошууны удирдагч Чүлтэм да ламын ах дүү, төрөл төрөгсөд, ноёнтой ойр дотно байсан хүмүүс үлдсэн нь тэр. Чүлтэм да лам эрх тушаалаа хэвээр хадгалаад, Алтайн урианхайн баруун гарын хошуу захирагчийн тамгатай, цөөн иргэдээ захираад сууж. Өөр хошууны урианхай нар нүүн ирж Да ламаа тойрон суусан байдаг. Түүгээр ч үл барам 1923 онд Хятадын ерөнхийлөгч Чан Кай Шигаас Да ламд Зая бандида цол олгож байсан байдаг. Ойрадын хутагт хувилгаадаас Зая бандид цол авсан ганц хүн нь Чүлтэм да лам юм. Ингэж байтал 1937 оноос урианхай нарыг бүр урагш нутгийн гүн рүү, Цонж руу албадан нүүлгэжээ. Тэд Цонжид элдэв хүнд хүчир ажилд нухлагдан 11 жил суугаад 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа уугуул Чингэл нутагтаа эргэж иржээ. Одоо Чүлтэм да ламын үр хойчис их сайн явна. Цонжийн орлогч дарга, Гадаад яам зэрэг газарт ажиллаж байна. 1930-аад оны эхэн, дунд үе, 1940-өөд оны эхэн үе гэдэг бол Шинжаан даяар үймээн самуунтай, бослого хөдөлгөөнтэй байсан ороо бусгаа цаг үе шүү дээ. 1940 онд Шинжаанд өрнөсөн хасгийн бослого сүүлдээ зах замбараагаа алдаж Монгол нутаг руу хүртэл цөмөрч орж ирж дээрэм тонуул хийж байсан нь өнөөгийн бидний нэрлэдэг Хасгийн дайн юм. Нөгөө үлдсэн хориод айл мөн л хасгийн дээрэм тонуулд их өртжээ. Гэсэн ч Чүлтэм да ламаа тойрон хүрээлсэн урианхай нар цаг төрийн элдэв үймээн, хүнд бэрхийг даван туулсаар өнөөг хүрчээ. Сүүлд ерээд он гарч нээлттэй болсны дараа хилийн цаана, наана байгаа ах дүү нар хоорондоо уулзалдсан тохиолдол олон.

4000 малтай малчин залуу Төрбатынд зочлов

     Шинжаанд газрын тосны үйлдвэр олон байна. Ер нь сүүлд очиход Шинжаан орны байдал их өөр болжээ. Хөгжил дэвшил маш хурдтай явагдаж байна. Зам харилцаа эрс сайжирч, хурдны зам их тавигдсан байна лээ. Дөрвөн мянга орчим малтай Төрбат гэж малчин залуугийнд очлоо. Тэдний гэрийн гаднаа гурван жийп байна. Сонирхоод асуувал "Япон жийпээр нь зочин гийчин тосно. Бээжин жийп нь манай авгайн мэдлийнх. Зээл орж ахуй амьжиргааны хүнс, бараа цуглуулна. Сүүлийн нэг тэвштэй жийп нь аргал түлээний тэрэг" гэж байгаа юм. Тэгэхээр аж төрөл нэлээд сайжирсан байгаа нь андашгүй. Тэдний ганц санаа зовж буй зүйл нь, өдөр ирэх тутам монгол заншлаасаа холдоод, үр хүүхэд нь хэл соёлоосоо хөндийрч буй явдал. Малчин айлууд малаа түрээслэх гэдэг өвөрмөц тогтолцоо бий. Түүнийгээ “Мал төмөрлөх болзоо” гэж нэрлэнэ. Төмөрлөх гэдэг нь түрээслэх гэсэн санаа. Жишээ нь, төллөх 200 хонь хүнд түрээслүүлээд жилийн дараа 250 болгож авах түрээсийн гэрээ хийнэ. Нөгөө малчин нь сайн маллаад 200 хониноос багаар бодоод 150 төл авлаа гэхэд 50 төлийг эзэнд нь өгөөд үлдсэн 100-г өөртөө авна гэсэн үг. Аль аль талдаа маш ашигтай гэрээ юм билээ. Энэ гэрээг зүгээр хоёр малчин хийчихгүй. Хошууны захиргаатай нийлж гурвалсан гэрээ байгуулаад захиргаа нөгөө мал түрээсэлж авсан хүнд байнгын хяналт тавина. Элдэв маргаан гарвал захиргаа хариуцна. Захиргаа тэндээс бас хувь авдаг. Шинжааны Баянголд нэг давсны уурхай бий. Тэнд дандаа хятадууд ажилладаг гэнэ. Эхлээд тэнд дандаа монгол залуучуудыг ажилд авчээ. Гэтэл тэд хэдэн сарын дараа “Давс малтаж амьдрахгүй” гээд хаяад явсан байна. Дараа нь уйгаруудыг ажилд оруултал мөн л тиймэрхүү юм яриад хаяад явж. Дараа нь хятад хүмүүс авсан нь одоо болтол ажиллаж байгаа гэнэ лээ. Энд үндэстэн угсаатны онцлог байдаг байх.  

Монгол, хятад, уйгарын дунд хэдэн орос...

     Газар орны байдлын хувьд бол Алтайн нурууны баруун тал юм. Урагшлаад Зүүнгарын говь руу орно. Алтайн нуруунаас доохно Чингэл тал руугаа, Булган голынхоо адагт Баруун гарын урианхай нар суудаг. Зүүн гарын урианхай нь Ээвийн гол талдаа сууна. Алтайн нурууныхаа өвөр талд цөөн тооны тува буюу соёдууд сууна. Түүний дунд Хөх тохой гэж газар бий. Тэнд оросууд байдаг юм билээ. Анх Хөх тохойд очоод би их гайхсан. Нэг байрны үүдэнд кирилл монгол үсгээр “Гуанз”, “Клуб” гэсэн бичиг байх юм. Сонирхоод орж үзвэл хятад хүмүүс бужигналдаад, сайн анзаарвал үйлчлэгч залуучууд нь нэг л өөр төрхтэй. Тэгтэл орос залуус байсан юм билээ. Сүүлд учрыг мэдвэл Октябрийн хувьсгалын дараа Монголд орж ирсэн цагаантнуудын Кайгородов тэргүүтэй зарим нь манайхаас хөөгдөөд тийшээ зугатаж гарсан юм билээ. Тэдний үр хойчис одоо болтол тэнд суусаар буй нь тэр. Залуус нь бүрэн хятаджижээ.

Тэнгэр ууланд монгол айлын айраг уув

     Өрөмч хотод Монгол судлалын төв байсныг Ланжоу хот руу шилжүүлсэн байна. Шинжаан, Хөх нуур, Шар мөрний монголчуудын яг төвд Ланжоу байдаг тул монгол судлалын төвийг тийш нь шилжүүлжээ. Өрөмч хотоос цааш зам дагуух хоолны үйлчилгээний бизнесийг хуйхуй нар барьдаг юм гэнэ. Хоолны амт чанар ч сайн. Тэнгэр ууландаа монгол, хасгууд эзлэн сууна. Тэнгэр уулын малчид айраг сайхан хийнэ. Хоёрхон гүүтэй эхнэр нөхөр хоёр малчин залуу Тэнгэр ууланд айраг хийгээд гялалзтал борлуулж байна. "Айраг исэж амжаагүй байхад хятадууд ирж айраг нэхээд сандаргаж байна" гэж зогсох хоёр залуугийн айраг гойд сайхан амттай. Хятадууд хүртэл тэр айргийн амтанд орсон байгаа юм. Тэнгэр уулын амнаас уйгаруудын хийсэн гамбир аваад, жаахан өгсөж айраг аваад, замдаа айраг ууж, гамбир идээд л явлаа.   

Хятад, хасаг, уйгарууд монгол айлд уригдвал нэг насны бахархал

     Өрөмч хотын төвд хоорондоо ойрхон хоёр бүжгийн талбай бий. Нэг нь уйгаруудынх, нөгөө нь хятадуудын талбай гэнэ. Нэг том ялгаа харагдсан нь, орой ажлаа тарсан уйгарууд бүжгийн талбай дээрээ ирээд хөгжмөө эцэст нь тултал чангалж байгаад маш эрчтэйгээр дэвхцэн бүжиглэнэ. Үнэнхүү баясаж цэнгэж чадаж байгаа юм. Харин хятадууд нь их намуухан, гар хөлийн дасгал хөдөлгөөн хийж байгаа аятай байх юм билээ. Тэнд ямар ч тийм уйгар маягийн оргилсон эрч хүч харагдахгүй. Зах дээгүүр явахад наймаачин уйгаруудын дуу чимээ чих дөжрөм. Нэг орой гадаа хэдэн уйгар тойрч суугаад их л хөгжилдөн инээж ярилцаж байх юм. Нэн баясалтай, хөхүүн чанга инээнэ. Тэгэхээр нь би санамсаргүй хажуудах хүнээсээ “Энэ уйгарууд юу ярьж байгаа нь энэ юм бол?” гэтэл “Наадуул чинь юу ч ярихгүй инээлдэж байгаа. Зүгээр нэг нь “Би нэг сонин юм ярья” гэхэд л бусад нь учир зүггүй инээлддэг юм” гэж билээ. Бас л угсаатны онцлог л доо. Тэндхийн монголчууд хаанаас нь ч харсан зүс царай, бие бялдрын хувьд андашгүй. Түүнээс гадна дуу хуур, бий биелгээндээ сайн. Бас найр наадамд дуртай. Найран дээр архиар шахахдаа гаргууд. Хундагатай архи бариулчихаад урд зогсоод дуулаад байна. Дуулаад уухгүй бол бий биелнэ. Таллаж уугаад өгвөл “Та Эх нутгаас дундуур сэтгэлтэй ирээ юу?” гэж тулгана. Уухаас аргагүй болгоно. Хатуу архи ууж чадахгүй бол шимийн архи тулгана. Шимийн архинаас нь уусны дараа “Одоо таны хот (ходоод) тослогдсон, хар архи ууж болно” гээд л шахна. Тэндхийн уйгарууд монголчуудтай найрлах хэцүү гэж ярьдаг нь архи шахахаас нь айж буй нь тэр. Хятад, хасаг, уйгарууд монгол айлд уригдвал нэг насны бахархал болгож ярина. Учир нь монголчууд хонь гаргаж дайлдаг ажээ. Бүхэл бүтэн хонь гаргуулж дайлуулна гэдэг тэдний хувьд насаараа ярих хүндлэл болдог байна л даа.  

Монгол бүсгүйчүүд биеэ үнэлнэ гэж хэзээ ч байдаггүй

     Шинжааны монголчуудын онцлогийн талаар нэг монгол залуу ярьсан юм. Хар хятад болон хасгуудаас манай монголчууд хоёр зүйл дээр их ялгаатай, бардам байдаг. Нэгдүгээрт, монгол хүн хэзээ ч хулгай хийдэггүй. Хоёрдугаарт, монгол бүсгүйчүүд хэзээ ч биеэ үнэлэхгүй гэж байгаа юм. Шинжаанд биеэ үнэлэх явдал маш их. Буудалд оров уу, үгүй юу хаалга тогшино. Шөөжүү хэрэгтэй юу? Уйгар шөөжүү байна, хятад шөөжүү байна гээд л шалгаана. Хэрэггүй гээд буцаахаар маргааш нь дахиад хаалга нүднэ. Харин монгол шөөжүү гэж огт ярихгүй шүү. Бид нар шалгах гэж үзээд “Монгол шөөжүү байна уу?” гэсэн чинь байхгүй гэж явчихаад дахин ирж оройжин хаалга тогшсон. “Монгол шөөжүү байхгүй, өөр шөөжүү байна” гээд л шалаад байна. Шөөжүү гэдэг нь хүүхэн гэж байгаа юм биз дээ. Үүн дээрээ монголчууд бардам байдаг нь бахдалтай сайхан санагдсан даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.