А.Нарангаравуу: Египет орон муухай юм уу гэхээр муухай биш, сайхан юм уу гэхээр сайхан биш
Сайн хүн явснаа
2022-12-07
Египетийн Шарм-Эль-Шейх хотод 11 дүгээр сарын 3-20-ны хооронд болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээгээр үүрэг хүлээсэн орнуудын 27 дугаар бага хуралд оролцоод ирсэн Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн А.Нарангаравуутай аян замын сонин сайхны тухай ярилцлаа.
Шарм-Эль-Шейх хот аялал жуулчлалаараа алдартай. Гэхдээ 2019 оноос жуулчдынх нь тоо буурсан. Харин сая болсон хуралд олон хүн ирсэн учраас хотдоо нэлээд бүтээн байгуулалтын ажил хийжээ. Оршин суугч нартай нь ярилцаж байхад “Хотын бүтээн байгуулалтын 40-50 хувийг сүүлийн зургаан сарын хугацаанд хурал угтаж хийсэн” гэж байна лээ. Биднийг очиход автобусны буудлуудаа жигдэлж, шинэ зам ашиглалтад оруулсан нь мэдэгдэж байсан. Египет болон “COP27” хурлын зохион байгуулалтын сайн, муу талыг нээлттэй яривал олон юм ярихаар байна. Сайн тал нь гэвэл шинээр зам барилга бүтээн байгуулалт хийсэн байна. Сөрөг тал нь гэвэл зочид буудлуудаа хангалттай бэлтгэж чадаагүй. Зочид буудлын үйлчилгээ, захиалга, үнэ Египетэд болсон хурлын нэг сул тал байлаа. Хоёр дахь асуудал нь хурал зохион байгуулж буй газрын хоол муу байсан. Катеринг хийх газар ганц хоёр, кофе нь найруулдаг, сэндвич нь үнэтэй. Нэг сэндвич 14 ам.доллар гэхээр юм авч идэхийн аргагүй. Тиймээс хуралд оролцогч талууд гомдол хэлсэн. Энэ жилийн хурлыг “Coca Cola” ивээн тэтгэж байсан болохоор нэг мэдэхэд бүх уух юмны үнийг тавин хувь хямдруулсан байсан. Тэгээд 11 дүгээр сарын 7, 8-наас ус, хийжүүлсэн ундаа үнэгүй өгч эхэлнэ лээ. Хуралд зориулаад шинэ автобуснууд зургаа долоон чиглэлд 10 минутын зайтай үнэгүй үйлчилж байсан нь сайшаалтай. Гэтэл гурав дахь асуудал нь таксины үнэ байлаа. Өөр нэг сайшаах зүйл нь бараг бүгд англиар ярьж байсан. Хэдий муухан ч гэсэн таксины жолоочоос эхлээд үйлчилгээний хүмүүс нь англи хэлээр ойлголцоод байдаг юм байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцсон Монголын зарим төлөөлөгчид
Шарм-Эль-Шейхт учирсан хүмүүс
Шарм-Эль-Шейх сонин бүтэцтэй хот байна лээ. Улаан тэнгисийн эрэг дагуу оршдог урт нарийхан хот. Далайн эргээ дагаад жуулчны газрууд нь байдаг. Ер нь яг энэ нь хотын төв гэхээр газар байхгүй юм шиг санагдсан. Онгоцны буудлаасаа тав, таван километрийн зайд ресортууд байдаг. Хотынхоо нэлээн доод хэсэгт иргэд нь амьдардаг. Тэнд нь “Хуучин зах” гэдэг сүм бий. “Tonino Lamborghini” гээд том ресортынхоо хажууд үйлчилгээний төв шинээр барьсан байна лээ. Тэнд том том бүтээн байгуулалтууд одоо ч хийсээр байна. “COP27” болсон газрын хажууд “Sharks Bay” гээд маш том амралтын газар барихаар газрыг нь ухаад эхэлжээ. Мөн “COP27” болсон хурлын танхимууд байрлаж байсан газрын талбайн хэмжээ бүр маш том байсан. Нэг хурлаас нөгөө хуралд орохоор алхаад явахад 10-15 минут зарцуулдаг.
Тэнд би сонин хүмүүстэй их тааралдсан. Нэг өдөр явж байгаад “Domino” ресортыг эзэмшдэг хүнтэй танилцлаа. Тэр кувейт хүн өөрөө эхлээд надтай ярилцсан юм. Түрүүн хэлж байсан Шарм-Эль-Шейхт ийм бүтээн байгуулалт болсон гэдгийг надад ярьсан хүн л дээ. Тэр кувейт эр усанд шумбагч, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч юм билээ. Тэр ресортыг 1990-ээд онд 150 мянган ам.доллараар худалдаж авч байсан, одоо бол үнэ нь олон дахин өссөн гэж байна. Яагаад гэхээр тэр нь нэлээд эрэлт ихтэй, далай эрэг дагуух газар “Domino” ресортыг анх итали хүмүүс байгуулсан юм билээ. Тэгээд өндөр түвшний үйл ажиллагааг нь италичууд удирдаж, дунд түвшний зочид буудал, ресортын үйл ажиллагааг нь оросууд хариуцдаг юм байна. Тэр хүн өөрийгөө дэлхийгээр тойрон аялдаг, энэ хотдоо хааяахан ирж суудаг гэж танилцуулсан нь их сонирхолтой байв. Мөн хурлын үеэр олон сонин, содон хүмүүстэй танилцлаа. Тухайлбал Абэ гэдэг малай охин байна. Тэр залуу бүсгүй өнгөрсөн жилийн хурлаас гараад Шарм-Эль-Шейх хүртэл онгоцоор нисэхгүйгээр зөвхөн газраар явж ирсэн бөгөөд замдаа дайрч өнгөрсөн улс орнуудынхаа залууст уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг түгээх аяныг хийжээ. Хамт ажиллаж байсан залуустайгаа ирсэн байсан. Түүний хийсэн аян нэлээн үр дүнтэй болсон байна. Газраар явахдаа тааралдсан арван жилийн сургуулиараа орж сургалт хийгээд, дугуйгаар явахдаа дугуйгаар, алхахдаа алхаад маш адал явдалтай явсан байна лээ. Их бүтээлч төсөл хэрэгжүүлээд дуусчээ гэж бодсон. “COP27” дуусаад Малайз руугаа онгоцоор явсан. Тэндээсээ бас өөр хурлуудад оролцохоор цаашаа дахиад явсан байна лээ.
Шарм-Эль-Шейх хотын "Хуучин зах" сүм
Ажил хийдэг эмэгтэй хүн гэж бараг алга
Бидэнд хурлаас гадна өөр юм үзэх сонирхох боломж хомс байлаа. Өглөө хурал болж буй газар автобусаар очоод, жаахан алхаад хяналтын хэсгээр дамжаад хуралдаа ордог болохоор буудлаасаа эрт гарна. Тэгээд өдөржин хуралд суугаад орой нь 19, 20 цагт тардаг байлаа. Ер нь “COP”-ын хурлууд дандаа ингэж болдог. Долоо хоногт нэг удаа зөвхөн бүтэн сайнд амардаг. Тэр өдөр нь 11 дүгээр сарын 13 байв. Бид тэр өдрийн өглөө эрт Каир руу нисэж очиж пирамид үзээд орой нь буцаж ирсэн. Пирамид, Сфинкс үзээд ирэхдээ хоёр хотыг хооронд нь харьцууллаа. Шарм-Эль-Шейх нь хамаагүй цэвэрхэн, зохион байгуулалт сайтай юм байна гэж бодсон. Каир 30 сая хүнтэй том хот. Хуучин, шинэ гэж хоёр хэсэгтэй. Хуучин Каир маш их хогтой, бохирдол ихтэй хот байсан. Онгоцоор нэг цаг явсан. Ерөөсөө төлөвлөөгүй байж байгаад нэгэнт ирсэн юм чинь пирамид үзье гээд хоёр өдрийн өмнө нислэгийн тийзээ захиалсан юм. Нэг сонин юм нь, онгоцондоо ортол бид нартай ижилхэн ганц амардаг өдрөөрөө хуралд ирсэн бусад орныхон мөн л Каир руу нэг өдрийн аяллаар явж байгаатай таарав. Орон орны улстай тэнд нэг дор тэгж тааралдаж танилцсан.
Каирт жуулчид их байна. Пирамид нь өглөө 8 цагаас онгойгоод 16 цагт хаадаг. Пирамид руу орж үзэх тусдаа тасалбар байсныг аваад дотор нь орж үзсэн. Үзэх, орох тасалбар нийлээд 25 орчим ам.доллар болж байна лээ. Дотор нь ороход нэлээн бүгчим. Маш нарийхан хонгилоор дээшээ мацаж гардаг юм билээ. Модон тавцан дээр жижиг гишгүүр тавьчихсан. Түүгээр нь мацаж гартал нэг дөрвөлжин өрөө шиг юм л байсан. Тэрийг үзчихээд л буудаг. Орохоосоо өмнө зүрх судасны өвчтэй хүмүүст анхааруулга өгдөггүй нь аюултай санагдсан. Халуунд тэсвэргүй, хүчилтөрөгчийн дутагдалд амархан ордог, зүрх судасны өвчтэй хүмүүс пирамид дотор орох юм бол нас барах магадлал өндөр юм байна гэж бодлоо. Дээшээ өгсөх нэг л нарийхан зам бий. Тэрүүгээр хүмүүс зөрдөг. Жишээ болгоод нэг л пирамид руу оруулдаг юм билээ. Тэр нь үндсэн пирамид биш, үндсэн пирамид нь тэрнийхээ хажууд. Нутгийн иргэд нь хөтөч хийх юм. Арабын улсуудад эмэгтэй хүн бараг ажил хийдэггүй дээ. Шарм-Эль-Шейхт очиход ажил хийж байгаа эмэгтэй хүнтэй бараг таараагүй. Бүх жолооч, “COP27”-д ажиллаж байгаа цэвэрлэгч, угтагч гээд ихэнх нь эрэгтэй, настай цөөхөн эмэгтэй л ажил хийж байсан. Хоолны газрын зөөгч, захиалга авагч, цэвэрлэгч бүгд эрэгтэй. Тэгээд гайхаж байтал Каирт очиход эмэгтэй хөтөч ажиллаж байсан. Бид нар эмэгтэй хөтөч хөлсөлсөн юм. Тэр эмэгтэй 10 жил хөтөч хийсэн гэнэ. Арабын улсуудад эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ байх ёстой, эрэгтэй нь ажил хийж ар гэрээ авч явдаг юм байна. Ер нь Египетийн эдийн засгийг бүрэлдүүлэгч гол зүйл нь нэгдүгээрт, байгалийн хий, дараа нь аялал жуулчлал. Энэ пирамид нь улсдаа маш их орлого авчирдаг.
Пирамид дотор
Ганцаараа явбал аюултай
Би Каирт очихдоо хамт явж байсан хүмүүсээсээ салаад сим авахаар ганцаараа гарсан юм. Шарм-Эль-Шейх шиг замаа олоход амархан л гэж бодсон. Гэтэл алхаад явахад эвгүй, аюултай санагдсан. Эмэгтэй хүн задгай хувцас өмсдөггүй ч халуун байсан болохоор би майктай явж байсан. Тэгээд сим авах гэтэл “Дотор өгөхгүй, гадаа хүлээж бай” гээд. Тэгсэн гадаа нь байсан гурван залуу “Хаанаас ирсэн, яасан бэ?” гэх мэтээр юм асууж, шүгэлдэж байх юм. Би хариу өгөөгүй. Ер нь ойр хавьд тоглож байгаа жаахан охидоос өөр эмэгтэй хүн байгаагүй. Тэгэхээр нь эндээс сим авна гэж бүтэхгүй юм байна гээд тэндээсээ такси аваад буцсан. Ганцаараа явахад аюултай санагдлаа. Мөн амьдралын хэв маяг нь сонин. Гудамж нь маш их хогтой. Хар, саарал, тоосондоо дарагдсан, цонх нь хагарсан, нурах шахсан байшингуудтай. Баячуудын гоё хот нь тусдаа бий гэсэн. Хотын төв, пирамид хэсгээрээ дундаж, дунджаас доогуур орлоготой иргэд нь амьдардаг бололтой. Баячууд нь тусгай картаар шинэ хот руугаа нэвтэрдэг, энгийн хүмүүсийг оруулдаггүй гэнэ. Бид тийшээ яваагүй. Хуучин хотод нь ганц нэг алдартай сүлжээ зочид буудал байсан. Гизагаас хотын төв рүү таксигаар явах замдаа хүмүүсийнх нь аж амьдралыг ажиглахад “Яаж амь зогоодог юм бол, ямар ажил хийдэг бол” гэж бодогдсон шүү. Янз янзын л ажил хийдэг юм билээ.
Сайхан муухай нь Энэтхэгтэй төстэй
Каирт юмны үнэ нэмэгдээгүй байсан. Бид нар онгоцны буудлаас “Uber” дуудаад хөтөчтэйгөө уулзахаар тохирсон газартаа очиход 17 километр гаруй зам туулсан юм. Тэгэхэд биднээс 250 паунд авсан. Шарм-Эль-Шейхт бол хоёр, гуравхан километр газар явахад ийм хэмжээний мөнгө авдаг. Монголоор 34 мянга орчим төгрөг гэсэн үг. Эндээс Шарм-Эль-Шейхт юмны үнэ яаж нэмэгдсэнийг мэдэж болохоор байгаа юм. Би Шарм-Эль-Шейхийн Хуучин зах, Нама эргийн жуулчдад зориулсан худалдааны төвөөр орсон. Сүпермаркетаас юм авсан нь дээр юм байна лээ. Хувь хүнээс авахаар хэд ч гэж магадгүй. Бид нар наймаачдаас мэдэхгүй зөндөө юм авчихсан байсан. Гэтэл худалдааны төвд нь гурав дахин хямдхан байсан. Харин Каирын худалдаа үйлчилгээний төвөөр явж үзээгүй. Оройн хоол идчихээд л буцсан. Нил мөрний эрэг дагуу усан онгоцтой хоол, орчин үеийн ресторанууд нээгджээ. Египет муухай юм уу гэхээр муухай биш, сайхан юм уу гэхээр сайхан биш. Энэтхэгтэй төстэй санагдлаа. Зам гарах гээд зогсож байхад нийтийн тээврийн автобус нь ирсэн юм. Ямар ч гэрэлгүй, дүүрэн хүн чихчихсэн жижигхэн автобус байсан. Хүмүүс нь “Хүлээгээрэй, сууя!” гээд орилолдоод л. Иргэдийнх нь амьдрал тэр хэсэгтээ бол их хэцүү юм билээ.
Хурлын төлөөлөгчдөд зориулсан амралтын хэсэг
Буудлаас буудалд
Каирт дөрөв, таван одтой буудлууд нь 80-150 орчим ам.долларын үнэтэй байсан. Шарм-Эль-Шейхт болохоор яг ийм буудлууд нь 600-800 ам.доллар. Хурлын үеэр жирийн үеэсээ хэд дахин үнээ нэмсэн хэрэг. Тэгсэн хэрнээ үйлчилгээ муутай. Бид нар байрлах зочид буудал дээрээ алдсан шүү. Эхлээд байрлах байраа “Airbnb”-ээр захиалчихсан байв. Гэтэл Засгийн газраас нь хувиараа байр түрээслэх үйлчилгээнүүдээ зогсоохыг шаардсан юм билээ. Тэгээд байр захиалсан хүн над руу залгаад “Та захиалгаа цуцлаад өгөөч. Би оронд нь өөр газар олж өгье” гэсэн. Гэвч олигтой байр олдоогүй. Захиалгаа цуцлахад хүргэсэнд санаа нь зовсондоо биднийг үл хөдлөхийн зууч найзтайгаа танилцуулсан юм. Найз нь биднийг “Дажгүй байр олсон. Энд орчих” гэсэн боловч очоод үзэхэд сөнөсөн балгас шиг, бүр огт цэвэрлэхээ больсон тийм газар байсан. Тэгээд бидэнд араб цай, ус уухыг санал болгож, тийм байдалд хүргэсэндээ санаа нь зовсон. Тэгж байгаад би дөрвөн одтой буудал олсон юм. Тэр залуу биднийг зочид буудалд машинаараа үнэгүй хүргэж өгөөд буудлын захиалгаа баталгаажуулахад тусалсан. Тэр хүн бараг бидний уулзсан ганц сайхан сэтгэлтэй хүн байлаа. Египетчүүд ер нь хүнийг залилах, ашиглахдаа сайн юм билээ. Бид тэндээ хоёр хоноод өөр буудал руу явсан. Дөрвөн одтой цэвэрхэн буудлууд нь нэг хоног нь 350 ам.доллар. Миний Шарм-Эль-Шейхт ажлаар очсон хугацааны үлдсэн нь тэндхийн буудлуудтай танилцах танин мэдэхүйн аялал болоод дууссан. Бид тав зургаан буудал хэссэн. Тухтай байрлах газар олдохгүй, хамгийн муугаас сайн хүртэл нь явж үзлээ. Хамгийн эхэнд “Domino” гээд түрүүн ярьсан италичуудын ажиллуулдаг газар байрлаад, дараа нь Нама эргийн хажууд “Ona’s dive” гээд клубын хувийн барилгад байсан. Ингээд л яваад байлаа. Зочид буудлууд нь урт хугацаагаар байлгахгүй байсан хэрэг.
Шарм-Эль-Шейх хотын дөрвөн одтой зочид буудлын усан сан
Хоол ба байгаль
Далайн хоол, веган хоол ихтэй. Ер нь шошны хэрэглээ их өндөр юм билээ. Бас амттан их иддэг. Самар их иднэ. Хүмүүс нь их тарган байгааг би амттантай холбоотой байх гэж бодсон. Дээр нь чихэр, чанамал түрхсэн нарийн боов ихтэй. Тэрийгээ араб цай, кофетой хамт их хэрэглэдэг. Жимс хямдхан, манго нь их том. Захаас нь тор дүүрэн жимс авахад ердөө таван ам.доллар л болсон. Тахианы мах их идэх юм. Сүү, цагаан идээ ихтэй. Шошны өтгөн нухаш төрөл төрлөөрөө. Түүндээ талх, гамбир мэтээ дүрж иддэг. Далайн хоол нь их амттай байсан.
Цаг агаар нь хуурай халуун, байгаль нь цөл далай хоёрын хослол юм. Уул нь манай баруун аймгуудын, Ховдын уултай адилхан санагдсан. Модгүй, хад шороон уултай юм билээ. Ямар ч ургамалгүй цөлөрхөг газар их. Тэнд нь байгалийн цогцолборт газрууд хэд хэд байна. Бид тийшээ явж чадаагүй. Манайхаас очсон олон улсын байгууллагынхан тэр цөл дундах байгалийн цогцолборт газарт нь очиж сургалтад суугаад, хоол идсэн гэсэн.
Төрийн тэргүүдийг нэг дор харсан нь
“COP”-ын дээд хэмжээний уулзалт хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь төрийн тэргүүнүүдийн уулзалт юм. Тэр нь 11 дүгээр сарын 7, 8-нд болсон. Харин Сайд нарын бага хурал буюу 11 дүгээр сарын 14, 15-нд болсон хурал нь хоёр дахь хэсэг нь. Төрийн тэргүүнүүдийн цуглах танхим хамгаалалт өндөртэй байдаг. Энэ жил харьцангуй гайгүй байна. 11 дүгээр сарын 8-нд манай ерөнхийлөгч үг хэлсэн. Түүний өмнөх орой би танхимд 16-22 цаг хүртэл орж суусан юм. Маш олон улсын төрийн тэргүүнүүд үг хэлсэн. Английн ерөнхий сайдын үгийг сонслоо. Тэд асуудлаа сайн мэддэг, улс төрч гэдэг өнцгөөсөө бус энэ асуудалд ач холбогдол өгч байгаа хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аль хэзээний арга хэмжээ аваад эхэлсэн хүмүүс тодорхой. Жүжиглэх юм байхгүй. Маш шүүмжлэлт байрнаас ханддаг. Тэд Парисын гэрээний хугацаа дөхлөө, юу ч хийж эхлээгүй улсууд байна гэдгийг онцолж байсан. Эргийн болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улсын орнууд бас энэ асуудлыг нэлээн хөндсөн. “Алдагдал, хохирлын сан”-г олон өдөр хэлэлцэж хэлэлцэж, байгуулахаар болсон. Английн ерөнхий сайд үг хэлсний дараа шал доргиод гэнэт л “пир пар” гээд явчихлаа. Хартал сэтгүүлчид яриа авахаар шавчихсан байсан.
Төрийн тэргүүн, элч төлөөлөгчид нь их энгийн хүмүүс байна. АНУ-ын хувьд “Дэлхийн метаны үүрэг амлалт”-ыг өнгөрсөн жил санаачилж манайх энэ онд нэгдсэн юм. Манай улсыг үүнд нэгдсэнийг онцолж байна лээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жон Кэрри одоо АНУ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элч, Ерөнхийлөгчийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн албаны даргыг хийж байгаа. Америк хоёр тусгай элчтэй гэсэн үг. Ж.Кэрри сүүлийн хоёр өдөр хэлэлцүүлгийн дүгнэлт хийхэд арын суудалд сууж байв. Ер нь бол дэлхий дахинд нэртэй олон хүний барааг энэ хурлын үеэр харлаа даа.
Хурлын танхим
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.