images

Монголын хамгийн нам дор цэг: Номингийн говийн Элст хотгор

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-10-08


     Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элст хотгор дотор далайн түвшнээс дээш 526 метр өндөрт өргөгдсөн монгол орны хамгийн нам дор цэг байдаг. Энэ нь Хөх нуурын хотгорын цэгээс даруй 34 метр нам дор оршино. Мөн Улаанбаатар хоттой харьцуулахад 824 метрийн нам дор байрладаг.

     Шинжлэх ухааны академийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын эрдэмтэд 2019 онд Элст хотгорт хэмжилт хийсэн юм. Тус судалгааны багт орж ажилласан эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Авирмэд агсан “Тус цэг 1942 онд Зөвлөлтийн армийн жанжин штабын, 1950 болон 1960 оны байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ 1980 онд Монгол орны хамгийн нам дор цэгийг далайн түвшнээс дээш 560 метрт орших Хөх нуурын хотгор гээд тогтоочихсон. Учир нь, тухайн үед Номингийн говийн элст хотгор тэртээ баруун хязгаарт, цөл дунд, хилд ойрхон байсан учир очиж баталгаажуулахад хүнд байсан” хэмээн хэвлэлд ярьж байсан юм. Тодруулбал, БНХАУ-ын хилээс 300, хилийн тоот баганаас 560 метр зайд оршдог байна.

     Мөн тэрээр “2019 онд Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн удирдлагууд Шинжлэх ухааны академид албан бичиг ирүүлж, Номингийн говийн Элст хотгорыг нам дор цэгээр тогтоож өгөхийг хүссэн. Ийнхүү манайх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Говь-Алтай аймгийг зорьсон. Тус аймгийн Алтай суманд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GNSS-ийн системээр баталгаажуулсан цэг байдаг. Тэр цэгээс хэмжилт аваад цааш хөөж, хоёр өдөр 100 км хэмжиж нам цэгт очсон хэрэг. Мөн тэндээ найман цаг статик хэмжилт хийж, үр дүнгээ олон улсад хүргэсэн. Тэр хэсэг жинхэнэ цөл учраас ус, ургамал юу ч байхгүй, хайрга чулуутай газар. Тус цэгээс 10 орчим километрт ус, ургамал, амьтан, хүн байдаггүй. Гэхдээ эртний чулуужсан мод энэ хотгорт байдаг” хэмээсэн.

     Энэ цэг Номингийн говийн баруун талын төгсгөлийн хэсэгт хойноос урагш 8.5 км, зүүнээс баруун тийш 11.3 км урт үргэлжилсэн, орчны гадаргуугийн өндрөөс доош 150 орчим метр намд байрлана. Мөн тус цэгийн эргэн тойрны гадаргын өндрийг сонирхуулбал:

  1. Баруун талаараа далайн түвшнээс дээш 661 метрт орших Элс сайрын ар улаан толгой
  2. Зүүн талаараа далайн түвшнээс дээш 725.5 метрт орших Хурц уул
  3. Өмнө талаараа далайн түвшнээс дээш 762 метрт орших Номингийн говийн хойд хар хошууны Элс өндрийн хүрэн толгой

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.