“Зуун жилийн ганцаардал”-аар бүтээсэн кино гарч эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-13
Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркэсийн “Зуун жилийн ганцаардал” зохиолоор бүтээсэн олон ангит кино “Netflix” сувгаар өнгөрөгч лхагва гарагаас гарч эхэллээ. Колумбын найруулагч Алекс Гарсиа Лопэсийн бүтээсэн уг кино хоёр бүлэг, нийт 16 ангитай бөгөөд нэг бүр нь 59-68 минут үргэлжлэх эхний 8 анги нь ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Г.Маркэс зохиолоор нь кино хийвэл санаанд нь хүрэхгүй хэмээн эмээж байсан тул эрхийг нь худалдахгүй байсаар 2014 онд нас барсан бөгөөд “Netflix” компани уг эрхийг 2019 онд авсан юм. Зохиолчийн гэр бүлийнхэн киноны зургийг Колумб улсад авах, колумб найруулагч найруулах, колумб жүжигчдийг тоглуулах, киног испани хэл дээр хийх зэрэг болзол тавьж уг эрхийг худалдсан юм.
Киноны жүжигчдийн сонгон шалгаруулалт 2022 оны дундуур эхэлж, 25 үндсэн дүрд тоглуулахаар 10 мянган хүнийг шалгасны ердөө 30 хувь нь мэргэжлийн жүжигчид байв. Зураг авалт 2023 оны 5-12 дугаар сард үргэлжилсэн бөгөөд зохиолын бүх үйл явдал өрнөдөг Макондо тосгоныг Колумбын Толима мужийн Альварадо хотод зохиомлоор байгуулж, киноны туршид дөрвөн өөр цаг хугацааг харуулахаар тохижуулжээ. Зураг авалтад жүжигчдээс гадна 600 гаруй хүн оролцон ажилласан байна. Бэлэн болсон киноны эхний хоёр ангийг өнгөрөгч 11 дүгээр сарын 22-нд Испанийн Мадридад хаалттай үзүүлсэн бол долоо хоногийн дараа Мехико хотын нэгэн номын санд нэгдүгээр ангийг гаргажээ. Улмаар өнгөрөгч 6-ны өдөр Хаванагийн кино наадамд мөн эхний хоёр ангийг үзүүлсэн билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: en.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.