Газын зурваст гал зогссоны өнөөдөр, маргааш
Анд нөхдийн мэдээ
2025-01-16
Катарын нийслэл Доха хотод сүүлийн хэдэн өдөр болсон хэлэлцээний үр дүнд Израиль улс, Палестины ХАМАС бүлэг харилцан тохиролцоонд хүрч Газын зурваст гал зогсоохоор боллоо. АНУ, Египетийн хамтаар хэлэлцээг зуучлан зохион байгуулсан Катар улсын ерөнхий сайд Мухаммед бин Абдулрахман Аль Танийн өчигдөр мэдэгдсэнээр, гал зогсоох хэлэлцээр 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд талууд эхний ээлжинд 42 өдөр буюу зургаан долоо хоногийн хугацаатайгаар гал зогсоохоор болжээ. Энэ хугацаанд Израиль юуны түрүүнд Газын зурвасын ихэнх хэсгээс цэргээ гаргахын зэрэгцээ хоёр тал олзонд болон барьцаанд байгаа хүмүүсийг суллана. Мөн тус зурваст нэвтрэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийг эрс нэмэгдүүлэх үүргийг талууд хүлээжээ. Хэлэлцээрийн хоёр, гурав дахь шатанд чухам ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг “Нэгдүгээр ээлж үргэлжлэх хугацаанд багтааж шийдвэрлэнэ” хэмээн Катарын ерөнхий сайд мэдэгдсэн байна. “Бид түншүүдийнхээ хамтаар чадах бүхнээ үргэлжлүүлэн хийнэ” хэмээн тэрбээр хэлээд, хэлэлцээрийн заалтууд дээр зуучлагч талууд 411 өдрийн турш ажилласныг тэмдэглэжээ.
ХАМАС бүлэг хэлэлцээрийг “эрс эргэлтийн цэг” хэмээн нэрлэсэн бол Израилийн Засгийн газар хэлэлцээрийг хэрэгжүүлэх явдлыг зөвшөөрөх эсэхээ ойрын өдрүүдэд санал хураалтаар шийдэх юм.
Израилийн цэрэг Газаас гарах уу?
Хэлэлцээрийн дагуу Израилийн цэрэг эхний ээлжинд Газын зурвасын хүн ам илүүтэй төвлөрсөн хэсгүүдээс гарах боловч Египетийн хилийн дагуух “Филадельфийн коридор” хэмээх 14 км урт зурваст хэвээр байхын зэрэгцээ Газын зурваст тодорхой газар нутаг эзлэх жийргэвч бүсэд мөн тодорхойгүй хугацаагаар байх ажээ. Мөн Газын зурвасын ялангуяа хойд хэсгээс дүрвэн гарсан палестин иргэдэд гэр орондоо буцаж ирэх бололцоог энэ хэлэлцээр олгоно. Аль Танийн мэдэгдсэнээр, ийш нэвтрэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй болгон эрс нэмэгдүүлэх үүргийг талууд мөн хүлээжээ. Газын зурваст эмнэлэг, хүнсний тусламж яаралтай зохион байгуулах боловч эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хүсвэл уг нутгаас гарч явж болохыг Аль Тани мөн тэмдэглэсэн байна.
Хэнийг суллах вэ?
Хэлэлцээрийн эхний ээлжийн хүрээнд ХАМАС болон түүнтэй холбоотон зэвсэгт бүлгүүд эмэгтэй цэргийн болон энгийн хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай 33 хүнийг юуны түрүүнд суллах бөгөөд тэднийг Израилийн олзонд байгаа тодорхой тооны палестин хүмүүсээр солилцоно. Тэдгээр 33 хүний дунд америк иргэд байгааг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдэн тэмдэглэсэн байна. Хэд хоногийн давтамжтайгаар ямар нас, хүйсний хэчнээн хүн суллахыг хэлэлцээрт нарийн тусгасан бөгөөд улмаар эхний зургаан долоо хоногийн хугацаанд ХАМАС бүлэг олзонд байгаа бүх хүнийг чөлөөлөх бол Израилийн тал харилцан тохиролцсон тооны палестин иргэдийг шоронгоос суллахаар тусгажээ.
ХАМАС ба түүний холбоотнууд мөргөлдөөн эхэлсэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израилийн талаас 94 хүнийг барьцаалан авсан бол тэдний дор хаяж 34 нь амиа алдсан гэж Тель-Авив үздэг. Барьцаанд буй хүмүүсийн 81 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй бол 84 нь израильчууд, харин 8 нь Тайланд, нэг нь Балба, мөн нэг нь Танзанийн иргэн юм. Үүн дээр нэмж дөрвөн хүн яригддаг нь ХАМАС-т 2014 онд барьцаалагдсан хүмүүс бөгөөд хоёрыг нь хэдийнэ нас барсан гэж үздэг байна.
Газын зурваст олзлогдсон авсан хүмүүсийн тоог оруулахгүйгээр Израильд наад зах нь 10 мянган палестин иргэн хоригдож байгаа хэмээн Палестины тал үздэг. Тель-Авивын дүн мэдээгээр захиргааны шийтгэлтэй гэх 3376 палестин иргэн Израильд байгаагийн 95 нь хүүхэд, 22 хүүхэд ажээ.
Хэлэлцээрийн үргэлжлэл хэрхэн өрнөх вэ?
Гал зогсоох хэлэлцээрийн хоёр, гурав дахь шатанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдүгээр үе үргэлжлэх хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үйл явц хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойшх 16 дахь өдөр эхлэх ёстой. Нэгдүгээр үе дуусаны дараа гал зогссон хэвээр байх баталгаа үгүй. Израилийн тал барьцаанд байгаа хүмүүсээ нэгийг ч үлдээлгүй авч байж хэлэлцээрийн хоёр дахь шатыг авч хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд хэрвээ энэ нь амжилттай болбол Израилийн цэрэг Газын зурвасаа бүрэн гарах үүд хаалга нээгдэх аж. “Хэлэлцээрийн хоёр, гурав дахь шат нь барьцааны хүмүүсийг бүрэн суллах, Газын зурвасын бүтээн босгох ажлыг эхлүүлэх явдал байна” хэмээн зуучлагч тал болох АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдэн өчигдөр хэлжээ. “Хоёрдугаар шат эхэлмэгц, үлдсэн бүх барьцааны хүмүүсийг суллах, Газын зурваст үлдсэн Израилийн бүх цэргийг гаргах, улмаар түр гал зогсоох явдал нь бүрмөсөн гал зогсоох явдал болж өөрчлөгдөх үйл явц өрнөх ёстой. Эцэст нь буюу хэлэлцээрийн гурав дахь шатанд, амиа алдсан барьцааны хүмүүсийн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Газын зурвасын өргөн хэмжээний сэргээн босголт эхэлнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Зуучлагчид юунд найдаж байна вэ?
Катарын ерөнхий сайд CNN-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, хэлэлцээрт зуучлагч АНУ, Египет, Катар гурван улс хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих механизмыг бий болгон Каир хотод ажиллуулна гэдгийг хэлжээ. Энэ механизм нь гурван улсын хамтарсан баг байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сард гал зогсоох хэлэлцээр ердөө нэг долоо хоног хэрэгжээд бүтэлгүйтсэн шиг явдал энэ удаа давтагдахгүй хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мэдээллийн эх сурвалж: CNN агентлаг
Гэрэл зургийн эх сурвалж: BBC агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.