Хятад: Дэлхийн хамгийн олон хүн үздэг телевизийн нэвтрүүлэг хяналтын тоглолтоо хийв
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
Хятадын Төв радио, телевиз буюу “China Media Group”-ээс жил бүр зохион байгуулдаг Сар шинийн баярын нэвтрүүлгийн дөрөв дэх удаагийн хяналтын тоглолт өчигдөр болов. Хятад даяар тэсэн ядан хүлээдэг соёлын чухал үйл явдал, Сар шинийн баярын оргил медиа арга хэмжээ болох энэ удаагийн нэвтрүүлгийг дэглэхдээ уламжлал хийгээд инновацийг хослуулсан хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна. Хамгийн сүүлийн үеийн AR болон VR технологийг ашигласан өргөн далайцтай энэ телевизийн шоу нь Хятадын олон зуун сая үзэгчдийг, ялангуяа залуу үеийнхнийг татахын тулд дуу, бүжиг, сонгодог дуурь, хошин шог зэрэг уламжлалт олон төрлийн хөтөлбөрийг интерактив элементүүдтэй нэгтгэжээ. Тухайлбал, Бээжин болон Хөнанийн уламжлалт дуурийн тоглолтыг үзүүлэхдээ дижитал интерактив, голограф проекц зэрэг хамгийн орчин үеийн мультимедиа хэрэгслүүд, тайзны эффектүүдийг ашиглаж байгаа аж. Билгийн тооллоор ирэх жил могой жил тул нэвтрүүлгийн албан ёсны бэлгэдлээр ногоон өнгийн могойг сонгожээ.
Албан ёсоор бол Чунван буюу “Хаврын баярын гала тоглолт” хэмээн нэрлэдэг энэ нэвтрүүлгийг анх CCTV телевиз 1983 онд толилуулсан юм. Улмаар энэ нь Сар шинийн баяраар хятад айл бүрийн заавал үздэг нэвтрүүлэг, уг баярын нэгэн салшгүй хэсэг, нандин уламжлал болсон байна. Мөн дэлхийн хамгийн олон хүн үздэг телевизийн шоу болж Гиннесийн номд бичигдсэн бөгөөд 2018 онд Хятад болон хилийн чанадад үзсэн хүний тоо нэг тэрбумыг давжээ. Дэлхийн хэмжээний одод энэ шоунд оролцсон нь нэг бус бөгөөд тэдний анхных нь Канадын дуучин Селин Дион байв. Тэрбээр 2013 онд шоуны тайзнаа гарч Хятадын нэртэй дуучин Сүн Жюиньтэй хамтран “Мэлрэг цэцэг” хэмээх алдартай хятад дуунаас гадна “Titanic” киноны дуу гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан “My Heart Will Go On” дуугаа дуулсан юм.
“Хаврын баярын гала тоглолт”-ын үзүүлбэрт анх Хятадын уламжлалт дуурийн тоглолт, ардын дуу зонхилдог байсан бол улмаар хошин шогийн тоглолт нэмэгдэж, 1990-ээд оноос урлагийн олон төрлөөр баяжин, олны танил хүмүүсийг оролцох болжээ. Тэгвэл 2000-аад оноос поп хөгжим гэх мэт орчин үеийн урлаг, шинэ үеийн чиг хандлагыг чухалчлан тусгах болсон бол 2020-иод оноос VR технологи, 3D гэх мэт өндөр технологийн арга хэрэгслийг түлхүү ашиглах болсон байна.
Гала тоглолт Сар шинийн битүүний өдрийн оройн 20 цагаас дотооддоо CCTV-1 сувгаар цацагдах бол хилийн чанадад CGTN (China Global Television Network) суваг дамжуулна. Мөн Хятадын үндэсний радио болон онлайн платформуудаар нэгэн зэрэг цацагдах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.